МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан дээр Бага хурлаа хуралдуулна гэдгээ бүлгийнхэндээ дуулгасан. Тус намын Бага хурлын товыг зарлахаар өнөөдөр /2018.11.12/ Удирдах зөвлөл нь хуралдахаар болжээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас МАН-ын гишүүд тэрбум, тэрбумаар нь зээл авсан асуудал нийгмийн дуулиан хэвээр байна. Энэ асуудал эрх баригчдын зөрчлийг хурцатгаад зогсохгүй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлаараа зарим хүнд хариуцлага тооцож, намаас хөөх арга хэмжээ авахаар болсон тухайгаа дуулгаад буй юм. Тэрбээр "Бага хурлыг хуралдуулж хариуцлагын асуудал ярина. Ерөнхий сайдаар томилогдоод би нэг жил болж байна. Томилогдохдоо эдийн засгаа сэргээх, төрийн албаны хариуцлагыг сайжруулах зорилт тавьсан. Эдийн засгийн байдал дээшилсэн. Харин нөгөө зорилт нь хангагдахгүй байгаа. Тиймээс тун удахгүй МАН асуудлаа ярина. Энэ Засгийн газар цаашид ажиллах ёстой эсэхийг ч ярина. Намын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр намынхантайгаа хариуцлага ярина. Болохгүй бол ард түмнийхээ дэмжлэгийг авна. Тэгээд бүр болохгүй бол би өөрөө огцорно" гэдгээ хэлсэн билээ. Мөн түүнчлэн өнгөрсөн дөрвөн хоног МАН-ынхан бужигнаантай, засгийг огцруулах асуудал хөндөгдөөд эхэлсэн гэх мессеж Тусгаар тогтнолын ордноос нисэх болжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|