ХҮНам: Цэцийн дарга гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, огцрох хэрэгтэй
Хөдөлмөрийн үндэсний намаас ҮХЦ-ийн даргыг огцруулах шаардлагыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Улсын их хуралд өгсөн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух ёстой, эс бөгөөс УИХ түүнийг эгүүлэн татах ёстой хэмээн мэдэгдлээ.
ХҮН-ын гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл “Өнөөг хүртэл өндөр албан тушаалтнууд алдаатай, буруутай үйлдэлдээ уучлалт гуйж сураагүй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, огцрох хэрэгтэй. Энэ нь нийгэмдээ ёс зүйн хэм хэмжээг тогтооход нэмэртэй гэж үзэж байна. Өндөр албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйгүй үйлдлийг давтан гаргаад байхаар нийгэм төлөвшиж, соёлжиж, хөгжиж чадахгүй байна. Иргэдэд ёс зүйн үлгэр дуурайлал үзүүлэхийг шаардаж байгаа” гэв.