АН-ын гишүүд даргынхаа гомдлоор цагдаад шалгуулдаг болов
Баримт-1
АН-ын дарга С.Эрдэнэ Дундговь аймагт намынхаа гишүүдтэй уулзалт хийхээр очсон боловч хөөгдөөд буцсан тухай мэдээлэл хэвлэл, цахим сүлжээгээр таржээ. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг парламентад элч төлөөлөгчөөрөө сонгон илгээж байсан, ардчиллын үнэ цэнэ, шударга ёсны үнэлэмж, мэдрэмж өндөр Дундговийнхон С.Эрдэнийг уриа лоозон, шаардлага, эсэргүүцэл, шүүмжлэлтэй угтсан нь энэ аж. Үүний дараа С.Эрдэнэ товлосон уулзалтаа хийлгүй буцсан байна.
Баримт-2
АН-ын дарга С.Эрдэнэ Өвөрхангай аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийхдээ өөрийг нь шүүмжилж, эсэргүүцэж буй гишүүдээ “томоотой болгох” арга хэмжээг урьдчилан авчээ. Өвөрхангай аймгийн АН-ын дэд дарга П.Алтангэрэлд аймгийн Цагдаагийн газраас албан бичиг ирүүлж, С.Эрдэнийн уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж, Зөрчлийн тухай хуулийн олон заалтыг сануулжээ.
Баримт-3
АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоног буюу 2019 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд тусгай удирдамж, тушаал шийдвэртэй хэд хэдэн жагсаал, цуглаан зохион байгуулсан. Гэтэл эдгээр жагсаал, цуглаан нь албан ёсны зөвшөөрөлгүй байсныг ЦЕГ-аас олон нийтэд мэдээлсэн юм.
Дээрх гурван жишээнээс хэд хэдэн дүгнэлтийг гаргаж болохоор байна.
Нэгт, АН-ын дарга С.Эрдэнэ айдастай байна. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Өвөрхангайд болсон явдал үүний тод жишээ болов. С.Эрдэнэ уриа лоозон барьж, шударга шүүмжлэл, шаардлага тавьсан гишүүнээ цагдаад өгөх шалтгаан юу байв. Яагаад намынхаа гишүүдийн шүүмжлэлийг сонсохгүй байна вэ?
Хоёрт, С.Эрдэнэ өөрөө хууль, дүрэм зөрчин жагсаал, цуглаан зохион байгуулсан нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс бусдыг жагсаал, цуглаан битгий хий гэж айлган сүрдүүлэх ёс зүйн эрх түүнд байхгүй. Өөрийн толгой дээрх бутыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэдэг л энэ байх. Өөрөө хууль дүрэм зөрччихөөд бусдыг хууль дүрэм мөрдөхийг анхааруулна гэж юу байх билээ.
Ийм байдлаар АН-ыг ардчилалгүй болгочихоод ямар үзэл баримтлалаа орон даяар танилцуулж явааг ойлгоход бэрх байна. Үг хэлэх гэсэн гишүүдээ хууль, журмаар сүрдүүлэхийг оролдох болсон гэх С.Эрдэнэд хуулийг хатуу сануулах цаг болсон хэмээн намынх нь гишүүд хэвлэлийн хурал, энд тэнд ярих болоод байна. Уг нь АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал бол ардчилал, хүний эрх, шударга ёс байсаар ирсэн. Одоо харин энэ бүхэн байхгүй болсон бололтой. Намын даргынхаа уулзалт дээр гишүүд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй байдал АН-д тогтож байх шиг байна.
З.Баттөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин