М.Энхсайхан АН дахь “овгийн сэтгэлгээ”-г шүүмжлэв үү

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

АН-ын таван лидер нэгдэж “Боловсрол төвтэй улс төр” клуб байгуулснаа зарлаж уржигдар анхны уулзалт лекцээ хийв. Тэд цаашид цувралаар соён гэгээрүүлэх илтгэл унших бөгөөд эхний илтгэгч нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан байв. Тэрээр “Ардчиллыг дарангуйлал руу чирснээр хөгжил ирэхгүй” гэлээ. Энэ үгийг хэнд зориулчихав гэдгийг улс төрийн хүрээнд ялангуяа, АН-ынхан өөр хоорондоо ярьж байна.

Одоогийн УИХ-д АН сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж чадахгүй байгаа, нам шиг нам байж чадахгүй байгаагийн гол буруутан болж буй нэгэн хүнд хамаатай болж таарав.

Ардчиллын туг болох учиртай АН-ыг дарангуйллын зүг чирж яваа хэн нэгнээс намын гишүүд нь, лидерүүд нь зугтаж, зай барьж байгаагийн хамгийн тод жишээ болгож Э.Бат-Үүл санаачилж, Да.Ганболд, Баабар, Р.Амаржаргал, М.Энхсайхан нарын Удирдах зөвлөлд нь багтсан Боловсрол төвтэй улс төр клуб боллоо гэлцэж байна.

Гэхдээ тэд АН-ын одоогийн дарга С.Эрдэнийг юу юугүй муулсангүй. АН-аас гарна барина гэж ч сүр үзүүлсэнгүй. Зүгээр л клуб байгуулж буй энэ алхмаараа, эс үйлдлээрээ “АН болохгүй болчихлоо, бид өөр АН-ыг хүсч байна, нийгэмдээ гэрэл гэгээ тусгая” гэдгээ хэлчихлээ.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан илтгэлдээ “Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг. Баабар, Бат-Үүл гээд том улстөрчид мэдрэлийн өвчтэй хүмүүс болж хувирдаг” хэмээн өгүүлсэн. Тэрээр цааш нь “Овог аймаг болон задарсан нийгэмд сонгогчид том улс төрийг сонирхохоо больдог. Нийгэмд тулгамдаж байгаа шийдлийг дэндүү хялбаршуулан харах хандлагатай байдаг” хэмээн сануулсан юм. Нийгмээ том зургаар харсан ч, АН-ын дээр фокуслаад харсан ч яг дээрх байдал хавтгайраад байна. АН-ын дарга гэхэд УИХ-ын чуулган дээр ч, АН-ынхаа хурал, цуглаан, уулзалт дээр ч хууль дүрэм, зарчим ярьсан, хүн бүхнийг элдвээр нь дуудан цоллож суудаг болсон тухай намынхан нь ярих болоод байгаа. Мөн нам дотор нь М.Энхсайханы хэлсэнчлэн “овгийн сэтгэлгээ” газар авсныг АН-ынхан том жижиггүй ярьж байна.

Ийм байхад АН, түүний одоогийн удирдлагууд улс төрийг томоор нь харж, даацтай хийх боломж бий юу гэдэг асуулт сүүлийн үед АН-ынхны дунд газар авч байна. Энэ гашуун бөгөөд хатуу үнэнийг АН-ын лидерүүд олон түмэнд, намынхандаа хэлээд өгөх шиг боллоо.

Нөгөө талаас АН-д ингэж гэрэл гэгээ тусч эхэллээ. Тиймээс АН-ынхан нэгдэж, “овгийн сэтгэлгээ”, “овгийн систем”-ийг халах ёстой гэж жирийн гишүүд нь ярьж байна.

З.Баттөмөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605628
0 эможи

keyboard_arrow_up