С.Эрдэнэгүй АН-д л ирэх сонгуульд боломж байна
Улс төрийн хүчнүүд, улстөрчид хүссэн хүсээгүй 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд бэлдээд эхэллээ. Хөдөлгөөн бүрээс нь ард түмнээ, сонгогчдоо гэсэн “хайр” үзэгдээд л…
Гэвч 1992 оноос хойшх ардчилсан сонгуулиудаар улам бүр хэрэгцээ шаардлага, нөлөө нь нэмэгдсээр байгаа судалгааны байгууллагуудаас гаргаж буй дүн ямар байна вэ гэдэг тэдний зүг чигийг заах луужин болдог юм.
Хамгийн сүүлд “Сант Марал” сангаас 2019 оны гуравдугаар сарын 20-оос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь Алтай аймгуудийн 1200 иргэдийг хамруулсан судалгаа, “МЭК” судалгааны байгууллагын 2019 оны дөрөвдүгээр сарын 7-18-ны хооронд Улаанбаатар хотын 1070 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар хийсэн гэх судалгааны дүнгүүд зарлагдаад байна.
Эрх баригч МАН-ын тухайд энд ярихгүй. Ийм үнэмлэхүй хүчээр ирэх сонгуульд ойчих уу, босох уу гэдэг өөр асуудал юм.
Харин АН-ынхан 2016 оны сонгуулиас хойш дотооддоо хийсэн өөрчлөлт нь хэр зэрэг зөв болсон бэ гэдгээ 2020 оны сонгуулийн дүнгээс харах учиртай.
Уг нь өдийд бүлгээ тарааж, зөвлөлтэй үлдээд байгаа ч сөрөг хүчний байр суурь дээрээс сайн тоглож чадсан бол АН-д боломж 100 хувь харагдчихсан байх үе юм.
Харамсалтай нь одоогоор “Сант Марал”, “МЭК”-ийн судалгааны дүнгээс харахад тийм боломж 50-иас дээш хувиар харагдахгүй байна.
“Сант Марал”-ын судалгаанаас АН-ын тухайд гялайх нэг дүнг харж болно. Намууд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ямар чадвартайг асуухад судалгаанд оролцогсод АН-ыг илүү гэж нэрлэжээ.
Гэхдээ “…АН зөв чигээр замнаж байна уу, буруу тийшээ зүтгэж байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцсон хүмүүсийн 16.8 хувь нь “…Зөв”, 49.9 хувь нь “…Буруу”, 2.0 хувь нь хариулаагүй, 31.3 хувь нь “…Мэдэхгүй” гэж хариулсан байна.
Хамгийн чухал асуулт болох “..Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой” гэж хүсдэг вэ гэдэг асуултаар гарч ирсэн эхний 10 хүний аравдугаарт АН-аас тус намын дэд дарга Р.Амаржаргал орсон байна. Намын дарга С.Эрдэнийн нэр алга.
Бас өндөр рейтингтэй улстөрчдийн эхний 10-т С.Эрдэнэ даргын нэр үзэгдсэнгүй. Энэ жагсаалтын наймдугаарт АН-ын дэд дарга Р.Амаржаргал л орж ирсэн харагдаж байна.
“МЭК”-ийн судалгаанд “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид” гэсэн үнэлгээ бий. Эхний долоон улстөрчийн тоонд АН-аас орж ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын дарга нь багтаагүй аж.
Харин “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид”-ийн хоёрдугаарт АН-ын дарга С.Эрдэнэ бичигдсэн байна. С.Эрдэнийн ийм рейтинг 2019 оны нэгдүгээр сараас хойш огцом цойлж ийм дүнд хүрчээ.
Түүнчлэн АН-ын дарга С.Эрдэнийн хувьд хамгийн чухал болох “Улс төрийн намын дарга нарын үйл ажиллагааны үнэлгээ”-гээр “баян ходоод”-д орсон байна. Ойролцоо үнэлгээ авсан МАХН-ын дарга, МАН-ын дарга хоёртой хавирах ч үгүй аж.
Ер нь бол хамгийн сүүлийн энэ үнэлгээ буюу АН-ын дарга С.Эрдэнийн рейтингээс АН-ынхан айх ёстой болж байна.
Эвтэйхэн ажиллавал АН тийм ч муугүй байгааг эдгээр судалгаа харуулсан байгаа юм. Гэвч АН-ын даргын рейтинг ийм муу байгаа нь ирэх 2020 оны сонгуульд энэ нам ямар дүн үзүүлэх вэ гэдэгт шууд нөлөөлөхөөр хор үзүүлнэ гэсэн үг.
Угтаа “азарга муутай адууг чоно хороосоор дуусдаг” үлгэртэй л адил. С.Эрдэнийн рейтинг АН-д хамгийн хамаатай. Тэгэхээр С.Эрдэнэгүй АН-д л ирэх сонгуульд ялах боломж байна гэх гээд байгаа юм. Учир нь С.Эрдэнэ дарга нь ямар байна, АН яг тийм үнэлгээг 2020 оны сонгуульд сонгогчдоос хүртэх билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин