МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагахаар болжээ
УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар шийдэлд хүрч чадсангүй. Учир нь бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Н.Номтойбаярын гишүүний тайлбарыг сонслоо. Бүлгийн эцсийн шийд гараагүй, түр завсарласан. Н.Номтойбаяр гишүүний асуудлыг УИХ-д нууцын нууцлалын зэрэглэлтэй өргөн барьсан. Тиймээс хаалттай хуралдсан. Мөн Халдашгүй байдлын дэд хороо 15:30 цагаас хаалттай хуралдана.
Халдашгүй байдлын дэд хороо нь анхнаасаа таван гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад хуралдъя гэж шийдсэн юм байна лээ. Өнөө өглөө Ч.Улаан сайд ирсэн тул хуралдахад бэлэн. Бүлгийн хурлаар олон талын мэдээллийг сонссон байгаа.
Намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ намын даргын хувьд Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө өргөдлөө өгөөд, шалгуучих гэсэн хүсэлт тавьсан. Гишүүн өөрөө ч дахин бодож үзье гэсэн байгаа." гэв.
Ийнхүү 15:30 цагт товлогдсон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Н.Номтойбаярыг гишүүн хэвээр үлдэх үү, гурван эрүүгийн хэрэгт шалгуулж цагдан хоригдох уу гэдгийг шийдэх юм.