Д.Эрдэнэбат: Коронавирусийн үед хэт өндөр торгууль ногдуулж, ял шийтгэл оноох нь буруу
УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоног АН-ын гишүүн болсон бөгөөд УИХ дахь АН-ын зөвлөлд элсэх хүсэлтээ өгсөн тул зөвлөлийг бүлэг болох хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлнэ гэв.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Бидний зүгээс ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй санал оруулахаар шийдвэрлэсэн.
Коронавирусийг далимдуулж хэрхэн ял шийтгэл оноох вэ гэж хэт хэлбийсэн хууль боллоо гэж бодож байна. Бидний өргөн барьсан хуулийн төслөөс 8-9 зүйл заалтыг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуульд оруулсан заалтыг давхардуулсан байна. Иргэдийн амьжиргаа доголдсон энэ үед хэт өндөр торгууль ногдуулж, хэн нэгэнд ял шийтгэл оноох нь буруу. Зөрчлийн тухай хуульд сануулах заалт оруулах нь зүйтэй.
Өнгөрсөн долоо хоногт О.Баасанхүү гишүүн АН-ын гишүүн болсон. О.Баасанхүү гишүүн албан ёсоор АН-ын Зөвлөлд элсэж, найман гишүүнтэй бүлэг буй болж байгаа талаараа энэ долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх Пүрэв гарагийн чуулганаар энэ асуудлыг албан ёсоор ярина." гэв.