МАН-ын бүлэг: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал дээр зөвшилцөлд хүрэхгүй байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр дөрөв дэх өдрөө хуралдаад түр завсарлалаа. Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэхээр ийнхүү дөрвөн өдөр хуралдаж байгаа аж.
Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй, зөвшилцлийн ажлын хэсэг ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм.
Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагт дахин хуралдаж, гишүүд саналаа цаасаар өгөхөөр болсон байна. Түр завсарласан хугацаанд цаасан саналын хуудсыг бэлэн болгох ажээ. Бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарим заалт дээр санал хурааж, унасан саналуудыг ч хүчингүйд тооцож, дахин бичгээр дээрх гурван саналаар санал хураахаар болсон байна.
Сануулахад, бүлгийн зарим гишүүдийн зүгээс ирц бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүйгээ илэрхийлээд байгаа аж.