Ацан шалаа
Тийм ээ. Ацан шалаа гэдэг үг нэг биш утгатай юм байна л даа. Зөвхөн шатарт бол аль нэг ханхайгаа ноёнтой зэрэг шалуулахыг л хэлдэг. Нэгэнт ацан шалаанд орсон бол бэрсээ юм уу аль нэг бодоо алдаж л таарна. Өрөөл морины ацан шалаа тийм л аюултай байдаг. Тэгвэл улс, нийгмийн ажил, асуудалд бас ацан шалаа байдаг болж. Улстөрчид дандаа тийм шалаанд өртөөд л байна шүү дээ. УИХ-аар Үндсэн хуульдаа хийх өөрчлөлт гээд зөндөө хэлэлцсэн. Бүр хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгаад уг өөрчлөлтөө батлуулах дээр тулсан. Гэтэл зарим нь УИХ-ыг тараана гээд гацаачихсан. Тэгээд парламентэд нэг бол тарах нэг бол Үндсэн хуулиа батлуулах гээд алцан тааран гээч болоод байгаа юм. Харин МАН-ын бүлгийнхэн хойчоо бодсон ч юм уу парламентыг тараахыг буруу гэж үзэж. Яагаадав. Энэ намын бүлгийнхэн хоёр талд хуваагдчихаад асуудлыг булзааруулж байгаад шийддэг болчихов. Уг нь парламентыг тараагаад ээлжит бус сонгууль явуулах нь МАН-д ялалт авчрах магадлалтай байж. Тэгвэл УИХ-ыг тараах зорилго унасны дараа сонгуулийн холимог тогтолцоо хэвээр үлдэв. Бас МАН-ын бүлгийн гишүүд энэ удаа дахин сонгогдох амбицаараа ялгарч намын ялалтаас хувийнхыг чухалчилсан юм байна лээ. Хэрэв парламентаа тарааж ээлжит бус сонгууль явуулсан бол эрх мэдлийн дийлэнхийг намын даргадаа эрэлт буцалтгүй өгчих гээд байсан учраас дахин сонгогдохыг хүсэгчид айж л дээ. Нөгөө талаар парламент тарсан тохиолдолд Засгийн газар унаж сонгууль болтол үүрэг гүйцэтгэгч төдий байх цаг үе ирэх байв.
Ийм сүрхий ацан шалаанд байсан МАН-ын хашрууд УИХ-ыг тарааж сонгууль явуулахыг бас эсэргүүцсэн гэх. Намын дарга У.Хүрэлсүхийн хувьд үеэ өнгөрөөсөн хөгшчүүлээсээ салах зорилго нь бүтэлгүйтсэн юм байх. Шалтгаан нь дотроо 60 тэрбумынхан, ЖДҮ-чид гэж талцсаар байгаад намынхаа рейтингийг унагачихаж.
Бас нэгийг хэлэхэд зунжин зүтгүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт цааш явах аргагүй ацан шалаанд орсон. Ард нийтийн санал асуулга явуулах санал нь ч “будаа” болох талдаа шилжив. Сүүлд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх дээр бас л гацав. МАН-ынхан АН-ын хэдийгээ царайчлах аястай л байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авах юм бол Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг хүчингүй болох гээд. Бас л ацан шалаанд. Манай өнөөгийн улстөрчид сав л хийвэл тийм шалаанд суучих гээд байх юм. Саявтархандаа Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцын талаар “Цензургүй яриа”-нд орсон Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын хариулт чөдөртэй морь дэвхцэж байгаа юм шиг л санагдсан.
Д.Лүндээжанцан гишүүн З.Энхболдын хорон үгэнд мадлуулаад л таарна лээ.
-Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж энэ нийгмээ хорлоод яахав гэж Лүндээ хэлчихээд З.Энхболдын тавьсан занганд орж сандрахдаа:
-Хууль, эрх зүйн заалт нь тийм юм гэж хэдэн ч удаа хэлж булзааруулав даа.
Шатар нүүсэн юмсан бол яг мадлуулсиймаа тэр. Хуулийнхан хүртэл хуулиа барих уу, улстөрчдийн нөлөөнд автах уу гэсэн ацан байдалд тарчлах юм. Тийм ээ. Олон ноцтой хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болж голдуу цагаан захтнууд ял завшиж байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг алдаж хэргийг шийдэж чадаагүй нь шүүхийн буруу юу. Уг хэрэг тийм шийдэхэд хэцүү байсан уу гэдэг бас ацан шалаанд байгаа шиг. Уг нь ацан шалаа гэдэг гарц муутай нүүдэл зөвхөн шатартаа баймаар даа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин №197 (6164)