ИРГЭДЭЭ СОНСОЖ, ИТГЭЛЦЭЛ ДЭЭР ТУЛГУУРЛАСАН АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ӨГДӨГ

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын Хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын тавьсан “Нэгдмэл хүч, нийслэлийн хөгжил” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.                                                  

Эрхэм журмын нөхөд өө!
Нийслэлийн МАН-ын бага хурлын хүндэт төлөөлөгчид өө!
Намын анхан шатны байгууллагуудаас нийт 36,000 гаруй гишүүдийнхээ итгэлийг өвөртлөн нийслэлийн МАН-ын XXXIV бага хуралдаа төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй 360 Төлөөлөгчиддөө баяр хүргэж, амжилт хүсье!
         Энэ өдөр та бид 33 дугаар бага хурлаас 34 дүгээр бага хурлын хугацаанд нийслэлийн МАН-ын хорооноос хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны амжилт ололт, үр дүн, алдаа дутагдал, сургамж туршлагаа тайлангаасаа сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх алсын хараатай бодлогоо МАН-аас сонгогчдынхоо өмнө амлалт мөрийн хөтөлбөрийг тодорхойлохоор хуран цуглаад байна.
2014 оны 4 сарын 15-нд хуралдсан нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурлаас хойш нийслэлийн МАН-ын хороо нь 189 гишүүнтэй, 13 тэргүүлэгчтэй бүтэц зохион байгуулалттай ажиллаж байсан бол 2016 оноос 17 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн бүтэц 1 дарга, 5 дэд даргатай, дэргэдээ 4 төрийн бус байгууллага, Хэрэг эрхлэх газар, 9 дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, дүүргийн МАН-ын хорооны гишүүд, төрийн бус байгууллагын сонгуультнууд, 152 үүрийн дарга, дэд дарга, тэргүүлэгчид, төрийн бус байгууллагын салбар зөвлөлд нийт 1.500 орчим идэвхтэн сонгуультантай, 34.896 гишүүнтэй улс үндэсний хэмжээнд салбар бүтэц бүхий улс төрийн хүчний томоохон бааз суурь болон ажиллаж байна. Нийслэлийн МАН-ын нийт гишүүд нь эмэгтэй-18016, эрэгтэй 16880, насны бүтцийн хувьд нийт гишүүдийн 61-ээс дээш насны гишүүд 30,4%,  46-60 насны гишүүд 28,2%, 35-45 насны гишүүд 19,8 %, 18-35 насны гишүүд 19,1 % тус тус эзэлж  байна.
         Эрхэм бага хурлын гишүүд нөхөд өө!
      МАН-д Монголын ард түмэн итгэл хүлээлгэж буйгаа өнгөрсөн сонгуулиудаар харууллаа.
    УИХ-ын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 330 сумаас 232 суманд буюу 70.4 хувьд МАН ялалт байгуулав. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчдийн 75,5% буюу 34 мандатыг, 9 дүүргийн 295 мандатын 195 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авч ялалт байгууллаа.
Шат шатны сонгуульд МАН ийнхүү амжилттай оролцон сүүлийн 10 гаруй жил үзүүлээгүй амжилт, үнэмлэхүй ялалт байгуулсан нь ард түмэн, сонгогчдоос маань МАН-ыг эдийн засгийн уналтыг сааруулж, төр засаглалын түвшинд гарсан бодлогын алдаа завхралыг засаж, улс үндэстнийхээ хөгжлийг ул суурьтай тодорхойлон ирээдүйгээ даатгаж болох улс төрийн хүчин мөн гэж үзсэн үнэлэлт дүгнэлт, итгэл найдварын илэрхийлэл юм. УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох шат шатны сонгуульд сэтгэл зүрхээрээ идэвхтэй ажиллаж, намаа ялалтад хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан намын гишүүд, идэвхтэн сонгуультан, сонгуулийн менежерүүддээ нийслэлийн МАН-ын Бага хурлын өмнөөс халуун талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуульд баг хамт олноо нэгтгэн зангидаж, цаг үеэ мэдэрч, хүчээ нэгтгэж ажилласан намын анхан шатны тэргүүний байгууллагууд болох Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо болон дээрх дүүргүүдийн намын дарга, гишүүд, сонгуультан идэвхтэн нартаа нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлын нэрийн өмнөөс онцгойлон халуун баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Arslan.mn
    Хэдий бид УИХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотод ялагдал хүлээсэн нь бодит үнэн бөгөөд олон шалтгааны улмаас дараалласан сонгуулиудад эрс тэс ялгаатай үр дүн үзүүлэхэд хүрсэн гэж дүгнэж болно. Улс төрийн сонгуулиуд цаг хугацааны хувьд хэт ойрхон, парламентад олонх болж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлж буй улс төрийн хүчний байгуулсан төр засгийн газрын эхлүүлсэн, шийдвэрлэсэн үйл ажиллагааны үр дүн нь богино хугацаанд нийгэм болон айл өрхөд хараахан мэдрэгдэж эхлээгүй, нэр дэвшигчдийг дэмжих үйл ажиллагаа, багийн нэгдмэл байдал алдагдсан, сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан хууль бус олон хүчин зүйл нөлөөлснийг үгүйсгэхгүй. Ялалтын амтанд өөгшихөөс илүүтэй ялагдлын ташуурт хурцлагдаж, ирэх сонгуулиудад амжилт үзүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
Намын бага хурлын гишүүд, төлөөлөгчид өө!
Нийслэлийн МАН-ын хорооны 33 дугаар Бага хурлаас хойших хугацаанд  нийслэл хотын түвшинд МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл явц, үр дүн, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын тухай хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга замаа тодорхойлон ярилцах хариуцлагатай бага хурал болж байгаагаараа  өнөөдрийн хурал онцлогтой юм.
Миний бие нийслэлийн МАН-ын хорооны намын дотоод ажил болон Намын анхан шатны байгууллага өнгөрсөн цаг хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаатай нухацтай танилцан нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэж ирсэн хугацаанд хэрэгжүүлж ирсэн ажлыг нэгтгэн дүгнэж, төрийн эрх барьж буй улс төрийн хүчин МАН-ынхаа 2016 оны УИХ-ын болон нийслэл, орон нутгийн сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлаа хэрхэн зөв оношилж, тулгарч буй асуудлуудаа эрэмбэлэн ажиллах вэ гэдэг дээр санал бодлоо дэвшүүлснээ Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна.
Улс үндэстнийхээ хөгжлийг үүсэн байгуулагдсан цагаасаа эдүгээг хүртэлх зуугаад жилд бодлого, үйл ажиллагаагаараа түүчээлж, манлайлж ирсэн МАН-ын маань гол түшиц найдвартай бааз суурь, оюун санааны цөм нь нийслэлийн МАН-ын хороо түүхэн бүхий л цаг хугацаанд байсаар ирснийг тэмдэглэхэд бахархалтай байна.
Монгол Улсын хүн амын гуравны нэг нь суурьшин амьдарч байгаа Улсын маань нийслэл хотын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нийслэлийн намын бага хурлын гишүүнийхээ зүгээс оруулсан хувь нэмрээ дүгнэж цэгнэн дор бүрнээ нэгийг тунгаан суугаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр засгийн бодлогын эрх хэрэгжүүлэгч МАН-ын хувьд улс, хотын төсөв эдийн засагт хүндрэл үүсэж, өрийн дарамт бий болсон нэн түвэгтэй цаг үед мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах хүндхэн сорилт тулгарсныг Та бүхэн мэдэж байгаа. Улс орны эдийн засагт үүссэн хямралыг даван туулах нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотын хувьд Хөгжлийн банкнаас зээл болон концессын гэрээ хийгддэг бүх эрхийг Засгийн газраас цуцлах шийдвэр гарч байв. Хөгжлийн банкнаас авсан зээл, концессын гэрээний эргэн төлөлт гэх мэт 140 орчим тэрбум төгрөгийн өр бүхий хотын эдийн засгийг бид хүлээн авч байлаа. Гэвч бидэнд шалтаг зовлон тоочиж арагшаа суух эрх байхгүй, ард түмэн сонгогч олныхоо өмнө амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр намын хамт олон багаараа өнөөдрийн өдрийг хүртэл хичээн зүтгэж хүчээ дайчилж ажилласны үр дүнд нийслэл хотын төсөвт үүссэн 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг тэглэн улмаар үр ашиг алсыг харсан бүтээн байгуулалтын тухай хэлэлцэж суугаа маань Та бид бүгдийн ажлын бодит үр дүн, ололт мөн.
Улаанбаатар хотын хэмжээнд 2016 онд 248,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол 2018 онд 409,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөж ажлаа эхлүүлээд байна.
    Эдийн засгийн уналт, хөрөнгө оруулалтыг зогсонги байдал, үйлдвэр аж ахуйн газрын сулрал зэрэг их нийслэлийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлсэн ч эдийн засгийн хүрээ, багтаамжийг өргөтгөж төсвийн орлогыг жил бүр биелүүлж нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр хичээж ажиллаж байна.
Улс төрийн үйл ажиллагааны цаг хугацаа асар хурдтай өнгөрч байна. Үндсэндээ МАН шат шатны сонгуульд ард түмнийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тайлагнахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдэж байна. Эрх барьж буй МАН тэргүүлсэн нийслэл хотын удирдлагын зүгээс бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах хугацааныхаа талаас илүү хугацаанд ямар асуудлыг шийдэж, ямар үйл ажиллагаа явуулж ирснийг хамтдаа сонсохыг хүсэж байна.
Цаг үе биднээс мэдрэмж, хурд, бодит үр дүнг шаардаж байна.
    Тайлангийн хугацаанд намын хороо анхан шатны үүрүүдээс 50 гаруй томоохон ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн байна.
Нийслэлийн МАН-ын хороо жил бүр тодорхой зорилго дэвшүүлж биелэлт үр дүнгээ дүгнэж ажиллав.
2013 оныг “Намын анхан шатны байгууллагуудыг дэмжих жил” болгон нийт 152 намын үүрийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, үйл ажиллагааг тогтмолжуулж, намын гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультны санаачилга, оролцоог нэмэгдүүлэн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих, намын нэр хүндийг өргөх зорилт тавьж, “Нэг зорилго-Нэг баг” уриан дор хүчээ нэгтгэн ажиллаж ирсэн нь намын анхан шатны байгууллагуудын болон гишүүдийн идэвхийг сэргээхэд хувь нэмрээ оруулсан жил боллоо.
2014 оныг “Итгэлцэл-Эв нэгдэл” уриан дор намын анхан шатны байгууллага, гишүүдээ чадавхжуулах, дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарал хандуулан ажиллажээ.
2015 оныг “Залуучууд олон нийттэй ажиллах жил” болгон, зөвхөн намын дотоод ажлыг чанаржуулахаас гадна нийгмийн дэмжлэгийн хүрээг нэмэгдүүлэх, гишүүд дэмжигчдийн хүрээг өргөтгөх, намын ажилд гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд оновчтой зорилт, тодорхой үр дүнг бий болгосон жил болсон гэж дүгнэж болохоор байна.
2016 оны хувьд улс төрийн үйл ажиллагааны хариуцлагатай бөгөөд цаг үеэ мэдэрч бодитой дүгнэлт хийж, тодорхой үр дүнг бий болгох оновчтой үйл ажиллагааг “Ялалтын төлөө хамтдаа” гэсэн уриан дор явуулсан нь улс төрийн шат шатны байгууллагуудыг сонгох сонгуульд амжилт үзүүлсэн та бидний хамтын хүч оролцооны бодит илрэл болсон юм.
2017 оныг Нийслэлийн Монгол ардын намын хороо “Сахилга хариуцлагын жил” болгон зарлаж ажиллалаа.
МАН-ын Бага хурлаас чиглэл болгосны дагуу Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос 2017 оныг “Сахилга-хариуцлагын жил” зорилт дэвшүүлэн, намаас сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтан, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг дарга, орлогч нар, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, дүүргийн намын хороод дүүрэгт сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн албан тушаалтнуудтай ёс зүй хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна.
2018 онд Нийслэлийн МАН-ын хорооноос “Намын анхан шатны байгууллагыг идэвхжүүлэх жил” болгох зорилт дэвшүүлэн жилийн ажлын нээлтийн үйл ажиллагааг Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулж шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэн  ажиллаж байна.

Arslan.mn
Намын хорооны дотоод ажлыг сайжруулах талаар:
Нийслэл, дүүргийн Намын хороодын дотоод үйл ажиллагааны эмх цэгцийг сайжруулах, мэдээ мэдээллийн урсгалыг түргэсгэх, харилцан санал солилцох зорилгоор Намын анхан шатны байгууллагын дарга нарын шуурхай хурлыг сар тутам зохион байгуулж, үүрэг даалгаврын биелэлтийг тухай бүр тооцон ажиллаж хэвшлээ.
Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 152 үүрт сүүлийн 6 сарын хугацаанд тасралтгүй, сар бүр санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа нь гишүүд дэмжигчдийн хүрээнд өрнүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нь багагүй хувь нэмэр болж байна.
Намын гишүүд дэмжигчдийнхээ эгнээг өргөтгөхөд чиглэсэн олон талт ажлуудыг зохион байгуулж, орчин үеийн мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулахын зэрэгцээ гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл, судалгааг гарган баяжуулан ажиллаж байна.
“Дүүргийн намын хороодын 2017-2020 онуудад үйл ажиллагаандаа баримтлах чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байгаа нь сонгуульт идэвхтэнүүдийн хариуцлагыг дээшлүүлэх хүчин зүйл болж байна.
Тулгамдсан асуудалтай аж ахуйн нэгж, цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг, үйлдвэр үйлчилгээний газруудын болон ажилтай орлоготой болгох намын гишүүдийнхээ  судалгааг гаргуулан холбогдох байгууллагуудад нь хандаж шийдвэрлүүлэхэд намын идэвхтэн, сонгуультнууд санаа тавин ажиллаж байгаа нь зөвхөн гишүүддээ дэмжлэг үзүүлэх төдий бус иргэд төр, захиргааны байгууллагын нээлттэй хамтын ажиллагааны гүүр нь болж буй сайн ажлын эхлэл юм.
Намын бага хурлын гишүүн, Нийслэлийн Намын хорооны гишүүдийн идэвх оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой зорилтот ажлыг зохион байгуулж татвар хураамжийг төвлөрүүлэх, “Үнэн” сонины захиалгыг нэмэгдүүлэх зэрэг ажил намын үүрүүдийн түвшинд тогтмолжих хандлагатай байна.
Нийслэлийн МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо, НАМЭХ, НАМОХ, НАМЗХ-ны үйл ажиллагаа тогтмолжиж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэн намынхаа бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нийслэлийн намын хороо талархаж байдаг юм.
Өнгөрсөн он жилүүдэд нийслэлийн МАН-ын хорооноос явуулж ирсэн үйл ажиллагаа, зорилтуудыг дүгнэж үзэхэд:
Нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг сайжруулах, Намын анхан шатны байгууллагын дотоод ажлыг тогтмолжуулах, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, сонгуульт идэвхтэнүүдээ чадавхжуулах зорилгоор:
-2017-2020 он хүртэлх үйл ажиллагааны баримтлах чиглэлээ тодорхойлох,
-МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн
-Улаанбаатар бүсийн зөвлөгөөн
-Үүрүүдийн уулзалт
-Манлайлал 50 сургалт
-152 үүрийн шуурхай зөвлөгөөн
-Шуурхай зөвлөгөөн
-Туршлага солилцох уулзалт
-Дүүргүүдийн идэвхтэй сонгуультнуудын уулзалтыг хийж
-Зөвлөхүүдийн танхимыг байгуулан ажиллуулж эхэлсэн нь намын хорооноос явуулж буй үйл ажиллагаанд цаг бүрд нь үнэлэлт дүгнэлт өгч цаашдын бодлогоо тодорхойлж ажиллахад зохих үр дүнг бий болгох болсон төдийгүй уламжлал болгон авч явах ажлын зөв зүйтэй хэлбэрүүд болсон гэж үзэж байна.

Нийслэлийн МАН-ын хороо, Намын анхан шатны байгууллага, гишүүдийнхээ үүрэг хариуцлагыг сайжруулах талаар дараах ажлуудыг хийж иржээ:
-Намын гишүүдийн бүртгэлийг шинэчлэн, цахим үүр төсөл хэрэгжүүлэв,
-Нийслэлийн МАН-ын хорооны нууц баримт бичгийн жагсаалт болон нууцын журмыг боловсруулан баталж, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллаж эхлээд байна.
-Намын хорооноос намын ажилтан идэвхтэн, сонгуультны ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж ирлээ. Мөн Намын анхан шатны байгууллагад тавигдах шаардлага стандартыг шинэчлэн боловсруулж гаргав,
-Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн үнэмлэхжүүлэлт хийж дуусгав,
-Нэг үүр-Нэг өдөр аяныг өрнүүлж  хяналтын нэг өдрийг бий болголоо,
-“Монгол үндэстний бахархал” төслийг амжилттай хэрэгжүүллээ,
-“Зүрхний Улаанбаатар бодлогын институт”-ыг байгуулсан нь намын анхан шатны байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохуйц оновчтой ажил болсон гэж үзэж байна.
Нийслэлийн намын хороо, НАШБ-ын үүрүүд, идэвхтэн сонгуультнууд маань намын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд нийгэм рүү, гишүүд рүүгээ чиглэсэн яг ямар тодорхой ажил өрнүүлснээс аль нь бодит үр дүнд хүрч, улс төрийн намын нэрийн хуудас болж нутагшсан, ямар ажил, асуудлууд нь цаг хугацааны хувьд төлөвлөгөөт ажил, биелэлт төдий болж үлдсэнийг агуулгынх нь хувьд багцлан дүгнэж ярья.  

Arslan.mn
Аливаа улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол үндсэндээ улс төрийн хүчнээс төрийн бодлого тодорхойлж, эрхээ хэрэгжүүлэхээр нийгмийн гишүүддээ санал болгож буй бүтээгдэхүүн юм.
Үзэл баримтлал, төлөвлөж буй ажил чиглэл зорилгоо олон нийтэд сурталчлан, нийгмийн дэмжлэг хандлагыг эерэг болгох, дэмжигчдийн хүрээг өргөтгөх нь намын байгууллагын амьд харилцааг бий болгодог хүчин зүйл байдаг. Нийслэлийн МАН-ын хорооноос зохион байгуулсан “Иргэдээ сонсъё”, Бид хамтдаа-Сайн үйлсийн хандивын аян, Малчдад туслах уриалга, “Шилдэг бүтээлийн дээжис" тоглолт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх” хандивын тоглолт, “Өгөх өдөр”-ийн бэлэг өдөрлөг зэрэг нь нийгэмд тулгамдаж буй асуудалд НАШБ, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүч оролцоогоор нөлөөлөл, хувь нэмрээ оруулж, идэвхжүүлэх улс төрийн намын нийгэмдээ хандсан хүмүүнлэгийн сайн үйлсийн аяны эхлэлийг бий болгож гишүүддээ урам зориг өгч, дэмжигчдийнхээ хүрээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болохуйц үйл ажиллагаанууд боллоо.
Дээрх ажлын хүрээнд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлсэн “Эрүүл иргэн-Эрүүл хот”, “Хотын хөгжилд-Иргэн таны оролцоо”, “Хотын хөгжлийн ирээдүй”, “Хотын хөгжилд-Залуусын оролцоо” хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаануудыг зохион байгуулж, эмхэтгэл болгон хэвлүүллээ. Намын сонгуульт идэвхтэнүүдээ ч идэвхжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Спорт, урлагийн наадмуудыг үе шаттай зохион байгуулсан нь идэвхтэн сонгуультнуудад урам өгсөн ажил боллоо.
Дашрамд тэмдэглэхэд улс төрийн зарим намуудын зүгээс эрх баригч намын үйл хэрэг, түүхийг гуйвуулсан, өдөөн хатгасан үйл ажиллагаанд цаг алдалгүй хариулт өгч, хурдтай шийдвэр гарган ажиллаж ирлээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2015 онд их жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Энэ шийдвэр зөвхөн нэг талбайн нэрийг өөрчилсөн хэрэг бус юм.
 МАН улс төрийн хүчнийг үүсгэн байгуулагч болон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн байгуулсан гавьяаг үгүйсгэхийг санаархсан, түүхийг өөрчлөн гуйвуулах санаа зорилго бүхий үйл ажиллагаа байсан билээ. Энэ шийдвэрийг МАН-ын гишүүд төдийгүй хотын жирийн иргэд эгдүүцэн хүлээж авсан юм.
НИТХ-ын 4-р хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын маань хоймор нь болсон төв талбайг Д.Сүхбаатарын нэрэмжит талбай байсаар ирсэн нэршлийг дахин сэргээлээ.
Нийслэлийн МАХН-ын түүхэн тойм номуудад 1925 онд нийслэл хотод МАН-ын байгууллага үүсэн байгуулагдсанаас хойших 90 жилийн түүхийг багтаан бичиж оруулав. Намынхаа цадиг түүхийг дархлан оюун бодлоо чилээж, сэтгэл зүрхээ дайчлан ажилласан эрдэмтэн судлаач, түүхчид, намын зүтгэлтнүүддээ нийслэлийн намын бага хурлын төлөөлөгчдийн өмнөөс баяр хүргэж, чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье.
Цаг үе түүхээ бүтээж, цэц мэргэд мөнхлөн туурвиж, үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг учиртай. Түүхийг хэн нэг нь зохион өөрчилж, өмчилж болдоггүй, түүх бол ард түмний оюун санааны үнэт өв мөн гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оруулсан МАН-ын хувь нэмэр ихээ. Нийслэлийн МАН-ын байгууллага их хотын хөгжилд оруулсан бодит түүх, баримт материалыг судлан нэгтгэж “Итгэл даасан 90 хавар” баримтат киног бүтээлээ.
Түүх, эрдэм шинжилгээ судалгааны нийтлэл болсон 4 бүлэг, 40 гаруй минут үргэлжилсэн кино зохиолыг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхч, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Болдбаатар бичиж, монгол кино студийн хамт олон дэлгэцнээ мөнхлөх нөр их ажлыг хичээнгүйлэн гүйцэтгэлээ.
2012-2018 онуудад нийслэлийн МАН-ын хорооны гадаад харилцаа өргөжин тэлж, Английн Хөдөлмөрийн нам, Австралийн Хөдөлмөрийн нам, “Нэгдсэн Орос” намын  Москва хотын намын хороо, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Коммунист намын байгууллага, Тайваний Гоминданы намтай хамтран ажиллах ажил хэргийн уулзалт, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд хийгдэж, зарим тодорхой үйл ажиллагааны дээр туршлага солилцох, хамтарч ажиллах эхлэлүүд тавигдаад байна.
Нийслэлийн МАН-ын  34 дүгээр бага хурлын төлөөлөгчид өө!
Тайлант хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааг агуулгын хувьд,
-Намын хорооны, Намын анхан шатны байгууллагын дотоод ажил, гишүүд, сонгуультнуудад чиглэсэн үйл ажиллагаа,
-Намын хороо, Намын анхан шатны байгууллага, хороо үүрээс дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлж идэвхжүүлэх зорилгоор нийгэм рүүгээ чиглэсэн ажлууд хийснийг дээрх хэлбэрээр Та бүхэндээ тоймлон хүргэлээ.
Дээр өгүүлсэн үйл ажиллагааны үр дүн аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнгээр илэрхийлэгдэж гарсан нь аливаа улс төрийн хүчний ажлын амжилт идэвх санаачилгаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг харуулж байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх 28 дугаар Их хурал дээр хэлсэн үгэндээ:
“Бид нар маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажиллах ёстой. МАН-аас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх ёстой. 2020 оны сонгуульд бид нар ард түмэндээ амласан амлалтаа биелүүлсэн, ард түмнийхээ ажил амьдралыг өөд нь татсан, ийм улс төрийн хүчин сонгуульд орох ёстой гэдгийг бид бүгдээрээ ойлгож байна” гэж онцлон тэмдэглэсэн билээ.
    Иймд нийслэлийн үйл ажиллагааг тасралтгүй, давтамжтай, хурдтай хүчтэй үргэлжлүүлж ирэх сонгуульд үр дүнтэй оролцох зорилт тулгарч байна. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үйлст нийслэлийн 36 мянган намын гишүүд, дэмжигчид олон мянган иргэн бүрийн идэвхтэй оролцоог өрнүүлэх нь туйлын чухал.
Улс төрийн ажил мэдрэмж хандлагаас ихээхэн шалтгаалдаг. Намын ажилтнуудад маань улс төрийн намуудын өрсөлдөөнд ялж гарах арга барил, сонгогчдын сэтгэл зүйтэй ажиллах хандлагадаа нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцэж ажиллах арга барилд өөрчлөлт хийх цаг иржээ.
Туршлагаас харахад иргэд сонгогчдын хувьд улс төрийн байгууллагын уриа лоозон, хэлбэр хөөсөн үйл ажиллагааг санахыг хүсэхгүй байна. Харин ямар бодит үр дүнг бий болговол өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш бий болох дэвшил үр дүнг анхааралтай ажиглаж  байна.
Нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагааны зорилтод юуны түрүүнд намын ажилтнуудаа шинэ тутам мэдлэг мэдээллээр хангах, туршлага судлуулах, боловсрол мэдлэгээ системтэйгээр дээшлүүлэхэд нь бодлогоор дэмжиж ажиллах болно. Улс төрийн боловсролын түвшин харилцан адилгүй, нийгмийн амьдралын мэдээллийг олон эх сурвалжаас авч, итгэл үнэмшил, бодит байдлын түвшинд анализ хийх янз бүрийн түвшинтэй нийгмийн бааз суурьтай, сонгогчдоосоо улстөрчид бид өөрсдөө түрүүлж боловсорч, мэдлэгжиж, хөгжлийг дагах бус дагуулах хэрэгтэй байна.
Журмын нөхөд өө!
Та бид улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг түүхэн цаг үеийн туршид бичилцэж ирсэн улс төрийн ууган хүчин МАН хэмээх улс төрийн хүчний жанжин тулган дор нэгдсэн журмын нөхөд билээ.

Манай ард түмэн цаг үе бүхэнд улс орон, нийслэл, орон нутгийн хөгжил, иргэдийнхээ, үр хүүхдийнхээ ирээдүйн баталгааг улс төрийн ууган хүчин МАН-ын гишүүд бидэнд итгэл хүлээлгэн даатгаж ирсэн. Энэ итгэлийг үе үеийн ахмадууд, гишүүд маань алдалгүй авч явж өнөөдрийн бидэнд нэр төртэй хүлээлгэн өгсөн билээ.
МАН-ын гишүүд бидний хазайлгаж болохгүй титэм бол Эв нэгдэл гэсэн үнэт зүйл юм. Намын гишүүдийн маань манлайллын үүргийг хэрэгжүүлэн сонгогч, гишүүдийнхээ итгэлийг хүлээн төр засгийн түвшинд ажиллаж буй зарим гишүүний маань ёс зүй, эв нэгдэлгүй байдал нийт гишүүдийн маань санааг зовоож байна.
“Эвтэй байхдаа хүчтэй, эв эеэ эрхэмлэе” гэж удаа дараа ярьж хэлдэг ч өөр хоорондоо сөргөлдөх, бүх хүч чадлыг нь шавхан байж сонгуульд зүтгүүлж ажиллаж ирсэн жирийн гишүүдээ үл тоон мартаж, бүлэг, фракц-д хуваагдан талцах нь манай намыг олон түмэнд муухай харагдуулж байна. Гишүүд дэмжигчдийн маань итгэл илтэд буурч байна. Ууган улс төрийн хүчнийг маань муухай харагдуулах хүчийг нь сулруулах хүсэл сонирхолтой хэсэг бүлэг нийгэмд маань хангалттай байхад хоорондоо хэмлэлдэж хэрэлдэх нь хэнд ашигтай вэ?
Улс орныхоо өчигдөр, өнөөдөр, маргаашийн цагийн алтан аргамжаа болсон ууган улс төрийн хүчин МАН-ын гишүүд маань дотроо ярилцаж намын гишүүний ёс жудаг, нэр төр нандин чанар, манлайллыг бий болгож том эрх ашгаа харж эв эеэ хичээж, хүчээ нэгтгэн гишүүд, дэмжигчдийнхээ саарч буй итгэлийг сэргээхийн төлөө ажиллая хэмээн уриалж байна.
Эрхэм журмын нөхөд өө!
            “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөө бодит ажил, бүтээлч үйлс, хүнд хүрсэн үр дүнгээр амжилттай хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт мөн. Нийслэлчүүд маань МАН-аас дэвшүүлсэн дээрх хөтөлбөрийг талархан дэмжиж 2016 оны шат шатны сонгуульд саналаа өгсөн билээ.

Хот бол амьд организм юм. Тэр тусмаа нийт хүн амын гуравны нэг нь оршин сууж буй нийслэлийн иргэдийнхээ ахуй амьдралын чанарыг тодорхойлох асуудлыг чухалчлах хэрэгтэй байна.
Та бидний бий болгохоор зорьж буй ирээдүйн мега-хотод зөвхөн өндөр байшин, зам барилга гүүрээр хөгжлийг нь томьёолж болохгүй хөгжлийн үед бид ажиллаж байна.
Хотын иргэд аюулгүй орчинд нийтийн үйлчилгээний дарамтгүй, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэддээ ээлтэй орчин нөхцөлийг бий болгох ёстой. Нийслэл хотод маань тулгарч шийдлээ хүлээж буй олон арван асуудлаас иргэдэд тулгарч буй асуудлуудыг юуны түрүүнд чухалчлан авч үзэж үе шаттайгаар шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Arslan.mn
Дээр өгүүлсэнчлэн хөгжлийн стратеги нөхцөл байдлаа зөв оношлох шийдвэрээ зөв эрэмбэлэхээс эхэлдэг билээ.
Эдгээр нь замын хөдөлгөөн, тогтвортой хөгжил, нийгмийн үйлчилгээг боловсронгуй болгож иргэд аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх асуудлууд бөгөөд чухам эндээс манай нийгмийн хэтийн тогтвортой байдлыг хангах шийдлүүд урган гарна.
Хот төлөвлөлтийн асуудал нь зөвхөн өнөөдрийн хотын зохион байгуулалтаас гадна цаашдын ирээдүйн өсөлтийн төлөвлөлтийг багтаан ойлгож ажиллах алсын хараа юм.
Төсөв эдийн засгийн байгаа нөхцөл байдал, аюулгүй амьдрах газар орчин, дэд бүтэц, нийтийн үйлчилгээний хүртээмж зэрэг олон хуримтлагдсан асуудлуудын нэн түрүүнд хотын хүн амын механик төвлөрлийг сааруулах, цаашдаа их хотын төрөлжсөн дагуул хотуудыг бий болгох, дүүрэг, алслагдсан хороодыг эдийн засаг, хөгжлийн хувьд бие даан хөгжихөд эрх зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал тулгарч байна.
Дээрх бодлогын хүрээнд юуны түрүүнд иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй хүчин зүйл болсон хорт утааг багасгах талаар эн тэргүүнд анхаарч Утаагүй Улаанбаатар хөтөлбөр гарган өнөөгийн байдлаар 6 дүүргийн 138 хороог агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулав.
    Хотод  шилжин ирэгсдийг хязгаарлах, суурьшлын бүсийг болон утааны бүсчлэлийг тогтоосон шийдвэрүүдийг гаргаснаар төр засгийн анхааралд хүрч зохих дэмжлэг авахад хүрлээ.
    147.353 хэрэглэгчдийн тарифт тоолуур бүхий 114.512 цэгт 3.3 тэрбум төгрөгийн шөнийн хэрэглээний хөнгөлөлт үзүүллээ. Нэн түрүүн шаардлагатай 200 мянган өрх айлыг цахилгаанаар хангах дэд бүтцийг шийдвэрлэв. Агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа зорилтот бүлгийн 180 иргэдийг дэвшилтэт технологи бүхий халаагуураар хангах ажлыг хийв.
Утааг бууруулах нэг нөхцөл нь иргэдээ байр орон сууцаар хангах  үүрэг мөн. Бага дунд орлоготой иргэдэд зориулан 768 айлын сууцыг барих зураг төсөл инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг эхэллээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй 234 барилгыг буулгаж өөрчлөх шинээр барилгажуулах ажлыг үе шаттай хийж 453 айлыг шинээр орон сууцанд оруулж 727 айлыг шинэ байранд оруулах боломжийг бүрдүүллээ.
     2019 оны II улирлаас эхлэн Нийслэл хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын шийдвэр гарч утаа бага ялгаруулдаг сайжруулсан түлшээр хангах хэд хэдэн үйлдвэр барьснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болно гэж үзэж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж 200-250 өрхийн дунд “Дэд бүтцийн төв” байгуулах ажлыг энэ оноос эхлүүллээ.
Энэ хоёр жилд 93 халаалтын зуухыг буулгаж ерөнхий боловсролын 113 сургуулийн 3520 анги танхим 277 цэцэрлэгийн 1860 бүлэг, эмнэлгийн 600 гаруй тасагт агаар шүүгч тавьж утааны их ачаалалтай үед хүүхдийн өвчлөлөөс хамгаалах ажлыг хийлээ.
    Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Дамбадаржаа, Чингэлтэйд баригдах дэд төвийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэг дэд бүтцийг түшиглэн 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь нийслэлийн дундаж орлоготой иргэдэд зориулсан төсөл байх юм.
Нийслэлчүүдийн маань сэтгэлийг зовоосон асуудал замын түгжрэлийн асуудал болоод байна.
Улаанбаатар хотын замыг өргөтгөх, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг түгжрэлийг шийдвэрлэж болох аль болох олон талаас асуудлыг шийдэхээр ажиллаж байна.
     Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад бид шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан шат дараатай зорилтыг хэрэгжүүлэх болно.
2017-2018 онд 22.3 км авто зам шинээр барьж, 21.5 км авто замыг өргөтгөн шинэчилж,  нийт 142.5  уртааш метр гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлыг хийгээд байна.
    Мөн Яармагийн 360 уртааш метр гүүр, 40 уртааш метр нүхэн гарц барих ажлыг энэ онд багтаан дуусгахаар эрчимжүүлж байна. 5 дүүргийн 26 байршилд 832 автомашины багтаамж бүхий зогсоолыг бий болгов. Эдгээр байгууламжийг бүрэн ашиглалтад оруулснаар замын нэвтрэх чадвар нэмэгдэж, замын түгжрэлийг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна.
Замын хөдөлгөөнийг боловсронгуй болгохын тулд бид эн тэргүүнд ая тухтай, аюулгүй, найдвартай, хямд хүртээмжтэй, ашиглахад хялбар нийтийн тээврийн үйлчилгээг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Нийтийн тээврийн ирээдүй бол “газар дээрх метро” гэгддэг тусгай замын автобус буюу BRT төрлийн систем гэдэгтэй хотын даргын хувьд санал нэгтэй явдаг. BRT систем нь нэгэнт байгаа дэд бүтээцдээ суурилж, өөрчлөлт оруулсан ч явах зам, урсгалаа тодотгож, шаардлагатай бол технологийн шинэчлэл хийх зэргээр л хязгаарлагддаг хялбар аюулгүй тээвэр юм.
Ийм тээвэр ердийн автобусных шиг хүлээлт үүсгэхгүй найдвартай ажиллагаатай, өртөг зардал багатай, (метроны шугам барихаас хавьгүй хямд) уян хатан графикаар нэвтрүүлэх боломжтой зэрэг олон давуу талтайг олон улсын хот төлөвлөгчид ярьж бичиж байна.
Анх Бразилын Куритиба хотод 1974 онд явж эхэлсэн BRT систем нь өдгөө Богота, Сөүл, Станбул, Бээжин, Рио-де-Жанейро зэрэг дэлхийн 200 гаруй хотод нэвтэрч, цаашид ч олон олон хотод бий болох төлөвтэй байна.
    Тусгай болон захын автобусны үйлчилгээг нийслэл хотод нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр Нисэхээс -Долоон буудал, Энхтайвны өргөн чөлөө, 3, 4 хорооллоос-Зүүн  дөрвөн зам хүртэлх замаар тусгай захын автобус үйлчилж эхлэх юм.
Зарим их, дээд сургууль, үйлдвэр аж ахуйн газрыг хотоос нүүлгэн шилжүүлэх замаар хотын механик өсөлт, авто зам, нийтийн үйлчилгээний ачааллыг бууруулахад бодлогын хувьд зөв менежмент болно гэж үзэж байна.
    Улаанбаатар хот руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын 1 хүртэл зогсоосныг та бүхэн санаж байгаа байх.
Жил бүр нийслэлд 20-30 мянган иргэн шилжиж ирдэг байсан. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар өмнөх оноосоо 11.552-оор бага буюу 9.567 хүн шилжин ирж, нийслэлээс 10.161 иргэн орон нутаг руу шилжжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд байнга оршин суугчдын тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарсан юм.
Судалгаанаас харахад орон нутгаас шилжин ирэгсдийн 80-90 хувь нь гэр хороололд бууж яндангийн тоог ганцхан жилд 500-600-аар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр 2017-2018 онд гэр хороолол хүрээгээ тэлээгүй, яндангийн тоо нэмэгдээгүй гэсэн үг. Хотоос гадагш чиглэсэн хүний тоо дотогш чиглэсэн хүний тооноосоо буурсан нь сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй үр дүн юм. Хот гэдэг их айл юм, өнөр өтгөн айл өрхийн түвшинд гардаг бүхий л асуудал нийслэл хотын бодлогын төвд байдаг билээ.
Нийслэлд хог дахин боловсруулах үйлдвэрийг Нарангийн хогийн цэгийг түшиглэн -8, Цагаан давааны хогийн цэгийн дэргэд -11-ийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажлыг нь эхлүүлээд байна.
Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих зураг төсвийн төслийг хийж санхүүжилтийг шийдсэний дээр үнэрийг дарах шинэ технологи нэвтрүүлж байна.    
Эдийн засгийн үр ашигтай байдал нийгмийн, тэр тусмаа нийслэл хотын иргэдийн амьдралд чанарын нөлөө үзүүлж тайван, тогтвортой байдлыг бий болгодог. Гэхдээ дан ганц санхүүгийн механизмаар эдийн засгийн өсөлтийг хангах шийдлээс гадна амьдралын чанарт хөрөнгө оруулах шаардлага өнөөгийн нөхцөлд гарч байна.
Нийслэл хотод улсын хэмжээний боловсролын салбарын 39,8 % буюу 848 нэгж ажиллаж байна.
Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын материаллаг баазыг бэхжүүлэх сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэх цэцэрлэгийн орны тоог өсгөх замаар ирэх хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулийг 2 ээлжид шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 52 цэцэрлэг, 3 бага сургуулийн цогцолбор барих ажлыг эхлүүллээ. 2018 онд нийтдээ 34 сургуулийн барилга болон өргөтгөлийн ажил, 5 сургуулийн спорт заалыг шинээр барина гэсэн зорилттой ажиллаж байна.
Ойрын жилүүдэд шаардагдах хэрэгцээг тооцоход нийслэл хотод 69 сургууль, 162 цэцэрлэг барьж байгуулах эрэлт хэрэгцээ байна.
     Эдгээрийг улс хотын төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орнуудын зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дэс дараатай шийдвэрлэх хороо бүрийг цэцэрлэгтэй болгох, байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болох, хувийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг байгуулах үүсгэл санаачилгыг цаашид ч дэмжиж ажиллана.
    Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулж хүртээмжтэй болгох нь нийслэлийн удирдлагын хамт олны хойшлуулшгүй зорилт мөн.     
2017 оноос эхлэн томоохон эмнэлгүүдийн гадна орчныг тохижуулах, зам талбайг шинэчлэх, 600 гаруй авто машины зогсоол байгуулж, гэмтэл согогийн эмнэлэгт нисэх онгоцны талбайг барилаа.
     2018 онд Нийслэлийн 9 дүүргийн эмнэлгийн орчныг бүрэн тохижуулж, дүүргийн эмнэлгүүдийг мэс заслын тасагтай болгосон. Энэ нь дүүргийн эмнэлэг улсын томоохон эмнэлгийн хэмжээнд ажил үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.
    Элэг шилжүүлэн суулгах ажлыг дэмжиж Хавдар судлалын үндэсний төвд 1.0 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгсэл, дүүргүүдийн эмнэлэгт 285 ор, 142 өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, амьсгалын болон шарлагын аппарат 26-г шинээр авах төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэв.
Та бидний өмнө тулгарч буй шийдэл гарц хүлээсэн асуудлын нэг бол газрын харилцааны асуудал мөн.
Байнгын хэл ам, хардалт сэрдэлт дагуулж байдаг газрын харилцааны асуудалд нухацтай хандахыг эрмэлзэж байна. Зам чөлөөлөлт, ногоон байгууламжаа эрчимтэй нэмэгдүүллээ.
Иргэдийн ажил амьдрал, зорчих зам талбайд саад болж байсан хаалт хашаа, ТҮЦ, павьлон, 230 байршилд бий болсныг чөлөөлөв. 2017 онд ийм зорилгоор 1.179 нэгжийг буулгасан нь өмнөх үеэс 66 хувиар өсөж нөхөн олговрыг 5.1 дахин буурууллаа.
    Туул голын сав газрыг, усны эх үүсвэрийг хамгаалах, зорилгоор элс хайрганы үйлдвэрлэл олборлолтыг зогсоож, голын эрэг дагуу баригдаж буй объектуудыг зогсоох ажлыг өрнүүллээ.
Зөвшөөрөлгүйгээр төлбөр авч авто машины зогсоол болгосон 4 газрыг өөрчилж авто машины худалдаа эрхэлж байсан 19 газрыг чөлөөллөө.
Хүнд суртал, чирэгдлийг багасгах, авиалгалд өртөх хүчин зүйлийг арилгах, иргэддээ илүү ойр, илүү хялбар үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Иргэд нийслэлдээ оршин суухыг тэмүүлж буй томоохон хүчин зүйл нь төрийн үйлчилгээнд илүү ойртож мэдээлэл, бизнес эрхлэх боломж бий болгох зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.
Монгол Улсын нийт иргэдийн тал шахам нь оршин суугаа нийслэлийн төрийн үйлчилгээг сайжруулах нь Монгол Улсын хэмжээний асуудал болж байна. Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах талаар нийслэлийн Засаг даргын зүгээс онцгой анхаарал хандуулж байна. Ингээд хүнд суртал, чирэгдлийг багасгах талаар хийж буй ажлуудыг товчхон танилцуулъя.
Иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулах албагүй болов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг 29 төрлийн бичиг баримтыг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддагийг нэг мөр болиулсан.
Газраа 5 биш 15 жилээр сунгана.
Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгадаг байсан нь тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж амжилгүй, өмч хөрөнгө нь эрсдэлд ордог, ингэснээр газрын албыг тойрсон авлига, хүнд суртлын нэгэн хүчин зүйл болдог зэргийг харгалзан нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилээр сунгах шийдвэр гарлаа.
Түүнчлэн нийслэлд барилга эхлүүлэх зөвшөөрөл авахад илүү хялбар болгож 11 үе шат дамжлага дамжин гурван сар хагас гаруй хугацаанд нийт 61 гарын үсэг зурагдан гардаг чирэгдэлийг багасган цөөрүүлж 6 үе шатлал дамжин 17 хоногт багтааж 4 гарын үсэг авдаг болголоо.
Цэцэрлэгт онлайнаар бүртгэх болов.
Намар болгон эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа урт дараалал үүсгэн дугаарлаж, хонодог байсныг эцэслэж, нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээллийн, технологийн газар хамтран 2017 оноос цэцэрлэгийн хүүхдийг онлайнаар бүртгэх болсон.
“Тээврийн хэрэгслийн татвар”-аа онлайнаар төлдөг болов.
Нийслэлээс програм хангамжийг нь иж бүрэн хөгжүүлснээр иргэд ухаалаг утасныхаа SMARTCAR аппликейшн эсвэл компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой болсон. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлдөг болсон нь иргэдийн цаг завыг хэмнэх хялбар шийдэл болж чадсан.
Нийтийн тээврийн автобус хэзээ ирэхийг утаснаасаа харах болов.
Нийслэлийн иргэд UB Smart Bus гар утасны аппликейшнийг ашиглан Улаанбаатар хотод Нийтийн Тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа бүх автобусыг чиглэл болгоноор аль автобусны буудал дээр явж байгааг болон тухайн автобусны буудалд ямар чиглэлийн автобус ирэхийг мэдэх боломжтой болсон.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь хүн ам төвлөрсөн нийслэл хотын хувьд хойшлуулшгүй чухал зорилт болно.
Аюулгүй хот төслийг боловсруулан гэмт хэргийн хяналтын цогц систем теле камер, эргүүл дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Хотын хэмжээнд 1560 камерыг нэгтгэсэн Удирдлагын төвийн цахим программаар байнга хянаж түүний дагуу шуурхай ажлыг явуулж байна. Нийслэлийн хэмжээгээр камержуулах хөдөлгөөн өрнүүлж 2,211 камер суурилуулан ажилласны үр дүнд 478 зөрчлийг үйлдэл дээр нь, камерын бичлэгээр 281 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авлаа.
Улаанбаатар хотод маань 5600 гэрэлтүүлэг байдаг. Нийслэлийн төв зам гудамж, гэр хорооллын талбайг бүрэн гэрэлтүүлэхэд дахин 90 мянган гэрэлтүүлэг хэрэгтэй байгаа.
Хотын хөгжлийн бодлогод иргэдийнхээ хотын соёлд оруулж болох оролцоог бий болгох шаардлагатай байна.
Хүндээ чиглэсэн бодлоготой ажил үйлчилгээ нь соёлтой эмх цэгцтэй хотыг байгуулж төлөвшүүлэхэд нутаг дэвсгэрийн байгууллага, хамт олон, өрх айл нэг бүрийн эрх үүргийг хуулиар биш хотын дүрмээр зохицуулахад анхаарах шаардлагатай юм.
    Нийслэл, дүүрэг, хорооны түвшинд иргэдийг оролцуулах, тэдний санал бодлыг судалж шийдвэр гаргах, гаргасан шийдвэр товлосон зорилтынхоо биелэлт, үр дүнг иргэдээр үнэлүүлж дүгнүүлэх нь иргэдийн оролцоонд тулгуурлан ажилладаг сайн засаглалын нэг чиглэл мөн.
Хана, хашаа тэргүүтэн нь бодитоор бус, зөвхөн хийсвэр төсөөлөлд л хамгаалалтын хэрэгсэл болж харагддаг. Харин аюулгүй, амгалан оршихуй бол нийгмийн эв нэгдэл, нягтрал, хамтын аж төрөхүйгээс улбаатай харилцан хүндэтгэл, харилцааны соёлын үрээр л бүрэлддэг зүйл юм.
Иргэдийнхээ нийгмийн эрх ашигт зохицуулан нийгмийн хүрээнд бий болсон дэг журмыг хүндлэн өөртөө ч, өрөөлд ч хүндрэл учруулахгүй амьдрах хотын соёлд суралцах, сэтгэл зүйг бий болгоход хэвлэл мэдээллийн хэрэгсэн болон сэтгүүлчид, ТББ-дын хүч оролцоотойгоор нийслэлийн МАН-ын хорооны бүтцийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна.
Хот бухимдал, аюул дуудах биш, итгэл найдвар төрүүлж ирээдүйг бүтээлцдэг байх ёстой. Хүмүүс бие биетэйгээ харилцах, холбоо тогтоох орон зай болох гол ус, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн байгууламж зэргийг хотоос иргэддээ бүрдүүлж өгөх үүрэгтэй. Ийм газрууд яг л өдрийн тэмдэглэл, гэр бүлийн зурагтай адил хотын оршин суугчдын ой санамж, дурсгал хадгалагдаж байдаг юм билээ.
Иргэдээ сонсож, итгэлцэл дээр тулгуурласан ажил үр дүнгээ өгдөг.
    2017, 2018  оны хотын төсвийг иргэдээр хэлэлцүүлж 300 гаруй санал хүсэлт ирснийг төсөв боловсруулах, хэлэлцэх явцад тусгалаа.
    Авто машины дугаарын хязгаарлалт, зам гүүрний шинэчлэлт, өөрчлөлт хийх, газар олголтыг журамлах зэрэг олон асуудлаар иргэдийнхээ саналыг судалж шийдвэр гаргадаг болов.
Нийслэл хотын өмнө шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх ажил, тулгамдсан зорилтыг зөвхөн захиргааны аргаар хүч түрэн шийдэх биш иргэдээ сонсож, зөвлөлдөж, гарц шийдлийг судлах замаар асуудлыг шийдэж байна.
Тулгамдсан асуудал бүрээ цаг алдалгүй шийдвэрлэхэд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай 1994 онд баталсан хуулийг шинэчлэх, шаардлага тулгарч байна.     
Нийслэлийн олон мянган гишүүд иргэд оролцсон хэлэлцүүлэг ярилцлагыг хийж, бэрхшээлтэй асуудлыг оновчтой шийдвэрлэх механизм эрх үүргийг зохицуулах Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж Засгийн газар, УИХ-д өргөн бариад байна.
    Нийслэл хот бол миний амьдрах гэр орон, бидний оршин суугаа өлгий нутаг, монгол үндэстний соёл, шинжлэх ухааны төв, дэлхийн олон орны иргэдийг Монгол Улсад зорчин ирэх нүүр царай, дүр төрх гэж үзэж хуулийн хэлэлцүүлэгт жирийн иргэн, нийгэм улс төрийн зүтгэлтэн хэн ч идэвх санаачилгатай оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон асуудал, бэрхшээл учруулсан зорилтууд, шийдлээ хүлээсэн ажил бүр хууль эрх зүйн шинэ оновчтой зохицуулалтыг бий болгоно гэж бид үзэж байна.
УИХ-ын гишүүд маань нийслэлийн эрх зүйн тогтолцоог жинхэнэ ёсоор нь шинэчилж баталж өгөхөд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Монголын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн бүр нийслэл хотын иргэд юм. Нийслэлийн мянга мянган иргэдийн хүсэл эрмэлзэл, санал бодол, хичээл зүтгэл, ашиг сонирхлыг энэхүү хууль бүрэн илэрхийлэх учиртай.
            Бага хурлын эрхэм төлөөлөгчид, журмын нөхөд өө !
 Нийслэлийн намын XXXIV бага хурлын тайлан илтгэлдээ миний бие МАН-ын хорооны үйл ажиллагаа, Улаанбаатар хотын түвшинд хийж хэрэгжүүлж ирсэн олон талын ажил, хуримтлагдсан асуудал бүрийг багцлан хүргэлээ.

Тайлан илтгэлд дурдагдсан зарим асуудал хэн нэгэнд хэт энгийн, хэт жижиг, алсын мөрөөдлийн санаа шиг сонсогдож магадгүй юм.
“Аюулгүй хот-Аз жаргалтай иргэд”-ийн тухай дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөр, хүн төвтэй улс төрийн хүчний маань бодлогын гадна нэг ч гэсэн иргэнтэй холбогдсон асуудал бид бүхэнд хамааралтай.
“Жижиг асуудлыг ч анзаарч явахгүй бол жижигхэн цоорхой л том хөлгийг живүүлдэг шүү дээ” хэмээн Бенжалин Франклин хэлсэн байдаг.
Хотын хөгжлийн бодлогод хийх, хэрэгжүүлэх ажил болгон хязгааргүй боломж байна гэж би боддог. Хотын энд тэнд эвдэрч хаягдсан үйлдвэрийн дүүрэг, ширгэж бохирдсон голын эрэг, зэвэрч гандсан тээврийн зангилгаа, өмхөрч муудсан хуучин байшин бий, тэр бүхэн нүдэнд өртөх хог биш, шинэ амьсгаа, шинэ өнгө төрхөө хүлээж буй эдийн засгийн эргэлт бүхий газрууд юм байна.
          Өнөө бидний туулж буй туршлага илүү сайхан хотыг босгох санаа сэдэл, хүчин чармайлтыг яг одоо залуучуудад суулгаж өгөх учиртай байна.
 Шинэ хотын дурсгалт газар, сайхан гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал, театр музей бүхнээс улам илүү нээлттэй, тогтвортой нийгэм төрөн гарах жамтай.
Энэ бүхэн бол хотын соёл төлөвших газар, айлаар бол “зочны өрөө” юм. Хот хэмээгч нь хүмүүний л бүтээгдэхүүн учраас хүмүүсийг хооронд нь сайхан амьдруулах л зориулалттай газар. Тиймээс нийслэл хотынхоо ирээдүйг Та бид хамтдаа ухаалгаар зураглах ёстой.
Нөхцөл байдлаа сайн тодорхойлох нь бэрхшээлийн хагасыг шийдвэрлэдэг. Нийслэл хотын өмнө тулгарч буй асуудал бүрийг үндэс суурьтай судлан зарим тохиолдолд шууд авч хэрэгжүүлэх хөгжлийн туршлага, мэдлэг мэдээллийн импорт хэрэгтэй байна. Орчин үеийн хөгжиж буй орнуудын хотуудын туршлага, олон улсын байгууллагуудаас гаргасан хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байж Иргэндээ ээлтэй-аюулгүй хот болж чадна. Бидний ажлын үндэс суурь “Нэг хот-нэг стандарт” байх болно.
Улсын нийслэл хотод чамбай төлөвлөлт, шинжлэх ухааны үндэстэй гаргалгаа, нэн чухал. 2030 цаашилбал 2040, 2050 он хүртэл Нийслэл хотоо хөгжүүлэх төлөвлөгөөг зөв тунгааж оновчтой шийдэл олох, шинжлэх ухаан, технологийн дэвшил инновацийг тууштай ашиглах олон түмний санаа бодол, хүсэл эрмэлзэлд үндэслэн сайн боловсруулах шаардлага гарч байна. Эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллая, долоо хэмжиж нэг огтолсон судалгаа тооцоолол гаргуулъя.
Энэ нь та бидний дэвшүүлсэн аз жаргалтай хотыг барьж байгуулах их үйлсийн эхлэл болно. Байгальд ээлтэй, хүндээ сайн нөлөөтэй, хүнс нь аюулгүй, бүх төрлийн үйлчилгээ нь хүртээмжтэй, чирэгдэлгүй, тийм нөхцөл бүрдсэн хот байхыг хүн бүр хүсэж байна. Ийм зорилтыг та бид байгуулж, бүтээж, хийж хэрэгжүүлж, иргэдээрээ дүгнүүлнэ.
Төлөөлөгч нөхөд өө!
Эрхэм журмын нөхөд, хамтран зүтгэгчид ээ.

    Нийслэлийн МАН-ын Бага хурал хийсэн ажил, хийх зорилтоо тал бүрээс нухацтай дүгнэж, цаашдын үйлсийг тов тодорхой зааж, хүн нэг бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг чухалчилж байна. Намын Бага хурлаас нийслэлийн намын нийт байгууллагын хамт олон, намын гишүүд, дэмжигчдийн итгэлийг тээн эрч хүчтэй ажиллаж буйг сайшаахын сацуу илүү хурдтай, эв эеэ хичээн хүчээ нэгтгэж ажиллах зорилтыг дэвшүүлж байна. Үүний тулд:
           1.Намынхаа бодлого зорилт, мөрийн хөтөлбөрийн үзэл санаа, утга учир, хүнд хүрсэн үр өгөөжийг гишүүд дэмжигчдэдээ итгэл, үнэмшил болгон өөриймшүүлж, түүнийг хэрэгжүүлэх үүргийг чанд мөрдүүлснээр зорилго, зорилт бодлого шийдвэрийг бодит ажил, хөгжлийн үр дүнд хүргэнэ. Намынхаа гишүүдийнхээ манлайлах чадварыг дээшлүүлж, үйл ажиллагаандаа арга барилын өөрчлөлт хийн, сайн нөлөө өгөхүйцээр зохион байгуулах хэрэгтэй. Юуны өмнө гишүүд хариуцсан ажил, хүлээсэн үүргээ нийгмийн төлөө иргэний тусын тулд бүрэн дүүрэн хариуцдаг зарчмыг хэвшүүлэх нь чухал байна.
             2.Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын болон МАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт бүрийг ажил хэрэг болгож нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдийн санал бодол, ажил хэрэгч оролцоонд тулгуурлан шийдвэрлэх замаар нийслэлийн иргэдийнхээ чанарыг дээшлүүлэх тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллацгаая.
3.“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр нь таатай орчин, халуун дулаан нэгдмэл уур амьсгал, хуулиа мөрдөж хэрэгжүүлэх зарчим, гар санаа нэгдсэн хамтач ажиллагаа, бүтээлч зохион байгуулалтаас ихээхэн шалтгаална. Хотын агаар орчин, газрын хөрс, ус булгийн цэвэр цэмцгэр байдлыг өдөр бүр өөрчлөн сайжруулж, “Манай хороо”, “Миний гэр”, “Бидний нийслэл” гэсэн өөриймсөг сэтгэлийг төлөвшүүлж мод зүлэг тарих, хамгаалах, гэрэлтүүлэг чимэглэлийг өргөтгөх, хог хаягдалгүй байлгах замаар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллага хамт олон, иргэн бүрийг идэвхтэй оролцуулах механизмыг бүрдүүлж ажиллая.
4.Намын анхан шатны байгууллагаа бэхжүүлж гишүүн нэг бүрдээ хүрч ажиллан, хэн юу хийж чадах, ямар хүсэл сонирхолтой байгааг судлан түүнд нь түшиглэн аливаа ажилд оролцуулах замаар намын гишүүдээ идэвхжүүлэн, бусдыг уриалан манлайлж гишүүд, дэмжигчдэдээ төдийгүй иргэддээ “нээлттэй ном” болж ажиллацгаая.
Намын залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэн, ахмадуудын арга туршлагыг дэлгэрүүлж, ахмад залуу дунд үеийн хосолсон нэгдмэл ажиллагаа бие биеэ хүндэтгэн, дэмжсэн хамтын хүч чармайлтыг бэхжүүлж ажиллах хэрэгтэй.
    Журмын нөхөд өө!
Дараагийн сонгуульдаа эрчимтэй бэлтгэж өмнөө тавьсан зорилтоо үр дүнтэй биелүүлж, олон түмний санаа сэтгэлийг татсан арга хэмжээ, бүтээлч ажил бүрийг өнөөдрөөс маргааш улам эрчимжүүлж цаг хугацаа бүрийг ололт, амжилт, үр өгөөж болгон өрнүүлж ажиллах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлт, тэлэлт бүр нь айл болгоны хаалгаар орж иргэддээ хүрч байгаасай гэж бид хүсэж зорьж ажиллах болно.
Баялаг бүтээгчид хувийн хэвшлийн нэгж бүрд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж төр хувийн түншлэлийн зарчмыг бататгах замаар Нийслэлийн өмнөх зорилтоо хэрэгжүүлэх нь чухал болно.
    Журмын нөхөд өө!
    Ирээдүйг төсөөлөх хамгийн сайн арга бол түүнийг бүтээх явдал гэсэн үг бий. Ирэх сонгуульд амжилттай оролцож мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ирээдүйгээ хугацаа алгуурлалгүй хөдөлмөрлөж бүтээцгээе.
Бидний уйгагүй чармайлт, сайн зохион байгуулалт, олон нийтийн мэдээлэлд тулгуурласан соргог мэдрэмж, чадварлаг арга ажиллагаа, хариуцлага санаачлагчаас 2020 оны сонгуулийн ялалт амжилт хамаарна.

Үүний тулд хүн бүр улам бүр хичээн зүтгэж улсынхаа нийслэл хотыг хамтдаа хөгжүүлцгээе!

2018 оны 9 дүгээр сарын 21.   Улаанбаатар хот

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595110
0 эможи

keyboard_arrow_up