ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй“ гэж шийдвэрлэлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ удаагийн парламент хаврын ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэж эхэлсэн билээ. Уг хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг нэг сар орчим хэлэлцэж өчигдөр дуусгасан байна.
Хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгт орохын өмнө МАН-ын бүлэг цаашид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа "Бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй" гэж шийдвэрлэжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өчигдөр орой МАН-ын бүлэг хоёрдугаар хэлэлцүүлэг дууссантай холбогдуулан хуулийг үргэлжлүүлэн гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах уу, наана нь ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг орой 22:00 цаг хүртэл ярилцлаа. МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр оролцсон.
Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг "Ард нийт, иргэд сонгогчдоосоо асуух нь зүйтэй" гэж шийдлээ. Өмнө нь Монголчууд 1945-10-20-нд улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч бүх ард нийтээрээ санал асуулга явуулж шийдэж байсан. Тэгвэл 1945 оноос хойшх хоёрдахь түүхэн их өөрчлөлтийг бид хийх гэж байна. Ард түмэн маань ухаалгаар шийдэх байх гэж найдаж байна. " гэв.
Одоо УИХ "Ард нийтээр санал асуулга явуулах" тухай тогтоолыг батлах аж.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор УИХ-ын 62 гишүүнээс 53 санал гарснаас 34 саналыг нь дэмжих шийдвэр гарсан. Энэ 34 дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгасан саналууд орсон. "Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно" гэсэн саналыг тусгасан. Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн баталгаажна гэсэн үг шүү дээ. Энэ бол бас түүхэн шийдвэр шүү. Мөн хуулийг батлахдаа УИХ-ын 39 гишүүнээс доошгүй нь байлцаж баталж байх өөрчлөлтийг хийлээ. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрднэ." гэв.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|