АН-ынхан яагаад эдийн засгийн эерэг дүнгээс айдаг вэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл чуулганы хуралдаанаар яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн анхны хэлэлцүүлэгт орохоор бэлтгэгдэж байна. Тиймээс анхны хэлэлцүүлэг дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөөр албан ёсны дүгнэлтээ чуулганы хуралдаанд уншиж танилцуулна.
Гэхдээ тэд төсвийн хэлэлцүүлэгт арай л хэтэрхий туйлширсан байр сууриас оролцож байгаа. Хамгийн наад зах нь, АН-ын бүлгийнхэн өчигдөр мэдээлэл хийхдээ “Төсвийн төсөөлөл 2019-2020 онд Монгол Улсын эдийн засаг дахь төсвийн зарлага 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэхээр харагдаж байгаа. Тиймээс ч Монгол Улс түүхэндээ байгаагүй хамгийн том данхайсан төсөвтэй байх нь гэж харагдаж байна Гол шалтгаан нь уул уурхайн үнийн өсөлтөөс давж орж ирсэн орлогын зохицуулалтаар хийгдэж байгаа түүнийг дагасан зардлын нэмэгдэл.
Ийм их зардлаар төсөв хоёр дахин өсч л байгаа бол тэр хэрээр 2016-2020 онд ард иргэдийн амьжиргаа мөн хоёр дахин өсөх ёстой. Тиймээс ч бид энэ асуудлаар улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой гэж харж байгаа.
Төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулгад 2016-2017 онд Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын хөрөнгө оруулалтыг дэмжсэн шийдвэр гаргаснаар гадаадын хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллараар өссөн гэдэг тоон утга байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн эрх баригчид эдийн засгийн суурь өсөлтийг бий болгосон Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын эхний хөрөнгө оруулалт дээр нэмээд баялгийн түүхий эдийн үнийн өсөлт дээр дэндүү цамаан загнаж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байгаа” гэсэн юм.
Тэгвэл тэдэнд ийм зүйл ярих эрх бий бил үү. Түүхий эдийн үнийн өсөлтийг яривал 2012-2013 онд энэ үзүүлэлт дээд хэмжээндээ хүрч, Монгол Улс өмнө байгаагүй их мөнгөтэй, гадаад валютын нөөцтэй болж байсан. Харин тэр үед АН-ынхан цамаан битгий хэл даанч хайнга, аминчхан, хэт үрэлгэн загнаснаас болоод одоо Монгол Улс ОУВС хэмээн байгууллагын халаасанд багтчихаад байгаа.
Ерөнхийдөө энэ бүхний үйл лайг жирийн иргэд нуруундаа тээж байгаагаас бус АН-ынхан хариуцлага хүлээгүй, бурууг өөрсдөдөө аваагүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс тэдний одоогийн энэ үйлдлийг 2020 оны УИХ-ын сонгуулийн шоу, нэр хүнд олох гэсэн өчүүхэн арга гэхээс өөр юу гэж дүгнэх вэ.
Эх сурвалж: ERENNEWS.MN
|