Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл боловсруулсан
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд “нас барсан, өөр ажилд шилжсэн, өөрөө хүсэлт гаргасан, хүндээр өвдсөн эсхүл Үндсэн хуулийн цэц эгүүлэн татах дүгнэлт гаргасныг УИХ хүлээж авсан, гэмт хэрэг хийсэн нь эцэслэн тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татна” хэмээн заасан.
Харин С.Эрдэнэ гишүүн уг заалтад “Тухайн тойргоос хамгийн сүүлийн УИХ-ын сонгуульд оролцож, саналаа өгсөн иргэдийн гуравны нэгийн гарын үсгээр гишүүнийг эгүүлэн татна” гэсэн заалт нэмж тусгах хуулийн төсөл боловсруулжээ.
Тэрбээр, “УИХ-ын гишүүд хариуцлагагүй, төрт ёсны уламжлалаа дагадаггүй, амлалтаа биелүүлдэггүй тухай гомдол иргэдээс байнга ирдэг. Тиймээс гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ сонгогчдын гуравны хоёр нь гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар гишүүнийг шууд эгүүлэн татна. Үүнд ямар нэгэн санал хураалт явуулахгүй юм. Мөн Сонгуулийн тухай хуульд, “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар иргэдийн гарын үсэг бүхий мэдээлэл ирсэн тохиолдолд СЕХ-ноос 60 хоногийн дотор сүүлийн сонгуульд оролцож, санал өгсөн иргэдийн нэрийг гаргаж, гарын үсгийг баталгаажуулна” гэсэн заалт оруулж байгаа. Бусад оронд нийт сонгогчдын 10-50 хувийн гарын үсэгтэй бичиг ирсэн тохиолдолд хууль тогтоох дээд байгууллагынхаа гишүүнийг эгүүлэн татдаг туршлага бий” хэмээв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|