УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт тагнуулын хэргээр оноосон найман жилийн ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жил хорих ял оногдууллаа.
Тэрбээр, УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байв. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс “маш нууц” зэрэглэлд хамаарах мэдээ, мэдээлэл яригдаж байдаг. Энэ мэдээллийг ҮАБЗ-ийн гурван том тушаалтан буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд л мэддэг юм. З.Пагмажавын хувьд Эрүүгийн хуулийн 79.1-ээр буюу улс орны нууцыг задруулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял сонсож байгаа нь анхны тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний зөвлөхийн ажил эрхэлж байсан хүн Эрүүгийн хуулийн 79.1-ээр ял сонсож байгаа нь анхны тохиолдол юм.
Увс аймгийн харьяат түүнийг Тайваний тагнуулын байгууллагад ажиллаж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэх үндэслэлээр ял оноосон нь олон нийтийг цочирдууллаа. Уншигчдадаа эргэн сануулахад, З.Пагмажавд холбогдох дээрх хэргийн талаар УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2015 онд IKON.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Тагнуулынхан, таны зөвлөхийг шалгах шаардлагатай байна. Энэ тантай болон таны хийж байгаа ажилтай ямар ч холбоогүй. Таны зөвлөхийн ажлын бус цагаараа, хувиараа хийж байсан ажилтай холбоотой асуудал. Тийм учраас бид нар шалгах шаардлагатай байна, ажлаас нь чөлөөлж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсан. Би хүсэлтийг ёсоор болгож үнэн зөвийг олж шалгах ажилд нь хүндэтгэлтэй хандсан.
Гэхдээ 79.1 гэдэг хуулийн заалт бол маш бүрхэг заалт. Нууцын хууль гэдэг чинь олон улсын хэмжээнд маш олон ангилалтай зүйл байдаг юм. Маш нууц, нууц, тодорхой хүрээнд хаалттай гэх мэт. Хариуцлагын заалт нь өөрөө тодорхой байх ёстой. Нэг бүхэл хайрцагт хийгээд нэг бүхэл өгүүлбэрээр оноож байгаад ял оноодог зүйл байж болохгүй гэж бодож байна. Эх орноо худалдах хэмжээний айхавтар том мэдээлэл худалддаг байсан бол эрх биш хажууд нь ажиллаж байгаа хүний хувьд мэдрэх байсан. Тэр айлын амьдралыг хараад үзэхээр нэг өрөө байртай, байрны зээлтэй хоёр хүүхэдтэй амьдралаа авч явах гээд зүтгэж байгаа залуу гэр бүл.
Миний нүдэн дээр мөнгө төгрөг цацаад, хэрэглээд байгаа зүйл ерөөсөө харагддаггүй байсан. Юу болчихов оо, гэж асуухад амьдралдаа нэмэр болох үүднээс хувиараа орчуулга хийсэн л гэж хэлдэг. Цаад улсууд нь ямар хүмүүс болохыг мэдэхгүй гэдэг.
Манайхан болохоор, Батчимэг яагаад хажууд нь тагнуул байхад мэддэггүй юм гээд байгаа юм. Би тэр хүнд нууц материал, бичиг баримт хадгалуулаад хуваалцаад байдаг байсан бол өөр хэрэг. Ямар ч тийм юм байхгүй. Энэ асуудал үнэхээр ард иргэдийг цочирдуулж байгаа. Өөрөө ч, ар гэрийнхэн нь ч маш их цочролд орсон байсан. Хоёр хүүхэд нь байна” хэмээн ярьж байжээ.
Харин З.Пагмажавын талаар түүний нөхөр н.Жаргалтөгс 2015 онд Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Миний хань ийм хэрэг хийх хүн биш. Хэдийгээр Тайваньд сургууль төгссөн ч сургууль төгсөж ирснээсээ хойш ажлын шугамаар хоёр удаа л явж байсан санагдаад байна. Олон биш.
Анх ямар хэргээр байцаагдаж байгаагаа мэдэх үед хань минь жирэмсэн байсан. Ихэр байсан юм. Гэтэл цагдан хорьсноос болж хүүхдүүд минь зулбасан. Эхнэрт минь ял шийтгэл өглөө гэдгийг хэвлэл мэдээллээр зарласнаас хойш охин, хүү хоёр минь хичээлдээ явах дургүй болсон. Манай хүн УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй (гишүүн асан) Стратеги судалгааны хүрээлэнд хамт ажиллаж байсан. Сүүлд гишүүн болоход нь зөвлөхөөр нь ажилласан” хэмээн уйлан ярьж байсныг уншигчдадаа сануулъя.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
|