Х.Тэмүүжин: УИХ-ын дарга Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч байна
Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаа бөгөөд эрх баригчдын эсрэг бүхий л тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн юм.
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:-Монголын төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булааж авсан үйлдэл болж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өнөөдрийн МАН 60 тэрбумын асуудлаар төрийн эрхийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Харамсалтай нь хариуцлага хүлээгээгүй байна. Харин Үндсэн хууль зөрчсөн хуулийн нэмэлтээр хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдож байна. Бид цаашид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд нэгдэнэ. Тиймээс цаашид ч тэмцлийн хэлбэрт шилжинэ.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Х.ТЭМҮҮЖИН:-Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Болж буй үйл явц эрх мэдэл хуваарилах зарчмыг Үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох тийм санаачилга гарлаа. Өмнө нь олон дахин хэлдэг байсан, ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг Засгийн газар, УИХ-тай өрсөлддөг УИХ, шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. Үе үеийн ерөнхийлөгчид ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө мэдлийг тэлэх оролдлогод саад учруулдаг байсан хүч нь УИХ байсан. Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан бол энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч, парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь болж байна. Энэ бол хамгийн том эмгэнэл. Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хуулийн төсөл санаачилсан. Энэ бүх санаачилгыг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн. Эрүүдэн шүүх асуудлаар өмнөх парламентын үед маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан алга ташаад зогсч байсан хүмүүс. Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалихчаад ардчиллыг үгүй хийхэд попорч байгаад харамсч байна. Дөрвөн жилийн өмнө эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан, францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алж байсан хүмүүс өнөөдөр ухаарч байгаад баярлаж байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна гэлээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Т.Сайхан
|