МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргалаа
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж шийдвэрээ танилцууллаа.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УЕП-оос УИХ-ын даргад ирсэн. Бүлгээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан" гэв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
"УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон гэсэн асуудал хуулийн байгууллага оруулж ирэх юм бол гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Үүний дагуу Прокуророос арваннэгдүгээр сарын 5-нд эрүүгийн хэрэгт шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай тухай асуудлыг оруулж ирсэн. Дэгийн процессийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо болон чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх дараалалтай. Санал хураалт нууцаар явагдах дэгтэй.
Б.Батзориг сайдын эрхлэх хүрээнд хамаарах олон агентлагийн нэг нь ЖДҮХС юм. Энэ сантай холбоотой үйл ажиллагаан дээр Б.Батзориг гэдэг хүн алдаа дутагдал, ёс зүйн хариуцлагаа хүлээгээд өөрөө өргөдлөө өгч, сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ гэмт хэргийн шинжтэй холбоотой асуудлаар ямар нэгэн байдлаар татгалзсан, хориглосон, цааргалсан тийм үйлдэл байхгүй. Нэг удаа гэрчээр дуудагдсан. Тиймээс заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байх шаардлагагүй гэж үзсэн. Аливаа шалгах процесст сайдын хувиар оролцох ямар ч боломжгүй болсон гэж үзсэн" гэлээ.
Дээрх мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Намынхан нь аваад үлдэж байгаа юм байна. Энэ хүн өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол зүгээр шалгуулж болдоггүй юм уу. Ингээд нам нь аваад үлдчихээр хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадах юм уу?
-Шалгуулахгүй гэсэн юм байхгүй. Ямар нэгэн байдлаар Б.Батзориг гишүүнтэй холбоотой зүйлийг шалгаад явахад хууль хяналтын байгууллагад хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Хэзээ ч дуудсан бай тэр үед нь энэ хүн очоод байцаалтаа өгөөд явах бүрэн боломжтой.
-Хоёр сайд ЖДҮХС-гаас зээл авсан байсан. Яагаад ганцхан Б.Батзориг сайдын асуудал яригдаад байгаа юм бэ. Я.Содбаатар сайдад хариуцлага тооцох эсэх тухай асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ?
-Б.Батзориг сайд өөрийнхөө эрхлэх асуудлыг хүрээд алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч, өөрөө хүсэлтээ гаргасан. Нөгөө сайдын хувьд ёс зүй талаасаа боломгүй зүйл. Нөгөө талаас хууль зөрчсөн үйлдэл мөн үү биш үү гэдгийг хуулийн байгууллага тогтоох учраас хариуцлага тооцох эсэх нь явцын дунд яригдана.
-Б.Батзориг гишүүнийг хуулийн байгууллага шалгаад буруутай нь нотлогдвол гишүүнээсээ татгалзана гэсэн үг үү?
Ш.Раднаасэд: -Хууль хяналтын байгууллага шалгаад гэм буруутай нь тогтоогдвол гишүүнээс татагдана.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|