Бурхан минь, хүүхдээр хүртэл улстөр, нам яриулдаг яасан хэцүү цаг үе вэ

2018 оны 5 сарын 31

Арван нас. Дааганд хөнгөдөж, даалимба шингээхгүй балчир нас. Гэвч цаг өөр болжээ. Хууччуулын ярьдагаар “амных нь салиа арилаагүй” 10-хан настай охин улстөр ярьж, уйлж дуулж буй бичлэг цахим орчинд хэд хоног цахилж явна. Үнэндээ бол улс төр ярих биш яриулж байгаа бичлэг юм.

Л.Бранижил охин Орхон аймагт амьдардаг. Өөрийнх нь ярьснаар 5 настайдаа хагас, 8 настайдаа бүтэн өнчирсөн гэнэ. Гэвч хөөрхий охинд хүүхдийн 20 мянган төгрөгийг нь огт өгдөггүй. Арга ядахдаа Ардын намд сар бүр захидал бичдэг, бүх сайд нарт захидал бичсэн боловч миний захиаг огт уншдаггүй, хариу ирдэггүй тухайгаа тэр тэр микрофоны өмнө уйлан хайлан ярилаа. Бас яриуллаа.

Ардчилсан нам “Монголоо сонсоё” аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа. Энэ аяныхаа хүрээнд Орхон аймагт онц ноцтой  ийм “зөрчил”-тэй таарч гэнэ.

Аравхан настай охиноор улс төр яриулж, сөрөг намаа харлуулах пиарыг бэлдсэн дэглэлтээр  бичлэг хийж цахим орон зайд цацсан нь илт итгэл үнэмшилгүй болж, өрсөлдөгчдөдөө бус өөрсдөдөө сөрөг хандлага авчирлаа. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болов.

Ард түмнээ сонсох бус Ардын намыг харлуулах зохиомжоо иргэдийн гараар хийлгэж яваа юм биш үү. Ээлжлэн эрх барьж байсан, 20 гаруй жилийн төлөвшилтэй нам гэхэд арай л ёс зүйгүй, бохир тактик хэрэглээд байх шиг. Ийм илэрхий юманд хэн итгэнэ гэж бодоо юм бол. Эсвэл иргэдээ  басамжлаад байгаа юм уу. Цаг өөр болсон шүү дээ.

10-хан настай охиноор Ардын нам гэж яриулаад, сайд дарга нарт нь захидал бичүүлээд байдаг. Бүр ой тойнд буухад ч хэцүү. Улс төржлөө, улс төржлөө гэхэд ингэж Ардын нам байтугай амьдардаг гудамжныхаа нэрийг ч мэдэхээргүй нялх амьтныг ашиглаж, камерын өмнө  уйлуулж дуулуулж байдаг мөн бүдүүн зүрх, бөх сэтгэл шүү.

Улстөрчид хүүхдийн эрх гэж их ярьдаг. Тиймээ, тэдэнд эрх  бий. Бага насны хүүхдээс асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй яриа авах, зургийг нь дарах хориотой. Хүүхдээр камерийн өмнө худлаа яриулах нь өөрөө гэмт явдал биш гэж үү. Хэн түүнийг анх санаачилж, хэлж ярих үгийг нь хэн бэлдэж өгөв. Үүний цаана хэн нэгэн байж л таарна.  Ард түмэнд буруу мэдээлэл түгээсэн бол  хариуцлагаа үүрэх учиртай. Хэрэв тэр охин бусдын үгээр яриагүй гэж сайнаар төсөөлдөг юмаа гэхэд “Монголоо сонсож” яваа тэр хүмүүс хүүхдийн эрхийг зөрчсөн, худал мэдээлэл нийгэмд түгээсэн гэсэн гэм зэмд унана.

Аливаад мэдээллийн тэнцвэрт байдал, эх сурвалж, үнэн бодитой байх шалгуур буй.  Л.Бранижил охины яриа  цацагдсаны дараа Орхон аймгийн  Халамж үйлчилгээний газрын  дарга Ж.Эрдэнэбатын аймгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэст хаягласан албан бичигт одоо анхаарлаа хандуулъя.  Энэ бол тэтгэмж халамжийг нь хариуцаад сууж байгаа төрийн хүний үг.

Албан бичигт дурдснаар Л.Бранижил охин 2012 оны 10 дугаар сараас өнөөг хүртэл  хүүхдэд олгож байгаа 20 мянган төгрөгийн тэтгэмжинд тасралтгүй хамрагдаж байгаа аж. Мөн 2016 оны 12 дугаар сард тэжээгчээ алдсаны тэтгэвэрт хамрагдах хүсэлт гаргасныг ёсоор болгож, 2017 оны 1 дүгээр сарын 03-ас хойш тэтгэвэрт хамрагдсан болохыг тодорхойлжээ.

Дээрх тодорхойлолтоос энэ охины хүсэлтэд Орхон аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс харин ч шуурхай хандаж, хүсэлтийг нь цаг алдалгүй шийдвэрлэснийг харж болохоор байна.

Ийм байсаар байтал энэ охин Ардын намынханд хандаж тэтгэмж, хүүхдийн мөнгө хүссэн захиа бичээд байдаг гэдэг нь  арай л гоомой зохиомжлол биш гэж үү.

Хэрэв үнэхээр Л.Бранижил охин хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч чадахгүй байгаа бол орон нутгийн зохих байгууллагуудаас асууж тодруулах боломж “Монголоо сонсож” яваа эрхмүүдэд байж таарна.  Тэгээд тэтгэмж хүүхдийн гар дээр очихгүй байгаа шалтаг шалтгааныг нь тогтоож, магадгүй тэр замаас нь завшаад байгаа эзнийг олж камерын өмнө улалзуулсан бол жинхэнэ утгаараа  пиар болж, АН ард түмнээсээ оноо нэмэх байлаа.

Монголчууд минь улстөржиж болно оо. Гэхдээ энхрий бяцхан үрс минь инээж цалгиж явах насан дээрээ ингэж улс төр ярьж, уйлж битгий байгаасай.

М.Нэргүй

Эх сурвалж: ZALUU.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
57945
1 эможи

zochin
2018-05-31 15:55
za bolio
keyboard_arrow_up