Лидергүй АН
С.Эрдэнэ хэлсэндээ хүрч, АН өдгөө лидергүй намын эгнээнд бүрэн шилжлээ. Үзээд өгье гэсэн ч нам, төрийн ажлын дадпага туршлагатай гэхээр эрхэм энэ намд бараг үлдсэнгүй. УИХ-ын 2016 оны сонгуулиар иргэдээс хатуухан үнэлгээ авсан АН-ыг тэргүүлэх болсон С.Эрдэнэ дарга “Манай нам лидерийн араас хөөцөлдөхгүй. Тэднийг урьж залж, хүндэт индэрт суулгадаг цаг өнгөрсөн” хэмээн хатуухан дуугарсан. Тэрбээр хэлсэндээ ч хүрч өнгөрсөн хугацаанд АН-ын дүр төрхийг бүрдүүлж, нүүрний эгнээнд явсан эрхмүүдийг нэг нэгээр нь сугалсаар өдгөө УИХ-ын хэдэн гишүүнээс өөр хүн үлдэхгүй нь бололтой. Намын даргын энэ үйлдпийг ротацийг жинхэнэ утгаар нь явуулах үүднээс харвал эрүүл үзэгдэл байж болох. Гэвч намынх нь гишүүдийн хэлж буйгаар хувьчлал маягийн ажиллагаа өрнөөд байна гэх. Үнэхээр ч сүүлийн хэдхэн сарын дотор АН-д өрнөсөн үйл явцаас ажиглахад намын дарга өөрт нь таалагдахгүй хэн бүхнийг хөөж тууж, намын гишүүнчлэлээс хасах үйл явц өрнөж байна. Эцэс сүүлд нь сөрөг хүчнийх нь байр суурь хүртэл ганхаж, УИХ-д бүлэггүй болох нөхцөл үүслээ.
Тодруулбал, АН-ын дарга хэдхэн хоногийн өмнө гурван ч гишүүндээ хариуцлага тооцсон. Ингэхдээ нэгийг нь намаас хөөсөн бол хоёрыг нь дөрвөн жилийн хугацаанд улс төрийн сонгуульд нэр дэвших, ажил албан тушаал хашихыг хориглосон юм. АН-ынхан “АН бол хамгийн сайн дотоод ардчилалтай нам” гэж чанга дуугаар хэлсээр ирсэн ч өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголт хийсэн гишүүддээ хатуухан хариуцлага тооцох нь тэр. Харамсалтай нь, энэ шийдвэр "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгч болсон юм. Тодруулбал, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж чадаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Мурат, Ж.Батзандан, Л.Болд нар Засгийн газрыг авч үлдэхээр кноп дарсан юм.
Улс төрийн намын эцсийн зорилго нь төрийн эрхийг барих. Энэ үүднээсээ Засгийн газрыг унагахад сөрөг хүчин уухайн тас дэмжих ёстой атал есөн гишүүний гурав нь ийнхүү бүлгийнхээ эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Тиймээс АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаад Ж.Батзанданг намаас хөөхөөр шийдсэн бол Д.Мурат, Л.Болд нарын сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй Ж.Батзандан, Л.Болд нар санал нийлэхгүй гэдгээ хатуу илэрхийлсэн бөгөөд Л.Болд гишүүн эхлээд намын бүлгээс гарахаар шийдсэн ч “хүссэнийх нь зоргоор гаргаад явуулчихдаггүй” гэх утга бүхий хариултыг намынх нь удирдлагууд өгсөн. Ингэснээр тэрбээр АН-ын гишүүнээс татгалзах өргөдлөө гаргасан нь АН-ын улс төрд өрнөсөн бас нэг үзэгдэл болсон юм. Учир нь, анхны Үндсэн хуулийн эхийг барилцсан, УИХ-д тасралтгүй дөрвөн удаа сонгогдон ажиллаж буй Л.Болдыг АН-гүйгээр, АН-ыг ч түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ энэ нь мэдээж үзэгдэх талаасаа биш гэдэг нь тодорхой. Нөгөөтэйгүүр, гурван гишүүн ямар шалтгаанаар бүлгээсээ өөр байр суурь илэрхийлсэн, энэ нь тэдэнд ямар ашигтай эсэхийг түр орхиё. Харин АН доторх ардчилал ямар төвшинд байна вэ гэдгийг энэ үйл явцаас бэлхнээ харж болохыг тодотгох нь зүйтэй болов уу.
Харин одоо АН-аас өрх тусгаарласан лидерүүдийн жагсаалтыг харъя. Дээр дурдсанчлан Л.Болд гишүүн сүүлчийнх нь болж байна. Түүнээс өмнө Баянзүрх дүүргийн Засаг дарга, АН-ын даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдавааг намаас нь хөөсөн. Урагшлуулаад харвал АН-ын лидерүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох С.Баярцогтыг, Дубайн гэрээтэй холбоотойгоор хууль, хүчнийхэн шалгаж эхэлсэн сургаар намаас хөөчихсөн. Цаашилбал, албан ёсоор нийтэд зарлаагүй ч АН-ыг эрх мэдэлтэй байхад хамгийн том албан тушаалд ажиллаж байсан эрхмүүд АН-аас тусгаар орших болсон.
Үүнийг нийтлэлч Баабар баталсан. Тэрбээр өнгөрсөн зун твиттер хуудастаа “АН- аас 116 хүн хөөгдсөний дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Баабар, Д.Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн бичсэн нь бий. Энэ үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч АН-аас хөөсөн талаарх мэдээлэл гарч байв.
Хачирхалтай нь, энэ бүх мэдээллийг АН-ын одоогийн удирдлагууд шууд үгүйсгэдэггүй. Цөөнгүй хүнийг намаас хөөсөн эсэх талаар хэвлэлийнхэн лавлахад “Үндэсний бодлогын хорооны гишүүдийн идэвх, оролцоог онооны системээр үнэлдэг болсон. Тиймээс АН-ын гишүүд намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгааг оноогоор дүгнэнэ. Хангалтгүй байвал намаас түдгэлзүүлнэ. Ингэж ротацид орсон хүмүүс өндөр оноо аваад дотоод сонгуульдаа эргээд оролцож болно” гэх утга бүхий тайлбар хийж байв. Үүнээс үзэхэд дээрх эрхмүүд дотоод сонгуульд доогуур оноо авсан бөгөөд өнөөдөр ч үйл ажиллагаагаа идэвхжүүлээгүй байна. Тэр бүү хэл, зарим нь шинээр нам байгуулах тухай ярьж эхэлсэн нь АН “гудамжинд” гарсныг илтгэх шиг. Үгүй гэхэд АН хаана байна вэ?
Ард түмэн АН-ын нэрээр сонгуульд өрсөлдсөн хүмүүсээс есөд нь итгэл хүлээлгэсэн. Ингэснээр АН УИХ-д бүдэгтэй болж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх эрхтэй болсон. Гэвч намын даргын ноёрхол, дотоод зөрчил хуваагдал нь тэднийг бүлэггүй болгож орхиод байна. Төрийн үйл ажиллагаанд АН ийнхүү сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахааргүй болсон. Тэгвэл гудамжинд гарахад, иргэд сонгогчдын өмнө очиход АН-ыг хэн төлөөлөх вэ. Лидергүй учраас төрийн ажлын туршлагагүй дадлагажигчид АН-ыг төлөөлөх үү. Лидер гэдэг үг дан ганц олны танил гэх утга илэрхийлдэггүй. Философийн ухааны доктор Б.Галиндэвийн хэлсэнчлэн “Улс төрийн намыг төлөвшүүлнэ гэдэг лидер төлөвшүүлэх үйл явц" юм. Өөрөөр хэлбэл, лидерийг төлөвшүүлэх нь нам, төрийг төдийгүй нийгмийг өөрчлөх чухал суурь болох учиртай. Гэтэл лидергүй АН ирэх сонгуулиар иргэдийн өмне хэрхэн очих вэ гэдэг нь асуултын тэмдэг үлдэж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|