Г.Янжинсүрэн: Сайд асан Д.Эрдэнэбат 7.3 тэрбумын зээл олгосныг баримтаар нотолсон
Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлтэй холбоотойгоор АН-ынхан ажил хаялт зарлаад буй.
Учир нь эрх баригч намын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүс ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, үүнийг нэг тийш болготол Байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл АН-ынхны тавьсан уг асуудлыг Засгийн газраас аль хэдийнэ шалгаж эхэлсэн бөгөөд сарын өмнөөс Сангийн яамныхан ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг шалгаж эхэлснээ хэлж буй. Түүнчлэн хууль зөрчсөн аливаа зөрчил илэрвэл хариуцлага хүлээлгэнэ гэдгээ ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. "Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэдэгчлэн асуудал үүсгэж, ажил хаяж буйгаа зарласан АН-ын бүлгийн дарга ч ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хажуугаар тойроогүй дайрсан болох нь сүүлийн өдрүүдэд баримтаар ил болоод байгаа. Түүний хувьд "Би ямар ч зээл аваагүй" гэх тайлбар өгч байгаа ч Аж үйлдвэрийн сайд байхдаа өөрийн гарын үсэгтэйгээр нэр бүхий комланиудад ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд хамруулж байсныг албаныхан нотлоод эхэллээ. Тодруулбал, Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч Г.Янжинсүрэн энэ талаар тайлбар өглөө Тэрбээр "2015-2016 онд тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдын тушаалаар нийтдээ 23.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг. Жишээлбэл, 2015 онд 7.3 тэрбум төгрөгийн зээлийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэж үзэх үндэслэл байна. Тухайн үед зээл олгохдоо сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулсан эсэх нь тодорхойгүй. Зээлийн хурлын шийдвэр байхгүй, зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлсэн эсэх нь ч тодорхойгүй. Санхүүгийн баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй зэрэг зөрчил бий. Цаашлаад эдгээр зээлийн үндсэн эх баримтыг яаж бүрдүүлсэн нь мөн бүрхэг. Ер нь тухайн аж ахуйн нэгжүүдийн үндсэн баримтыг харахаар дандаа сайдын тушаалын хавсралтаар зээл олгож байсан нь батлагдаж байна" гэлээ.
М.Өлзий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин