АН: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө ТАТАЖ авах хэрэгтэй
УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргасан бөгөөд энэ асуудалтай холбогдуулан тус намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: "60 тэрбум"-ын хууль бус сүлжээ үүсгэх замаар төрийн эрх мэдлийг авсан МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдаж байгаа нь хуульд үл нийцнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн. Өнөөдрийн МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Хулгай, авлига, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна." гэв.
МЭДЭГДЭЛ:
Одоогоос 27 жилийн тэртээ Монголын ард түмэн Үндсэн хуулиа бүх нийтээрээ З сар гаруй хугацаанд хэлэлцэн, нийт 900 мянга гаруй хүн давхардсан тоогоор 200 мянга гаруй санал өгч, Улсын Бага Хурлаар 4 удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоногийн турш хэлэлцэж баталсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд ард түмний олонхын хүсэл зориг шингэж, Үндсэн хууль нийгмийн суурь харилцаагаа өөрчлөх, шинэчлэх сонголтыг тухайн төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурал баталгаажуулсан.
Аль ч улсын Үндсэн хууль тухайн ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөө нийгмийн гэрээ байдгийн адил Монгол Улсын Үндсэн хууль ч мөн Монголын ард түмний хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзэл юм.
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд ард түмний аж амьдрал, улс орны хөгжлийн төвшин, төрийн байгууллуудын үйл ажиллагаа, харилцан хамаарал, зөрчил, зогсонги байдал, цаашдын хөгжил хандлагаас авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь зүй ёсны асуудал юм.
Гэвч 60 тэрбумын луйврын сүлжээ үүсгэх замаар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг авсан эрх баригч МАН нь бусад улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн саналыг үл харгалзан үнэмлэхүй олонхдоо эрдэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, оруулахаар завдах нь Үндсэн хуулийн өөрийнх нь зорилго, зорилтод үл нийцнэ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчин өргөн мэдүүлсэн, түүнийг нь Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай нийцэхгүй үйлдэл боллоо.
Өнөөдрийн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ЖДҮ зээл авсан нь баримтаар тогтоогдож, энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.
Иймд хулгай, авилгал, аллага, худал амлалт, хувийн ашиг сонирхол дээд зэргээр бүрдсэн энэ Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүү хэл санаачлага ч гаргах ёс суртахуун, эрх зүйн эрхгүй гэж үзэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн татахыг мэдэгдэж байна.
Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бусад улс төрийн хүчин, нийгмийн зөвшилцөл, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийг нэг нам дангаар өөрчлөх асуудлыг Ардчилсан нам тууштай эсэргүүцэж, тэмцлийн бүхий л арга хэлбэрээр эсэргүүцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-