Д.Эрдэнэбат: “Эрдэнэт“-ийн 49 хувийг хулгайлсан асуудал байхгүй
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Өнгөрсөн долоо хоногт томилттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Энэ хуралдааны тэмдэглэл Засгийн газрын хуралдааны 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаан. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн бичгийг орчуулалгүй хоригдуулсан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт байгаа. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй хэмээлээ.