Н.Алтанхуяг АН-аас УИХ-д дэвших “21 тойрог“ нэхжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд мэдээлэл хийж, "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ.
Энэ үеэрээ тэрээр : "Монголын нийгэм цаашдаа ямар байх вэ гэдэг дээр гарц шийдэл хайх, хөгжил дэвшлийн тухай ярих цаг болжээ . Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байна. Баяжих, хөлжих хүсэлтнүүдийн хөлд Монгол Улс туйлдаж жирийн иргэд хохирч Монголд амьдрах улам хэцүү боллоо. Одоо үүний эсрэг нэгдэх цаг болсон. Үүний тулд хамтдаа хийх зарим ажлыг зарлах гэж байна. Үүнд монголчууд сэтгэл санаа, хүч чадлаа нэгтгэн хийх гурван ажил бий.
Нэгдүгээрт, шударга ёсыг сэргээн тогтоох,
хоёрдугаарт, байгалийн баялгийг ард нийтийх болгох, чинээлэг дундаж давхаргыг дэмжиж босгох юм.
Шударга ёсыг сэргээн тогтоохын цаана таван жилийг бий болгох хэрэгтэй.
Нэгдүгээрт, улс төрд бий болсон шударга бусын хонгил нийгмийн бусад салбарт халдварлаж байна. Тиймээс энэ хонгилыг эвдэж нураана. Хоёрдугаарт,иргэдийнхээ итгэлийг өөрсдийнхөө шуналаас доогуур үзэж байгаа энэ УИХ тараахаас энэ шинэчлэлийг эхэлнэ. Гуравдугаарт, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээдэг болгоно. Иргэдэд халтай, эрх мэдэлтнүүдэд ээлтэй хууль журмуудыг нэн даруй хүчингүй болгох шаардлагатай. Хувь хүн засагладаг биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе. Дөрөвдүгээрт, намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Ингэснээр улс төрд шударга байдал бий болно. Тавдугаарт, сонгуулийг жижиг тойрогт явуулж, мөнгө тараадгийг болиулах нь зөв. Мөнгө тарааж санал татахыг төрийн эсрэг гэмт хэрэгт тооцдог болох хэрэгтэй...
...Чинээлэг дунд давхаргыг бий болгох цаг аль хэдийнэ болсон. Монголчууд алийн болгон цөөхөн нь баяжиж, олонх нь ядуурсан нийгэмд амьдрах юм бэ. Тиймээс чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжих ажлыг хийе. Нэгдүгээрт, шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязаарлаж, цалин орлогыг нэмэгдүүлнэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжие. Том аж ахуйн нэгжүүд шиг нүсэр тайлан тооцоо гаргахыг шаардах шаардлагагүй. Энэ бүхнийг хамтдаа хийж шударга бусын хонгилыг нураах "Нэгдмэл Монгол" хөдөлгөөнийг байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн чинь сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна"хэмээсэн юм.
Энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа:
"Би АН-ын гишүүн хэвээрээ. Гэхдээ намдаа сэтгэл дундуур байгаа. Нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн гарц шийдлийг олоход АН оройлон дуугарч байх ёстой. Өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. " гэсэн.
Үүнээс хойш тэрээр Орхон аймагт ажиллаж, "Нэгдмэл Монгол" хөдөлгөөнийхөө үйл ажиллагаа, зорилтыг танилцуулж, иргэдтэй уулзаад байна.
Түүнийг цаашдаа "Нэгдмэл Монгол" хөдөлгөөнөө нам болгож, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцоно гэх мэт яриа гарч буй ч энэ нь одоохондоо тодорхой болоогүй аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхий Сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг АН-ын өнөөгийн удирдлагаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших 21 квот өгөхийг хүсэх, нэхэх хослуулан өгүүлж буй гэнэ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших 76 нэр дэвшигчийн 21 нь Н.Алтанхуяг ба түүний фракцийн хүмүүс байх ёстой бололтой.
Хэрэв энэ тохиролцоо нэгэнт амжилтанд хүрэхгүй бол "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн нам болохыг ч үгүйсгэхгүй гэх буюу нэг ёсондоо Н.Алтанхуяг АН-ын удирдлагуудыг "шантаажилж" буй гэж дүгнэж болох ажээ.
П.Энхмандах
SONIN.MN