Сонгогчдын 1/3-ийн саналаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барилаа
Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Тэрбээр энэ талаар “Сүүлийн үед иргэд, сонгогчдоос тавьж байгаа саналын нэг бол УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тухай асуудал юм. Энэ асуудлаар 2018 оны хавраас судалгаа, дүгнэлт хийж эхэлсэн. Хуулийн төслийг хоёр жил орчим боловсруулж ажиллалаа.
Дэлхийн олон орны парламентын гишүүддээ хариуцлага тооцдог жишгийг судалж үзсэн. Үүний үндсэн дээр УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох механизмыг бий болгох зорилгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм.
Энэ өөрчлөлтөөр тухайн гишүүний төлөө санал өгсөн нийт иргэд, сонгогчдын 1/3-ээс доошгүй нь хүсэлт, санал гаргасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татдаг болох тухай хуулийн төслийг санаачилсан.
УИХ-ын гишүүдийг сонгож болсон юм чинь эгүүлэн татаж, хариуцлага тооцдог байх зорилгыг хангаж уг хуулийн төслийг өргөн барьсан.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж чадахгүй, сонгогчдын хүсэн хүлээж байгаад хүрч ажиллаж чадаагүй, хариуцлага, ёс зүйгүй үйлдэл гаргасан УИХ-ын гишүүдтэй хууль хүчний байгууллага болон УИХ өөрөө хариуцлага тооцохоос гадна иргэд, сонгогчид хүсэх юм бол саналаа гаргаад, эгүүлэн татдаг байхаар хуулийн төслийг өргөн барилаа” гэв.
-Гишүүд өөрсдийг нь эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих болов уу?
-Энэ хууль ил тод, нээлттэй хэлэлцүүлэгт орох байх. Иргэд сонгогчдынхоо өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чаддаг, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүсийн хувьд энэ хууль айж, эмзэглэх зүйл биш. Харин тийм байж чаддаггүй гишүүд эмзэглэх байх. Санал хураалтаар энэ асуудал харагдана.
Ямар нэгэн байдлаар ёс зүйн зөрчилтэй нөхдүүд энэ хуулийн төслийг дэмжихгүй байх магадлалтай. Хэлэлцүүлгийн явцад хэн нь хэн бэ гэдгийг иргэд харах боломжтой.
-Энэхүү хуулийн төсөл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй. Тэгэхээр намрын чуулганаар хэлэлцэгдэнэ гэсэн үг үү?
-Ямар ч байсан өнөөдөр өргөн барилаа. Бид энэ хуулийг 2018 оны хавраас эхэлж санаачлаад мөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Гэвч Засгийн газар энэ асуудалд нэлээд хойрго хандаж, зургаан сарын дараа татгалзсан хариу өгсөн.
Ингээд УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу өнөөдөр энэхүү хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.
-УИХ-ын гишүүнийг сонгосон тойргийн нийт иргэдийн 1/3-ийн гарын үсэг цуглуулснаар эгүүлэн татна гэж байна. Иргэдээс гарын үсэг цуглуулах ажлыг хэн хариуцах юм бэ?
-Тухайн тойрогт гишүүнд санал өгсөн иргэд өөрсдөө энэ асуудлыг шийднэ. Санал гарсан тохиолдолд СЕХ энэ үйл явцад хяналт тавина. СЕХ-ны чиг үүргийг зааж өгнө.
Хоёрдугаарт, улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд зохион байгуулалттайгаар оролцохыг хориглож байгаа. Яагаад гэвэл энэ нь төрийн дархлаа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас.