С.Эрдэнэ дарга аа, Б.Бахытгүлийг олж НАМАА, БҮЛГЭЭ авраач ээ
Улсын ерөнхий прокуророос оруулсан саналыг парламентаар хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд хэдхэн өдөр өнгөрч байна. Гэвч УИХ-ын эмэгтэй гишүүдийн хүчтэй эсэргүүцэл, олон нийтийн дургүйцэл нөхцөл байдлыг өөрчилж эхэллээ. Ямартаа ч УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-д мэдүүлэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан гэнэ. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн улам эрчээ авчих гээд байсан болов уу. Түүн дээр эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид хориг тавиулахаар хандана гэдгээ илэрхийлсэн нь ч нөлөөлсөн байх. Залуу гишүүний хувьд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь олон нийтийн хандлагыг зөөллөсөн зөв алхам болсон нь цахим орчны сэтгэгдлүүдээс илт харагдаж байгаа юм.
УИХ-аар энэ асуудал дахин хэлэлцэгдэж нэг талдаа гарах нь дамжиггүй. Тэр цагт Д.Гантулгын адил УИХ-аар асуудал нь хэлэлцэгдсэн Д.Муратын хэрэг сөхөгдөж эхэлнэ. Нэг үгээр Д.Муратын асуудал сөхөгдөх нь зөвхөн цаг хугацааны хэрэг болж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Мурат “Миний хувьд дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч байсан.
Би гэмт хэрэг хийгээгүй, тодорхой нотлох баримт ч байхгүй хэлмэгдэж байна. Та бүхэн асуудлыг зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн харамсаж байна. Өнгөрсөн хугацаанд намайг зөндөө гүтгэлээ. Намайг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлага байхгүй. Би дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч хуулийн байгууллагаа хүндэлсэн. Хэдий намайг олон түмэн сонгосон ч гэсэн жирийн иргэнтэй л би адилхан. Хуулийн байгууллагын шалгалтад нэг ч удаа саад хийлгүйгээр дуудсан цаг хугацаанд нь очиж байсан" хэмээж байв.
Тэгвэл бэлгийн дарамтад өртөж, биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан гэгдэж буй Б.Бахытгүлийн хувьд хэвлэлд нэгэнтээ “Над руу байнга элдэв янзын мессеж илгээдэг байсан юм. Тэгэхээр нь үүнийгээ болихгүй бол хуулийн байгууллагад хандана шүү гэтэл зодсон. Зодсоныхоо дараа ууттай мөнгө өөрийн биеэр авчирч өгсөн. Үүнийг нь авахгүй гэсэн. Гэтэл “Та нар хуулийн байгууллагад хандсан ч гэсэн хохирлыг нь төлнө. Гэхдээ одоо бэлнээр нь төлчихье. Энэ мөнгөөр эмчилгээ хийлгэнэ үү, яана уу өөрсдөө мэд гэсэн" гэж ярьж байжээ. Мөн “Анх мэдээ тавиулах гэж хандсан сайтын сэтгүүлчдэд өгсөн байсан юм. Түүнээс биш одоо нийтэл энэ тэр гэж огт хэлээгүй. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Бүх баримт байхад “Эвлүүлэг, наркозтой байхад нүцгэн зураг дарсан" гэж ярьсан байна лээ. Ичдэггүй юм байх даа” гэсэн удаатай.
Хэдийгээр өнөөдөр хохирогч гомдолгүй гэсэн бичиг цагдаад өгсөн тухай мэдээлэл гарч байгаа ч өмнө нь явсан энэ бүх ярианы дуулианаар олон нийт Д.Мурат гишүүнийг хэрэг үйлдсэн юм байна гэдэг ойлголттой болчхоод байгаа. Үүнээс үүдээд наад зах нь өс зүйн хариуцлага яригдаж эхэлбэл УИХ-д серөг хүчний үүрэгтэй оролцож эрх баригчдад анхааруулга сануулга өгөн тэр хэрээр олон нийтийн дэмжлэгийг биш юм гэхэд сайшаалыг хүртэж буй АН-ын нэр хүндэд халтай билээ. Хэрвээ Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг МАН хүлээж авбал цаашид Д.Муратыг ч хамгаалаад байх хүн бүлгийнх нь хэдэн гишүүнээс өөр үлдэхгүй.
Үнэхээр албан бус хэрэгслээр цацагдаад байгаа шиг мөнгө, төгрөг өгөлцөж авалцаад анх мэдээллийг нь тараасан сэтгүүлчийг хэрэгт оруулаад дуугүй болсон нь үнэн бол ёс зүйн хувьд заавал сөхөгдөж таарах явдал юм. Ийм үед намын дарга нь үзэгчийн байр суурин дээрээ байсаар байвал хойшид гарах уршиг өөрийнх нь намыг ч, намынх нь УИХ дахь бүлгийг ч харлуулж мэдэх нь. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ та Б.Бахытгүлийг олж олон нийтэд үгийг нь хэлүүлэх хэрэгтэй байна.