МАН тав дахь өдрөө “ШАНАЛЖ” байна

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг тав дахь өдрөө хуралдаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгчийн өгсөн саналыг нэгтгэн томьёолж зөвшилцөх ажлын хэсгийн саналыг энэ долоо хоногт бүтэн хэлэлцлээ. Ингээд өчигдөр УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүд бичгээр санал авахаар тогтов.

“УИХ-ын гишүүдийн тоо 76 байх уу, 108 болгох уу”, “Сонгуулийн тогтолцоо одоогийнхоороо явах нь зөв үү, холимог болгосон нь дээр үү”, “Парламентын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх уу, таван жил болгох уу” гэсэн товчхон асуултад л бичгээр хариулт авах аж. Ерөнхийдөө эрх баригчдын бүтэн долоо хоног шаналсан гурван асуудал нь энэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөрийнхөө өгсөн саналаас ухрахыг хүсэхгүй байгаагаа тус намын бүлгийн хуралд оролцох үеэрээ хэлсэн гэдэг. Дээр нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн тухай мэдээлэл гарч байна.

Гэхдээ гишүүд үүнд байр сууриа өөрсдийнхөөрөө өглөө гээд асуудал шийдэгдэхгүй.

Учир нь УИХ-ын 57 гишүүний саналаар Үндсэн хуулийн өөрчлөлт урагшилна.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. АН-ын хувьд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ард нийтийн санал асуулга явуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах шаардлага тавиад байгаа.

Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар бол зөвхөн парламентаар дэмжсэн нэг хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Дээр нь өнгөрсөн гурван жилд явуулсан санал асуулга, хэлэлцүүлгүүдэд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай дурдаагүй.

Энэ асуудал АН төр барьж байсан 2015 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байсан зүйл. Иймээс АН-ын тавиад байгаа асуудлыг эрх баригчид хэлэлцэж байгаа хуульдаа оруулахгүй л болов уу. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын зөвлөлийн долоон гишүүн орохгүй байх магадлал өндөр.

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын хэвлэлд өгсөн ярилцлагуудыг харж байхад Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ямар ч байсан МАН-тай нэгдэх-гүй бололтой. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар ч Үндсэн хууль дээр МАН-тай ганзага нийлэхгүй байх. Тэдний хувьд эрх баригчдыг шүүмжлэх тусмаа гоё харагдана.

Ийм байхад 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийе гэвэл МАН өөрсдийнхөө 64 гишүүнд л найдах үлдэж байна. Гэтэл тэд нь хоорондоо зөрчилдөөд эхэлбэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл том судалгааны суурь бааз болоод үлдэх эрсдэлд очно.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн оруулсан саналын ихэнх дээр МАН буулт хийсэн юм билээ. Нөгөө Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч санал болгож томилуулдаг эрх мэдлийг нь Засгийн газар, УИХ-д булааж өгөх гэж байснаа больсон сурагтай. Тэгэхээр ШЕЗ-өөр дамжуулж шүүгч нарын томилгоонд нөлөөлөх боломжоо Ерөнхийлөгч аваад үлдсэн гэсэн үг.

Харин явж явж бараг өөрсдөө Ерөнхийлөгчөөс гуйж оруулсан саналууд дээрээ тэмцэлдээд эхлэв үү дээ. Парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох дээр бол сүртэй эсэргүүцэл байхгүй бололтой.

Гишүүдийн тоог 108 болгодоггүй юм гэхэд 99 болгох гэх мэтээр дундын шийдэл олж болох тухай яригдсан байна. Гол нь сонгуулийн тогтолцоо дээр МАН-ын УИХ-ын гишүүд нэгдэж чадахгүй байгаа аж. УИХ-д хэд сонгогдоод үзчихсэн хуучин “хашрууд” намын жагсаалттай байсан нь дээр гэж байгаа бол “шинэков”-ууд нь сонгуулийг энэ хэвээрээ байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэх боллоо.

Товчхондоо, хууччуул нь жагсаалтын ард нуугдахыг хүсэж байгаа бол анх удаа сонгогдсон гишүүд тойрог өөрчлөгдөж аливаа хэлбэрээр томрохыг ашиггүй гэж хараад байгаа хэрэг. Ингэж санал хуваагдчихсан байгаа үед бичгээр, кнопоор ер нь яаж ч санал авсан ажил урагшлах нь юу л бол.

УИХ-д үнэмлэхүй хүчтэй МАН-ыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг шүүрч авах үед “Эрх баригчид хүчээр өөрчлөлт оруулах гэж байна” гэх хүчинд автсан шүүмжлэл гарч эхэлсэн.

Гэтэл тэд хүч хэрэглэх нь битгий хэл дотроо учраа олохоо байж эхэллээ. Энэ хуулийн төсөл яригдаж эхэлсэн цагаас л эсэргүүцэгчид нь гадна талд байна гэж олон хүн тооцоолж байлаа. Одоо сөрөг хүчин санал тавиад хүлээж авахгүй бол эсэргүүцнэ гэж сулхан дуугарч, парламентад суудалгүй намуудын олонх нь Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн нь дуугүйхэн ажиглаж байна.

Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч саналаа өгөхөөс өмнө МАН-ынхан дуу нэгтэй байлаа.

Бараг наадмаас өмнө яралзтал гараа өргөөд батлах нь гэмээр харагдаж байв. Харин Ерөнхийлөгч сонгуулийн хугацаа, парламентын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа гээд шууд УИХ-ын гишүүдийн эрх ашигтай холбоотой заалтууд оруулаад ирэхэд байдал өөрчлөгдлөө. Ямар олигтойдоо, МАН-ын бүлгийн хурал тав дахь өдрөө сунжран “шаналж” байх вэ дээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606864
0 эможи

Зочин
2019-08-16 11:56
сонирхолтой
keyboard_arrow_up