Ерөнхийлөгчийн хуулийг ингэж дүгнэв

2019 оны 1 сарын 23

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай  хуулийн өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.  Хуульд УИХ-ын даргыг гишүүдийн олонхи нь чөлөөлөх санал гаргавал түүнийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан билээ.  Ерөнхийдөө энэ хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод зориулан баталсан гэж болно. Тэгвэл эрхзүйн экспертүүд хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгааг хүргэж байна. 

Улс төр судлаач В.Удвал: Парламен­тын  засаглалтай оронд спикер нь хуулиар хамгаалагдсан байх нь эрсдэлтэй

-УИХ-ын даргыг хуулийн хүрээнд ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоо тэгээд хуулийг нь баталчихлаа чөлөөлөх асуудал яригдах байх. Зарим хүмүүс энэхүү хуулийн өөрчлөлтийг буруу гэж ярьж байна. Улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоно гэж тайлбарлаж байна. Миний хувьд эсрэг байр суурьтай байна. Харин ч парламентын засаглалтай оронд УИХ-ын дарга маш том бүрэн эрхтэй байх нь эрсдэлтэй. Удирдаж байгаа хүмүүсийн олонх нь чөлөөлөх хүсэлтэй байвал тэдний саналыг хэлэлцэх нь парламентын засаглалын гол ойлголт юм.

Улстөрчид парламент гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр буруу хэрэг хийчихээд тэнд ороод суувал намайг хөдөлгөж чадахгүй юм байна гэж хардаг.  Ийм сэтгэхүйгээр хандаад байх юм бол энэ улс орон нураад унана шүү дээ. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Монгол хүний сэтгэлгээнд сайн удирдагч чухал гэдэг  ойлголт байдаг. Үндсэн хууль баталж байхад ажиллаж, гал тогоог нь барилцаж байсан хүний хувьд парламентын засаглал ямар чухал болох, яагаад өнөөдөр ардчилсан орнууд үүнийг хүсэмжилж үүний төлөө явдаг юм бэ гэдгийг ойлгосон. Нэг хүний гаргаж байгаа шийдвэр 76 хүний шийдвэр яаж ч бодсон  ухаантай хандвал 76 хүн асуудалд хандах хандлага бодит байна.

Хуульч Б. Гүнбилэг: Хууль дээдлэх ёсны зарчимд нийцэж байх шаардлагатай

-Хуульд үндэслэл байх ёстой. Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёсны зарчимд нийцэж байх шаардлагатай. Хамгийн энгийн логикоор авч үзэхэд яагаад УИХ-ын даргыг огцруулах гэж байгаа үндэслэлээ тайлбарлах ёстой. Түүнээс таалагдахгүй байна гэдэг бол үндэслэл биш. Хэрэв ёсзүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж үнэхээр ёсзүйн зөрчил гаргасан эсэхийг нь тогтоолгох хэрэгтэй. Гишүүдийн олонхийн саналаар чөлөөлнө гэдэг эргээд тогтворгүй байдал бий болгоно. Жишээлбэл, гурван нам 20, 20 суудалтай, үлдсэн нь бие даагч байлаа гэхэд УИХ-ын даргын суудал хамгийн тогтворгүй болж хувирна.

Уг нь УИХ-ын дарга зөвхөн хуралдаан даргалагч биш юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээс гадна Ерөнхийлөгчийг эзгүйд орлох бүрэн эрхтэй. Тиймээс зөвхөн хурал даргалагч гэсэн байдлаар хандахгүйгээр тогтвортой байдлыг хангах хэрэгтэй.

Хуульзүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян: Спикерийн үүргээ гүйцэтгээд явахад л болно

-УИХ бол 76 хүний хамтын эрх мэдэл. Гэтэл УИХ-ын даргад онцгой бүрэн эрх байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл,УИХ-аас томилогддог өндөр албан тушаалтнуудыг зөвхөн Их хурлын даргын үзэмжээр шийдэж томилж байгаа нь өрөөсгөл. Бараг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа илүү УИХ-ын дарга гэдэг онцгой эрх мэдэлтэй албан тушаал болж хувирлаа. Ялсан намын дарга нь Ерөнхий сайдаас илүү УИХ-ын даргаараа үлдэх сонирхолтой байна. Мөн Их хурлын даргын албан тушаалд дөрвөн жил хадаатай байдгийг болиулах хэрэгтэй.

УИХ-ын дарга бусад 76 гишүүнтэйгээ адилхан л нэг тойргоос сонгогдсон. Гэтэл яагаад илүү онцгой эрх мэдэлтэй байх ёстой гэж. Зөвхөн чуулганы хуралдааныг удирдах буюу спикерийн үүргээ гүйцэтгээд явахад л болно. Тиймээс цаашид хууль журмыг сайжруулахдаа УИХ-ын даргын бүрэн эрхийг эргэж харж, хязгаарлаж УИХ-аас томилдог албан тушаалтнуудыг нам эвсэл, гишүүдийн олонхийн саналаар шийддэг болох зэргээр Үндсэн хуулийн зөрчлийг арилгах нь зөв.

Хуульч О.Алтангэрэл: Эрх мэдлийг  хязгаарлах зэргээр эргэж харах хэрэгтэй

-УИХ-ын дарга гэхээс илүү парламентын спикер тал руугаа явах нь зүйтэй. УИХ-ын дарга ч гэсэн 76 гишүүний адил нэг саналын эрхтэй. Хэрэв парламентын засаглал, УИХ-ын даргын одоогийн дархлааг хэвээр үлдээе гэж үзсэн бол М.Энхболд Ерөнхийлөгчийг хуулийн төсөл өргөн баримагц огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй байсан. Хэрэв тэгсэн бол өнөөг хүртэл өөрийнхөө ярьсан “хууль ёсыг хамгаалж байна” гэсэн үгээ бататгасан, олон түмний хүлээлтийг хангасан, хэтдээ зөвшилцлийг авчирсан зөв алхам болох байлаа. Гэтэл өдий хүртэл УИХ-ын даргыг олонхиор огцруулах хуулийг батлах хүртэл албан тушаалаа өгөхгүй байгаа нь үнэхээр энэ хүн парламентын засаглалын дархлааг хамгаалж үлдэх сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй.

УИХ-ын даргын албан тушаалыг хөндсөн энэхүү хуулийг сайжруулахдаа эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах зэргээр эргэж харах хэрэгтэй. Бүр Төрийн өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээс  эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд суурь зарчмаар нь авч үзэх шаардлагатай. Тухайлбал, квотын асуудал буюу УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа хоёр жил, эсвэл дөрвөн жил байх уу зэргээр олонхиороо огцруулдаг тогтолцоог илүү болосвронгуй болгох хэрэгтэй.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профeссор О.Мөнхсайхан: Хууль хэрэгжсэнээр УИХ-ын дарга Ерөнхий сайдын “утсан хүүхэлдэй” л  болно

-Одоо үүсээд буй асуудлыг зөвхөн Үндсэн хуулийнхаа дагуу шийдвэрлэхгүй бол бүх юм хөл толгойгоо мэдэгдэхээ болино. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан. ҮАБЗ бол УИХ-д даалгавар өгдөг газар биш. Ингэвэл УИХ байх утгагүй болох нь. Хууль тогтоох эрх мэдлийг ҮАБЗ-ийн чиглэлийн хүрээнд эдэлнэ гэж юу гэсэн үг үү. Үндсэн хууль зөрчиж гарч ирсэн хүнд Үндсэн хуулийг итгэж хадгалуулж болох уу.

Парламентын спикерийг олонхоор сонгодог ч хяналт тэнцэлийг хангахын тулд сонгогдсоны дараа спикер нь олонхоос тодорхой хэмжээнд хамгаалагдах хэрэгтэй. Иймээс, Үндсэн хуулийн 24.2-т “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн. Гишүүдийн олонх УИХ-ын даргыг чөлөөлдөг хуулийн төслийг баталснаар энэ заалтыг зөрчиж байна.

Ямар ч үндэслэлгүйгээр олонхиор түрий барьж чөлөөлдөг болсноор УИХ-ын дарга олонхийн буюу Ерөнхий сайдын “утсан хүүхэлдэй” болж, Засгийн газрыг хянаж чадахгүй болно, УИХ-ын дээр нам гарна. УИХ дахь цөөнхийн хамгаалалт суларна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин Т.БАТСАЙХАН, С.УЯНГА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599563
1 эможи

Zochin
2019-01-23 10:46
Munkhsaikhan khuulich chin uneniig khellee.
keyboard_arrow_up