Шударга бус хүмүүс МАН-аас шахагдан гарч байна
Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товлосон бөгөөд энэ удаагийн хурлаар нам доторх хагаралаа засна гэх хүлээлт үүсээд байгаа юм.
МАН-ын үүрийн дарга нар болон төлөөлөл, намын дэргэдэх ТББ-ын гишүүд
"Сүүлийн үед МАН-ын дотоод асуудал даамжирч улс орны асуудал болоод байна. Сүүлийн гурван долоо хоног УИХ хуралдаж чадсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАНАН, шударга бусын хонгил гэх мэт нэр бүхий удирдлагууд нэгнээ гүтгэх, доромжлох асуудал даамжирч байгаа учраас өнөөдрийн хурлыг гурван чиглэлээр хурал хийж байна.
1. Үүсээд буй асуудлаа дотооддоо шийдэх хэрэгтэй. МАН-ын Бага хурал маргааш хуралдах тул дотооддоо ярилцах, төрийн ажлыг гацааж байгаагаа зогсоох хэрэгтэй. МАН-ын дотоод хагарал улс оронд сөрөг үр дүн их авчирч байна. Бага хурлаараа дотооддоо асуудлаа шийдэж энэ асуудлаас хурдан гарах хэрэгтэй.
2. Жирийн гишүүдийнхээ дэмжлэгээр төрд гарсан УИХ-ын гишүүд маань өөрсдийн хувийн эрх ашгаа бодохоосоо илүүтэй нам, улс орны эрх ашгийг нэгт тавих хэрэгтэй. Гэтэл өөрсдийн эрх ашгийн төлөө үхэхээс наагуур үзэлцэж байна. МАН-ын залуу гишүүд бид харж байна. Үнэхээр МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил байдаг юм байна. Уран сайхны кинон дээр гардаг мафи байдаг юм байна. Улс төрийн намууд хамтарч өөрсдийнхөө төлөө хууль зохиодог, ажилладаг хүмүүс байдаг юм байна.
3. 60 тэрбум. Тухайн үед 2016 оны сонгуулийн өмнө манай намын удирдлагууд хэн сайн ажиллаж, сайн хичээсэн нь хүнийг анхаарч ажиллана гэж байсан. Гэтэл өнөөдөр намын удирдлагууд МАН-ын удирдлага, тухайн үеийн дарга нарын ар гэрийнхэн төрийн ажилд орж, чадваргүй хүмүүс ажиллаж байна. МАН төрд зарчимтай ажиллаж чадах олон мянган залуу боловсон хүчин бий. Эдгээр залуучуудыг дарга нар мартсан байна.
Дарга нар вакумд ороод гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна.
Мөн 100 жилийн түүхтэй нам сүйрч байна гэж ярьж байна. Тэгвэл ҮГҮЙ. Харин ч цэвэрших шатандаа явагдаж байна. Монгол улс улстөрийн соёлтой болж цэвэрших үйл явц болж байна. Шударга бус хүмүүс МАН-аас шахагдан гарч байна. Өөрийн эрх ашгийн төлөө, бүлэглэлийн эрх ашгийн төлөө намын нэр хүндийг барьдаг зүйл өнөөдрөөр дуусч байна.
Хяналтын ерөнхий хороо дүгнэлтээ гаргаж, шударга бус гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.
Энэ бол ганцхан М.Энхболд гишүүний эсрэг хийж байгаа ажил биш. Харин 28 жилийн турш бугшсан идээ бээрийг хагалахын төлөө жирийн гишүүд бид тэмцэж байна. Шударга ёсыг нам дотроосоо эхлүүлье." хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|