Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ
Улс төрийн “тал таардаггүй” хоёр хүн МАН-д бий. Нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, нөгөөх нь УИХ-ын гишүүн, “МАК”-ийн гэгддэг Н.Номтойбаяр нар юм.
Тэд өмнө нь УИХ-ын чуулган дээр, хэвлэл мэдээллийнхний өмнө хэрэлдэж байсан удаатай. Ерөнхийдөө ил далд иймэрхүү хэрүүл уруул нь болж л байдаг гэж дуулддаг юм.
Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 17-ны баасан гаригт энэ хоёр хүн дахин “тулсан” байна.
Тэр орой УИХ дахь МАН-ын бүлэг, дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан байдаг.
Хурлуудаар МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нартай холбогдуулж гаргасан шийдвэрийн талаар хэлэлцсэн юм. МАН-ын Хяналтын хорооноос тэдэнд МАН-аас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж зарласан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг ч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд МАН-ын Хяналтын хорооны дүгнэлт, шийдвэрийг дэмжилгүй унагасан байна.
Харин үүний зэрэгцээ хоорондоо баахан эвдрэлцсэн явдал хурлууд дамжаад болжээ.
Эхлээд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр халамцуу орж ирээд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд “хэдэн үг” хэлснээр тэдний хооронд ширүүхэн хэрүүл болсон байна.
Энэ нь МАК-ийн нэртэй холбогдож байдаг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын асуудал УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар буцаагаад татчихсан. Мөн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тэр өдөр нь болсон Засгийн газрын хуралдаанаар эгүүлэн татахаар шийдсэнтэй холбоотой гэдгийг гишүүд ярьж байв. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчтэй 23 аж ахуйн нэгжийг бүрэн хувьчлах, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан”, “МИАТ” зэргийн төрийн өмчийн хувийг бууруулахаар оруулаад байжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энд бичээд баймааргүй үг хэрэглэн хэрэлдсэн байгаа юм. Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаярын дайралтад “..Хуц” гэсэн үгээр хариу барьжээ.
Тэдний хэрүүл удааширвал юундаа ч хүрч мэдэхээр болсон тул Н.Номтойбаярыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хурал болж байсан танхимаас авч гарсан байна. Ингэснээр баасан гаригийн үдэш болсон хэрүүл өндөрлөжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин