АН-ын бүлэгээс мэдээлэл хийлээ
АН бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдаж байгаа ч, түүнийг огцруулах асуудалд гарын үсэг зурахгүй гэлээ.
Харин УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах хатуу байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдлээ.
АН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ыг тараах асуудлаар Төрийн ордонд самбар байршуулж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн юм. Одоогоор УИХ-ыг тараах самбарт 14 гишүүн гарын үсэг зураад байна.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болдын намаасаа гарах асуудлаар мэдээлэл өглөө. Түүний гаргасан эхний өргөдөл АН-ын үндсэн дүрэмд нийцээгүй учир хүлээж аваагүй гэнэ. Улмаар энэ сарын 17-нд Л.Болд гишүүн намынхаа анхан шатны байгууллагад дахин өргөдөл гаргажээ.
Уг өргөдлийн дагуу АН түүнийг албан ёсоор намаасаа чөлөөлөх асуудлыг шийдвэл бүлгээр хэлэлцэн шийдвэрлэх гэнэ. Хэрэв Л.Болд гишүүний намаасаа гарах асуудал эцэслэн шийдэгдвэл АН УИХ-д албан ёсоор бүлэггүй болох юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын даргыг огцруулах хөдөлгөөн өрнүүлсэн таван гишүүн М.Энхболдыг огцрохыг шаардсан 30 мянган иргэний гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад гардуулан өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|