АН: Тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна
Ардчилсан нам шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн баталж, өнөөдрөөс шинэ үзэл баримтлалынхаа гол зарчмуудыг танилцуулах аяныг эхлүүллээ.
Шинэчлэн баталсан үзэл баримтлалд "Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна.
Үзэл баримтлалын хүрээнд Ардчилсан нам эрхэм зорилгоо "Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай ардчилсан Монгол Улс...” хэмээн тодорхойлжээ.
Аяны нээлт Блю скай зочид буудлын хурлын танхимд болж, шинэчилсэн дүрмийн гол зарчмуудын талаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд илтгэл тавилаа.
"ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХАМГИЙН ГОЛ ЧИГ ШУГАМ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ"
Гэрэл зургийг mpa.mn
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ч.Отгочулуу:
Ардчилсан намыг таван нам нэгдэж байгуулсан байдаг. Таван намын нэгдэл гэдэг утгаараа үзэл баримтлал маань улс төрийн бүхий л чиглэлийг оруулсан байдалтай байсан. Заримдаа социал демократ ч юм шиг, эсвэл барууны ч юм шиг. Энэ ойлгомжгүй байдлыг нэг талдаа гаргаж байгаа.
Шинэ үзэл баримтлалын хамгийн гол чиг шугам бол хувь хүний эрх чөлөөг дээдлэх зарчим юм. Хоёр дахь гол багана бол чөлөөт зах зээл буюу эдийн засгийн эрх чөлөө. Гурав дахь том зохицуулалт бол хуулийн засаглалыг дэмжих. Үүгээрээ ямар нэгэн баатар, мундаг удирдагч, аль нэгэн намыг дагах биш, зөвхөн хууль засаглаж байя аа гэсэн санааг илэрхийлж байгаа.
"ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ НИЙТ ПОПУЛИЗМЫН ЭРИН ҮЕД АМЬДАРЧ БАЙНА"
Гэрэл зургийг mpa.mn
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж:
Өнөөдөр дэлхий нийт популизмын эрин үед амьдарч буй. Энэ нь хоёр шалтгаантайгаар бий болж байна. Нэгдүгээрт, нийгэмд байгаа бүлгүүдийн ялгаатай байдлыг хурцатгасан популизм гарч байгаа. Тухайлбал, шашны бүлгүүдийн хооронд хагарал үүсгэх, орлогын ялгаатай байдлыг дэмжих, үндэсний цөөнхийг тусгаарлах гэх мэтээр улс төр хийж байна. Үүний үр дүнд нийгмийн хагарлыг бий болгосон популист үйлдлүүд гарах болсон.
Хоёрдугаарт, дэлхий нийтэд сонгогчдын саналыг авах зорилгоор төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг жишиг хавтгайрсан. Нийгмийн халамж амалдаг улстөрчдийн мөрийн хөтөлбөр Америк, Европын орнуудад ажиглагдаж байгаа. Энэ хоёр үзэгдэл хоёулаа Монголд бий.
Манай улсын хувьд сүүлийн 10 гаруй жилийн төсвийг задлаад харахад зөвхөн сонгогчийн саналыг авах зорилгоор маш их хэмжээний мөнгийг үргүй зарсан.
Дээр дурдсан нөхцөл байдал дэлхий нийтийн асуудал болсон. Тиймээс АН энэ цаг үеийн шаардлагаар үзэл баримтлалаа шинэчлэх ажил хийлээ. Шинэчилсэн үзэл баримтлалд намын гишүүд юу хийж болох вэ гэдгээс гадна юу хийж болохгүй вэ гэдгийг тусгаж өгснөөрөө онцлогтой.
Үзэл баримтлалыг боловсруулахаар гурван ажлын хэсэг байгуулж ажилласан. Эдгээр ажлын хэсгийн гишүүдийн 50-аас илүү хувийг залуучууд бүрдүүлсэн.
"ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ БОЛ ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЖ БАТАЛДАГ ГОЛ АРГА ХЭРЭГСЭЛ"
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Номингэрэл:
Үзэл баримтлалыг шинэчлэх ажил сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж байна. Шинэ үзэл баримтлал цоо шинэ бичиг баримт биш. Ардчилсан нам байгуулагдсан цагаас хойш барьж ирсэн бодлогоо дахин хэлбэржүүлж баталсан. Энэ үзэл баримтлалын нэг чухал хэсэг нь шударга ёсны эрх чөлөө гэсэн ойлголт байгаа. Шударга ёсыг орчин үеийн ардчилсан тогтолцоонд хуулийн засаглалаар дамжуулж бий болгодог. Хуулийн засаглалыг бий болгоход АН цаашид ямар бодлого баримтлах вэ гэдгийг үзэл баримтлалд тусгасан.
Хуулийн засаглал бол шударга ёсыг бэхжүүлж, баталдаг гол арга хэрэгсэл бөгөөд улс төрийн болон бусад эрхийг баталгаажуулдаг тогтолцоо. Монголд өнөөдөр хууль ёс хэрэгжихгүй байгаатай холбоотой маш олон буруу үйлдэл ажиглагдаж байна. Гэхдээ бид ингэлээ гээд тэр чигээр нь хаяж болохгүй. Энэ нь төр засаг, тодорхой цаг үеэс үл хамаараад улсын хөгжлийн суурь ноён нуруу болдог учраас нийтээрээ хууль ёсыг сэргээн хөгжүүлэх ёстой.
Ардчилсан нам Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг бүх гишүүдээр хэлэлцүүлж, олон нийтийн саналыг сонссоны үндсэн дээр 2018 оны арванхоёрдугаар сарын 5-нд IX их хурлаар батлуулсан бөгөөд Дээд шүүхэд 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор бүртгүүлж, баталгаажуулаад байгаа юм.