С.Эрдэнэ: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогын эсрэг бид тэмцэнэ
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, УИХ-аар дэмжсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж байна. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон тус намын гишүүд мэдээлэл хийлээ.
Тус намаас дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаа бөгөөд эрх баригчдын эсрэг бүхий л тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгийг тодотголоо.
Тус намын УИХ дахь бүлгээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа тул хуулийн төслүүдийг дэмжихгүй болохоо мэдэгдэж, чуулганы хуралдаанд оролцоогүй юм.
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:
Монголын төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булааж авсан үйлдэл өнөөдөр болж байна гэж харж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өнөөдрийн МАН 60 тэрбумын асуудлаар төрийн эрхийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Харамсалтай нь өнөөдөр хариуцлага хүлээгээгүй байна. Харин өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн хуулийн нэмэлтээр хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдож байна. Ардчилсан нам үүнийг нь дэмжихгүй гэж чуулганыг УИХ дахь Ардчилсан намын гишүүд орхиж гарсан. Бид цаашид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд нэгдэнэ. Тиймээс цаашид ч тэмцлийн хэлбэрт шилжинэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намаас сонгогдсон хэрнээ эрх баригчидтай нэгдэн Үндсэн хуульд халдаж байгаад харамсч байна.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|