Б.Наранхүү гишүүн эрдэнэ мэт эгчийнхээ сургалтын зээлийг төлчихөөсэй
АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн эгч Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилж түүн, ногооруулах гэж гүйж явахад нь татаж, улстөрд хөл тавиулсан нэгэн. Хувийн бизнесийнхээ хамтрагчид байсан тэд улстөрд орохдоо нэг намд элсэхгүй, яахаараа ч хоёр том намд хуваагдаад ордог юм. Ер нь ч төрсөн ах дүүсээрээ улстөрд хөл тавигчид итгэл үнэмшил, үнэт зүйл гээч юмгүй байдаг бололтой. Сонгууль болно, аль нэг олонх болно. Гэхдээ аль нэг намын сонгуулийн ялагдал гэр бүлээрээ нам, улстөрийг сонгосон нөхдөд түй ч ялгаагүй байгаа нь харагддаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэг АН-ын гишүүн бол “Монос” группийн ерөнхийлөгч, ах Хүрэлбаатар нь МАН-ынх. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар МАН-аас шат ахидаг бол дүү Д.Дагвадорж АН-ыг даган харайж явна. Энэ нь тэднийг намын бодлого, байр суурь, итгэл үнэмшлийг дагасан гэхээсээ илүү аль засгийн үед нүүртэй, нүхтэй байх гэсэн бизнес тооцооллоос өөрөөр харагдуулдаггүй нь үнэн. Анхнаасаа ч тооцоотойгоор улстөрд хөл тавьдаг биз. Түүний нэг жишээ нь дээрх Б.Наранхүү, Б.Саранчимэг нар. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилжтай ноцолдож явсан эгчийгээ эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын төв байрыг барихад нь хандив нэрээр хэдэн төгрөг өгүүлээд л тус намын хүндэт гишүүдийн нэг болгож, өнөөх нь өдгөө УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болчихсон цэлэлзэж яваа.
Б.Саранчимэг гишүүний хувьд уг нь боловсрол өндөр эмэгтэй төрийн түшээдийн тоонд багтаж явдаг ч харамсалтай нь ядарсан иргэдийнхээ өмнүүр орж, боловсролын төрийн сангаас зээл авч боломжийг нь булаасан хөгийн намтартай. Тэрбээр төрийн зардлаар АНУ-ын Гавайн Номхон далайн Их сургуулийг дүүргэсэн ч өнөөг хүртэл боловсролын зээлээ эргүүлж төлөлгүй АТГ-ын хар жагсаалтад орон зарлагдсаар байна. Аль эртний ийнхүү ядарсан нэгний хоолыг булаадаг зан нь тэдний төрөлхийн араншин бололтой. УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нар төрсөн дүү Б.Одончимэгийнхээ үүсгэн байгуулсан “Сингапур хэльткейр сентр ХХК”-д гурван сарын өмнө 800 сая төгрөгийн зээл авч өгснөө баригдуут “Сүртэй юм, төлчихнө. Төлчихөөд дүүдээ хүүгүйгээр 2.0 тэрбумыг өөрөөсөө зээлдүүлнэ” хэмээн ард иргэдээ тохуурхан, бэл бэнчингээ гайхуулсан. Хэдий ингэж тохуурхан, баярхсан ч тэдний эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлага бий. Учир нь дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар 800 сая төгрөгийн зээл авсан гэх боловч үүнээс бүтэн сарын дараа буюу 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр УБЕГ-т бүртгүүлсэн байх нь хачирхалтай. Түүнчлэн Гадаад худалдаа, Худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан тус компани яахаараа ч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой зээлээс хүртчихсэн явдаг юм. Байгуулагдаад удаагүй, тэр тусмаа огт өөр үйл ажиллагааны чиглэлтэй компани яахаараа 800 саяын зээлийг авч чаддаг билээ. Нөгөөтэйгүүр, тэдний бага дүү Б.Оюунаагийн нөхөр В.Үнэнбат нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал тул тус сангийн зарлагыг ч ухаж үзэх хэрэгтэй. Эхнэрийнхээ төрсөн эгчийн шинэ компанид зээл олгоход мань В.Үнэнбат нөлөөлсөн ч байж болох талтай. Ингэж хардахаар эрхэм эгч дүүс хүргэн хүүдээ хэрэг тохчихоод алга болчихвий гэх эмээлт ч бас бий. Ямартай ч бэл бэнчингээ гайхуулж, түмэн олноо төрийн ордноос тохуурхан баярхах Б.Наранхүү гишүүн та эгчийнхээ Боловсролын өрийг төлөөд өгчихөөч. Бусад хардалт, сэрдэлт, таамгийн мөрөөр хууль, хяналтынхан нь ажиллаад үнэн мөнийг олоод өгөх биз ээ.
Эх сурвалж: niigmiintoli.mn
|