Ардын намын ЭЭЛЖИТ БУС сонгууль хэмээх хийрхэл буюу улс төрийн шар завьжтануудын СЭРҮҮН ЗҮҮД
Ерөнхий сайдынх нь рейтинг өндөр байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт нэр хүнд нь тэнгэрт гарсан судалгааны дүнгүүд гарсан юм байх. Энэ нь МАН-ын залуу улстөрчдийн ганц бахархал болжээ. “Манай дарга мундаг” гэлцэн хөөрцөглөж, У.Хүрэлсүхийгээ дагаад явахад сонгуульд ялна гэсэн горьдлоготой байна.
У.Хүрэлсүх нь рейтинг өндөр байлаа гээд яахав дээ. УИХ, Засгийн газрын гишүүд нь сандал суудлын дайн хийсээр ээлжит сонгуулиар ялагдана. Энэнээс гарах арга нь ээлжит бус сонгууль гэж төлөвлөж. Анх удаа УИХ-д сонгогдсон залуу гишүүд сэрүүн зүүдэлж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай санал асуулгыг орон даяар явуулна. Энэ санал асуулгаар ард нийт өндөр хувьтай оролцож дэмжинэ гэж горьдож байгаа. Ингээд шинэ Үндсэн хуультай болж, шинэ нөхцөл байдал үүснэ. Үүний дараа ээлжит бус сонгууль хийхэд МАН-д ялалт ирнэ гээд сонгууль явуулахаар яаравчилж байна. Ард түмэн магад энэ өөрчлөлтийг чинь дэмжихгүй. Санал асуулга явуулаад дараа нь сонгуулийг хийлээ гэж бодъё. Өнөөх хар машинаараа тоолно. Оросууд хакердахад л дуусна. Өөрийнх нь эрх бариулахыг хүссэн хүнийг тавиулахгүй бол тэд харкердаж л орхино. Монголын сонгууль байтугай АНУ-ын сонгуулийг хакерддаг юм чинь. Энүүхэндээ гэхэд оросууд гэлтгүй монголчууд өөрсдөө хакердчих ч боломжтой болсон биз дээ. УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явууллаа гэхэд Н.Энхбаярыг намын дарга байхад оросууд зөвлөж байсан шиг юм болно л доо. Тэд “Н.Энбаярыг танай ард түмэн хаан шиг үздэг юм бол та нар тэр дүйвээнд нь ялчихна. Хааныхаа нэр хүндээр нам чинь ялна гэсэн” байдаг. Гэтэл Н.Энхбаяр улсын хаан байтугай “Самбарын Энхбаяр” болтлоо үзээд намтай юутай хээтэйгээ ялагдаж байсан.
МАН-ынхны ярьж буй нөгөө хувилбар нь Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталчихаад ээлжит бус сонгууль явуулах. Өөр нэг нь санал асуулгатай хамт сонгууль явуулах. Аль нь ч бүтэхгүй. Ингэж санал асуулгатай хамт явуулах гэж байгаагаа МАН-ынхан төсөвтэй холбон тайлбарлаж байгаа. Ард нийтийн санал асуулгаар төсөвт тусгагдаагүй зардал гарна. Ерөнхий тооцоогоор гучин тэрбум ч, хэмнээд 17 тэрбумыг ард нийтийн санал асуулгад зарцуулахаар тооцоо гарч байгаа нь хүндрэл болж байгаа гэнэ. Тиймээс хамтад нь явуулбал төсөвт хүндрэл учрахгүй гэж УИХ-ын дарга тайлбарлана лээ.
Ардчилсан намын хувьд энэ УИХ-ыг тарах хэрэгтэй гэж мэдэгдэж байлаа. “Олонх хоёр хуваагдаж өнгөрсөн гурван жил сандал суудлын хэрүүл хийж, анхнаасаа л жаран тэрбумын схемээр гарч ирсэн, араас нь залгуулаад ЖДҮ-чид тодорсон. УИХ-ын 49 гишүүн, давхардсан тоогоор Засгийн газрын арван сайд нь ЖДҮ-чин учраас УИХ-ыг тар” гэсэн. Гэхдээ процедурын хувьд хариуцлага тооцож байж асуудлыг шийдэх ёстой, анхнаасаа жаран тэрбумын схемээр явсан сонгууль учраас төрийн эрхийг хууль бусаар авахтай адилхан гэж тэд өмнө нь мэдэгдэж байсан. АН-ын одоогийн байр суурь нь парламент тараахад хүндэтгэх шалтгаан, үндэслэл байх ёстой. “Одоо больчихъё, муухай байна, болохгүй байна” гээд УИХ тарах ёсгүй. Үндсэн хуулийг батлах дээр мухардалд ороод төрийн дээд байгууллагаа тар гэж хэлж болохгүй. АН парламентын засаглалын төлөө ямагт зогсоно” гэж байр суурь илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн зүгээс тогтолцооны өөрчлөлтийг хүсч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэв УИХ-ыг тараачихаад эзэнгүй төртэй үед ард нийтийн санал асуулга явуулбал тооцсоноос өөрөөр болж, тогтолцооны өөрчлөлт гарвал яах вэ гэсэн болгоомжлол МАН, АН-д аль алинд нь бий. Гэвч МАН-ынхан болзошгүй эрсдэлийг тооцсон гэсэн битүү утгатай тайлбар хэлээд сууж байгаа. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд ирүүлсэн санал дээрээ МАН-тай тохиролцож чадаагүйгээс Ерөнхийлөгч буцаасан.
Үндсэн хуулийг хэлэлцэх явцад хамгийн их маргаантай байж өөрчлөгдсөн заалт нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бололцоо байсан ч МАН-ынхан ээлжит сонгуулийн дараа АН хэрэв ялвал одоогийн АН-ын дарга Ерөнхий сайд болж, эрх мэдэл нь ихэснэ. Ингэснээр өөрсдөө хүчтэй сөрөг хүчин ч болж чадахгүй, Засаг огцруулна гэж улс төр хийж ч болохгүй байдалд хүрнэ гэж болгоомжилсных аж. Одоогоор эцсийн хувилбар дээр тогтоогүй л байна. Хуулиараа УИХ-ын 57 гишүүн гарын үсэг зурснаар УИХ тарах асуудлыг хэлэлцэх ёстой. Яг 57 гишүүн үүнийг зөвшөөрч гарын үсэг зурах уу гэдэг асуудал. УИХ-ын даргын зөвлөл, намын бүлгээрээ ч энэ асуудлыг МАН ярьсан. 1945 онд л ард нийтийн санал асуулга явуулж байсан. Энэ удаагийнх хоёр дахь нь. Хуулиараа 50+1 гэсэн хувьд хүрсэн тохиолдолд ард нийтийн санал асуулга хүчин төгөдөр болно. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгуульд оролцогчдын тоо багасч байгаа учраас энэ хувьдаа хүрэх үү гэдэг асуудал. Гэх мэтээр бүтэхгүй олон хувилбарыг эрх баригчид дэвшүүлж л байна. Ийм амьдралгүй юм ярьж гүйлдээд байгаа МАН-ынхан юунд найдаж байгаа юм бол доо. Өндөр рейтингтэй намын дарга чинь өөрийнхөө өрсөлдсөн тойрогт л ялна. Даргыгаа дагаад ялчихна гэж эндүүрч улс төрийг самууруулж, улс орныг самарч болохгүй. Ээлжит бус сонгууль хэмээх хийрхэл чинь улс төрийн шар завьжтануудын сэрүүн зүүд болох вий.
Эх сурвалж: Өдрийн сонин