Улаанбаатар утаатай байх нь АН-д ашигтай юу?
Утааны асуудал улс орны эрх ашиг гэхээсээ илүү намуудын хувьд улс төрийн тоглолт хийх нэг сэдэв болсоор ирсэн. Одоо ч энэ асуудал үргэлжилж байна. МАН –ын зүгээс нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглож, шахмал түлш үйлдвэрлэж, нийлүүлэх аргыг сонгон хэрэгжүүлж байна. Энэ асуудал дээр алдаа оноо байгаа нь үнэн. Гэхдээ гадаа дулаахан болоод ч тэр үү утаа нэлээд багасчээ. Гэхдээ АН-ын зүгээс МАН-ын хэрэгжүүлж байгаа агаарын бохирдлыг бууруулах шахмал түлшний аргыг төдийлөн сайшаахгүй байгаа.
Нөгөө талаар энэ нь Улаанбаатар утаатай байх нь АН-д ашигтай болж харагдаад байгаа юм. Үүний нэг илрэл нь НИТХ дахь АН-ын бүлгээс сайжруулсан түлшний асуудлаар энэ сарын 4-нд нийтийн сонсгол зохион байгуулах юм. Гарц шийдэл, ажил хэрэг ярихаас илүү нэлээд улстөржсөн уур амьсгалтай болох сураг дуулдаж байна.
Уг нь бүлгийн дарга Ц.Баатархүү “…Албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээллүүд бүгд зөрүүтэй байна. Нэгдсэн мэдээлэл өгөөч гэж дүүрэг, дүүрэг дэх иргэдээс санал, гомдол ирсээр байна. Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, албаныхныг цуглуулсан нийтийн сонсголыг хийх ёстой” гэсэн байна. Энэ нь нэг Төрийн бүх мэдээлэл нээлттэй байх учиртай. Иргэд мэдэх эрхтэй. Гэхдээ сонгууль тулсан. Нөгөө талаар тэд нөгөө л аргаа хэрэглэж, улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж мэднэ.
Ер нь сайжруулсан шахмал түлш яг ямар үр дүн үзүүлэхийг өнөөдөр дүгнэхэд эрт байгаа юм. Тун удахгүй хэдхэн хоногоос АН-тай АН-гүй байгаль өөрөө шалгаад дүгнээд л өгөх асуудал. Мөн АН-ынхан маань өмнө нь өөрсдөө эрх барьж байсан. Тэгэхдээ утааг арилгаж дийлээгүй юм. Энэ бол бодит үнэн. Гэтэл тэд өнөөдөр МАН-тай хийх улс төрөө утаагаар үргэлжлүүлэхээр яарч л байдаг. Тэд уг нь эхлээд эхлээд 2012-2016 онд утааг бууруулахаар улсын, төслийн хэчнээн тэрбум төгрөгийг яаж зарцуулсан бэ гэдгээ нийслэлийн иргэдэд тайлагнах хэрэгтэй юм.
Иргэд мэдэх эрхтэй билээ. Өнгөрсөн жил Үндэсний аудитын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудад өгсөн дүгнэлтээ танилцуулсан. Түүгээр “…2012-2016 онд хэрэгжсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар, “Цэвэр агаар” сангаас 2011-2015 онд нийт 32.2 тэрбум төгрөг зарцуулсан.
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд 111.7 мянган сайжруулсан зуух бүртгэгдсэн байхад аудитаар тогтоосон дүнгээс 65.2 мянгаар зөрүүтэй. Гэрээгээр 2012-2013 онд 18.9 мянган тонн түлш нийлүүлэхээс гүйцэтгэлээр 8000 тонныг нийлүүлсэн. Улаанбаатар хотын утаанд эзлэх хорт бодисын агууламж 2012 онд 30 хувь, 2016 онд 70 хувиар багасна гэжээ. Тэгвэл 2016 оны байдлаар 70 хувиар буурах биш таван хувиар өссөн үзүүлэлт гарсныг ЦУОШГ-аас авсан мэдээллээр аудитад дүгнэжээ. Үүнийг уг нь мартаагүй л байлтай.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин