Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой 10 орчим хуулийг тавдугаар сард багтаан хэлэлцэнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн. Мөн коронавирустэй холбоотой бие даасан хууль батлахтай холбоотойгоор төслийн талаар санал солилцсон. Цаг үеийн асуудал болон ноолуурын үнэ, хаврын тариалалтын бэлтгэх ажлыг хангах чиглэлээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн.
Энэ тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байгаагаас 10 орчим хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг хуулиудыг хэлэлцэх шаардлагатай учраас тавдугаар сардаа багтаан хэлэлцэж дуусгахаар бүлэг зөвшилцсөн" гэв.