Хууль бус мөнгөнд хутгалдсан АН-аас лидерүүд нь зугтлаа
Улс төрийн намын тухай ярихын тулд юуны өмнө лидерүүдийг нь дурдах шаардлага зүй ёсоор гарна. Учир нь ямар нэг манлайлагч, үлгэр дууриал үзүүлэх бүрэлдэхүүнгүйгээр аливаа намыг төсөөлөхөд бэрх. Итгэл үнэмшил, манлайлах чадвар талаасаа ч тэр.
Энэ үүднээс нь үзвэл АН ерөнхийдөө албан бусаар татан буугдаж эхлэв бололтой. УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ид өрнөж буй энэ үед АН-д лидер гэхээр хүн үлдсэнгүй. Өнгөрсөн хугацаанд намын нэр, нүүр болж явсан эрхмүүдийн олонх нь хашиж явсан албан тушаал, хийж явсан ажил хэрэгтэйгээ холбоотойгоор хууль хяналтын байгуулагаас “уяатай” болсон. Гэтэл үлдсэн хэд нь намаасаа гарч, бие даан нэр дэвшихээр болсноо зарлаж. эхлэв. Төдийгөөс өдийг хүртэл АН-ын гэх тодотголтойгоор ажиллаж, амьдарч ирсэн тэдний хувьд намаасаа татгалзах нь тийм ч таатай шийдвэр биш байсан нь ойлгомжтой. Гэвч АН-ын удирдлага ба өнөөдөр явуулж буй үйл ажиллагаа зэрэг нь тэднийг энэ намаас эрхгүй түлхэв бололтой. Учир нь АН-ыг өдгөө татан буулгах, улмаар УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэдгийг хуульчид илэрхийлж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй улстөрийн зарим намын зүгээс АН-аас сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, сонгуульд оролцуулахгүй байхыг шаардаж эхлээд байна. Тодруулбал, Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх шаардлагыг өнгөрсөн баасан гарагт СЕХ-нд хүргүүлсэн юм. Энэ тухайд тэрбээр “Монголын төрийг арилжихаар санаархаж буй АН-ын энэхүү үйлдэлд СЕХ үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Улмаар улс төрийн намуудыг сонгуульд оролцуулах эсэхийг авч хэлэлцэхдээ бидний зүгээс өгсөн шаардлагыг харгалзан үзэх ёстой" хэмээсэн. Түүний хэлсэнчлэн Монголын улс төрийн төдийгүй хууль эрх зүйн хүрээнд АН-ынх шиг “төр наймаалцах ажиллагаа”-г ил тодоор зарлан явуулж, сонгуулийг намдаа их мөнгө босгох арга хэрэгсэл болгон хувиргаж байсан түүх үгүй.
Тийм ч учраас ийнхүү хуульчид, улстөрчид төдийгүй АН-ын өөрийнх нь гишүүд эсэргүүцлээ илэрхийлээд зогсохгүй бие даан нэр дэвших сонголтыг хийж эхлэв. Энэ нь мэдээж, Үндсэн хуулиас гадна Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг уландаа гишгэн, горилогчдоосоо хурааж эхэлсэн 100 сая ба түүнээс дээших мөнгөтэй шууд холбоотой.
Товчхондоо, АН-д үлдсэн цөөхөн хэдэн лидер нь дээрх хууль бус мөнгөнд хутгалдахгүйн тулд ийнхүү намаасаа татгалзах шийдвэрт хүрэв бололтой. Сонгууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу улс төрийн нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 24-ний дотор СЕХ-нд хүргүүлэх учиртай. Үүний дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэн, сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ. Харин ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй хүмүүс энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө бэлэн болгосноор Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн хугацаатай. Үүний дагуу өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын дарга асан Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа нар мөрийн хөтөлбөрөө хянуулахаар аудитад хүргүүллээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааныг ч бие даан нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл гарч байна. Хэдийгээр энэ нь хэдхэн хүний нэр мэт харагдавч АН-д үлдсэн цөөн хэдэн лидер нь дээрх хүмүүс байв.
“АН нэр дэвшигчдээсээ 100 саяыг хурааж байгаа нь хууль бус” гэж зарлаад хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэсэн атлаа “Би 100 саяа тушаасан” хэмээн мэдэгдэж буй залуучуудын дэргэд 100 саятай хутгалдахгүйгээр намаасаа татгалзан, бие даан нэр дэвшихээ зарласан дээрх эрхмүүдийн үйлдэл алсын хараатай байж болох юм.
Учир нь хэрэг хуучирдаггүй. Хэдийгээр АН эхний шатны гэрээгээр 100, хоёр дахь шатныхаар 300-400 саяыг хураагаад сонгуульд оролцсон ч хэрэг замхрахгүй. Хийсэн үйлдэл, хэлсэн үг нь баримт болон үлдэнэ. Тэр цагт хууль бус гэдгийг нь мэдсээр байж, хүлээн зөвшөөрөөд 100 саяыг тушаасан залуус ч хуулийн байгууллагууллын хаалга татахыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас өчигдөр, өнөөдрийн ялгааг тайлах чадвартай улстөрчид нь ийнхүү С.Эрдэнэ ба АН-аас зайгаа барьсан байж болох юм. АН-аас татгалзсан дээрх эрхмүүдийн өнгөрсөн түүхийг эргэн харвал бүгдээрээ АН-ыг анхлан байгуулж, төдийгөөс өдийг хүртэл ардчиллаар овоглож иржээ. Гэхдээ энэ нь тэднийг АН-тай насан туршид нь наачихсан гэсэн үг биш бөгөөд хууль зөрчсөн үйлдлийг ч өөгшүүлэх шалтгаан болохгүй нь тодорхой. 100 саяар бүгдийг үргээж, лидергүй үлдсэн АН-д одоо хэн үлдэв. Тэд ээлжит сонгуульд ямар дүн үзүүлэх вэ. Иргэд, сонгогчид хэнд, ямар бодлогод санал өгөх вэ гэдэг асуулт тун бүрхэг үлдэж байна.
Асар их хэмжээний дэнчин төлж байж, сонгуульд өрсөлдөх эрхээ аваад олон нийтийн өмнө очсон АН-ын гишүүнээс сонгогчдын асуух эхний асуулт нь “100 ба түүнээс дээших сая төгрөгөө хэрхэн босгосон бэ. Төрд гараад түүнийгээ хэд нугалж олох вэ” гэдэг асуулт байх нь дамжиггүй. Эхний асуултдаа бүдэрч мэднэ гэдгээ сайтар ойлгож байгаа ч намын даргынхаа тулган шаардалтад орж, мөнгөө тушааж эрхээ авсан АН-ын залуусыг “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага”-тай зүйрлэж болох юм. Ийнхүү лидергүй үлдсэн АН-аас нэр дэвших хүмүүсийн жагсаалтыг харвал олигтой дүр зураг харагдахгүй нь. МАХН-аас урваж, АН-д элсээд удаагүй О.Баасанхүү, “Гэр бүлийн хүчирхийлэгч, ёс бус авирлагч” гэх тодотголтойгоор сошиалд од болсон Д.Сүндий. Сонгуулийн хуулийн дагуу СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсны дараа хандив цуглуулж эхлэх ёстой байтал өөрийнх нь хэлснээр “Найзуудтайгаа хоол идэж сууж байгаад 100 саяын хандив авчихсан” О.Магнай, 100 саяыг тушаасан атлаа нэмж 300-400 саяыг хураалгахаас татгалзаж буй, “хил дамнуулан машин наймаалагч”-ийн нэрээр олонд танигдсан Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс энэ удаагийн сонгуульд АН-ыг төлөөлөх нь. Цааш нь үргэлжлүүлбэл АН-аас нэр дэвшигчдийн зураглалд таагүй хандлага давамгайлах нь дамжиггүй. Хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байтал 100 саяа тушаачихсан. Хандивын хэмжээг хувь хүн 1-5, аж ахуйн нэгж, байгууллага бол 10-20 саяар хязгаарласан атал хэд дахин давуулаад авчихсан, лидерүүд нь энэ хууль бус ажиллагаанаас зайгаа бариад зугтчихсан АН ба түүний нэр дэвшигчдийн хувь заяа хэрхэн эргэхийг харах л үлдлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин