Н.Алтанхуяг нам байгуулснаа зарлах уу?
АН дотроос дахин нэг нам төрөх сураг дуулдаж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өрх тусгаарлаж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ тухайгаа олон нийтэд зарлах гэнэ. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр жил гаруй хугацаанд ажиллаж буугаад АН дотор эрс шинэчлэл хийнэ хэмээн намынхаа дарга С.Эрдэнэтэй нэг хэсэг үзэлцсэн. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тэрээр улс төрийн дараагийн нүүдлээ шинэ нам гэж харсан бололтой.
Тэгвэл Н.Алтанхуягийн нам улс төрийн хүрээнд ямар үзэл баримтлал, өнгө аястай байх бол. Түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нартай тун ойрхон ажилладаг. Тэгэхээр тэдний зүгээс намд нь ямар нэгэн нөлөө байна уу гэдэг нь анхаарал татаж байна. З.Энхболдыг өнгөрсөн хугацаанд ЕТГ-ын даргын ажлаа өгнө, АН-ын дэд даргаар очно хэмээн нэлээд ярьсан. ЕТГ-ын дарга болох дараагийн хүнээ сонгосон гэдгээ ч тэрээр мэдэгдэж байв. Гэсэн ч одоог хүртэл АН-даа эргэж очоогүй байна. Нам нь хүлээж авахгүй байна уу, аль эсвэл Н.Алтанхуягийн намд очихоор бэлтгэл хангасан ч байж болох юм.
Нөгөө талаар АН-ын зүгээс З.Энхболдыг хүлээж авахгүй байх шалтгаан бий. Учир нь тэрээр 2016 оны сонгуульд намаа удирдаж ороод ялагдсан. Тэгэхээр дэд даргаар сонгох гэхээс илүүтэй хариуцлагын асуудал яригдаагүй өнгөрсөн. Энэ бүхнээс харахад Н.Алтанхуягийн шинэ нам АН дотор нэлээд том хагарал болж мэдэхээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.25 Даваа №234, 235 (6201, 6202)