Д.Эрдэнэбат: 2015 онд Монгол Улс нийгэм, эдийн засаг улс төрийн шинэ харилцаанд шилжихэд бэлэн болно
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Хаврын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын 2014 оны Хаврын ээлжит чуулган ажлын 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 29 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хуралдсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хаврын ээлжит чуулганы хугацаанд 18 удаа, 89% -ийн ирцтэйгээр нийт 34 цаг хуралдаж, 67 асуудал хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 105 Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсны ес нь бие даасан хууль, 61 нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дөрөв нь хууль хүчингүй болгох тухай хууль, дөрөв нь гэрээ соёрхон батлах тухай хууль, 27 нь УИХ-ын тогтоол баталсан байна.
-Энэ удаагийн хаврын чуулганы хуралдааныг өмнөх хуралдаануудаас ялгарах онцлогийг юу гэж хэлэх вэ?
-Энэ удаагийн хаврын чуулган илүү үр дүнтэй болж өнгөрлөө. Түүнчлэн бид харилцан ойлголцол, зөвшилцөл, угталцалд илүү ойртсон чуулган болж өнгөрснөөрөө өмнөх чуулганы хуралдаануудаас онцлог гэж дүгнэж байна. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий гол хуулиудыг баталлаа. Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн, Амгаланд баригдах дулааны станцын тоног төхөөрөмжийг холбогдох татваруудаас чөлөөлсөн ач холбогдол бүхий хуулиудыг баталлаа. Гэхдээ чуулганы хуралдсан нийт цагийн 50 орчим хувийг Засгийн газар болон сайд нарыг оролдож өнгөрөөсөн. Монгол Улсын улс төр , нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах зарим хуулийн төслүүд хэлэлцэгдээгүй орхигдсонд харамсаж байна. Гэсэн хэдий ч Намрын чуулганы хуралдааны явцад хэлэлцэн баталан гэдэгт найдаж байна. Ирэх намрын чуулганы хуралдаанаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал,Өрийн удирдлагын тухай, Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлого, НӨАТ-ын тухай, татварын шинэчилсэн багц хуулиудыг батлах төлөвлөгөөтэй байна.
-Ирэх намрын чуулганаар төлөвлөгдөж буй хуулийн төслүүдийг баталчихвал үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломж бүрдэнэ гэж танай бүлэг тооцоолж байна уу?
-Үүсээд буй эдийн засгийн хүндрэл зөвхөн өнөөдөр үүсчихсэн юм биш. Өнгөрсөн 20 жилийн туршид бий болсон эдийн засгийн суурин дээрээ бүдэрч байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслөө батлах юм бол 2015 оноос эхлэн Монгол Улс нийгэм, эдийн засаг улс төрийн шинэ харилцаанд шилжихэд бэлэн болно.Төрийн бодлого цэгцтэй ойлгомжтой байх ёстой. Харин Монгол Улсад гялтайх зүйл байхгүй мэт харагдуулах, хооронд нь талцуулах иргэдэд айдас төрүүлэх явуургүй улс төлжилтөд улс төрийн намууд болон улс төрчид дүгнэлт хийх шаардлага байна.
-“Чингис” бондын өрийн асуудал хаврын чуулганы хуралдаан гэлтгүй цаашид ч мөн яригдсаар л байх бололтой?
-“Чингис” бондын өнөөдрийн өр болон өмнөх Засгийн газрын тавьж байсан өрийн хооронд том ялгаа бий. Өмнө нь 2,7 тэрбум ам.долларыг уул уурхайн ордуудыг барьцаалж аваад, халамжид тараагаад дуусгасан. Өнөөдрийг хүртэл 17,6 сая ам.долларын хүүгийн алдангийг улсын төсвөөс төлөөд явж байгаа нь үнэн. Харин “Чингис” бондын мөнгө бүтээн байгуулалт болоод жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэгдлээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлчилгээнд “Чингис” бондыг 908 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 809 тэрбум, хот хөдөөгийн хөгжлийг хурдасгах төслийн хүрээнд 598 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тиймээс энэ бүх өр ард түмний нуруун дээр ирнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт болно. Эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсэн, тооцоогүй авсан өмнөх өрүүд бидэнд хүнд дарамт үлдэх нь тодорхой. Ирээдүйд авч буй бүх өр улс орны бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлд хандаж байгаа гэдгийг онцолмоор байна.
-Тодруулбал?
-Төр хувийн хэвшлийн хамтын оролцоог дэмжих үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих ажлуудыг хийсэн. Онцлоход, Хөтлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дулааны III IV цахилгаан станцын өргөтгөл зэрэг ажлуудыг Чингис бондын мөнгөөр санхүүжүүлсэн. Монгол Улсад өгөөжөө өгөх болно гэдэгт бид итгэлтэй байна. Өнгөрсөн онд зөвхөн “Гудамж” төслийн техникийн зардал, цаг хугацаа хэмнэлт болон бусад хүчин зүйлийг тооцоход 20 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд бус үр өгөөжийг өгсөн. 2014 онд хэрэгжих төслийн хувьд 15 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд бус үр ашиг өгнө гэсэн тооцоолол байна. Тиймээс хийсэн бүтээсэн бүхэндээ өөр өөрийн дүгнэлтээ өгнө.Төрийн ямар бодлогыг цаашид хэрэгжүүлэх тухай улс төрийн бүх намуудтай зөвшилцөнө. Зарим байнгын хороодод орох боломжийг манай гишүүд ардын намын гишүүдэд суллаж өгсөн боловч Ардын намынханд үүнийг хэлэх зориг дутаж байгаа бололтой.
Бидний гаргасан өмнөх алдаа ч хамтынх. Ирээдүйд гаргасан ололт ч хамтынх байх болно
-Хэдийгээр хууль эрхзүйн орчныг сайжруулах бүрдүүлэх арга хэмжээ авч байгаа хэдий ч валютын ханшны савлагаа тогтворжихгүй байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Бидэнд учирч буй хамгийн том хүндрэл валютын ханшны савлагаа, экспортын огцом татралт гэдгийг ойлгож байгаа. Долларын ханш савлагаатай хэвээр байгаа, энэ нь ард түмний хэрэглээний сагсанд нөлөөлж байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ АН-ын бүлэг эсвэл УИХ хуралдсанаараа үүнийг бууруулж чадахгүй. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд хууль тогтоол, шийдвэрүүдээ УИХ баталж гаргасан. Одоо Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Валютын ханшийг бууруулах, тогтворжуулах үүрэг нь Засгийн газарт оноогддог. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд бид хамтарч ажиллана. Хаврын чуулганы сүүлийн хуралдааныг зөвшилцөл ойлголцлоор ажил явуулж болно гэдгийг бид харуулсан, нотолсон үйл явдал болсон гэж дүгнэж байна. Бидний гаргасан өмнөх алдаа ч хамтынх. Ирээдүйд гаргасан ололт ч хамтынх байх болно. Тиймээс нэг нэгийгээ үгүйсгэдэг хоосон улс төржилтийг өнөөдрөөс эхлээд зогсоох хэрэгтэй.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн 60 орчим хоног нь өнгөрчихлөө. Үлдсэн 40 хоногт Засгийн газраас өргөн барьсан эрхзүйн шинэтгэлүүдийн хэдэн хуулийн төсөл өргөн баригдсанаас хэдийг нь баталсан бэ. Хууль эрхзүйн орчих бүрдэхгүй бол хэнтэй хариуцлага тооцох вэ?
-Засгийн газрын оруулж ирсэн гол үндсэн суурь хуулиудыг УИХ баталж өгсөн. Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг баталж амжаагүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл 3/2-ын саналаар батлагдах учиртай. Ардын намын байр суурь хол зөрж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор намууд бүгд зөвшилцөл гаргадаг. Мөн Ардын нам дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн учраас хуулийн төсөл батлагдаагүй. Засгийн газрын 100 хоног дуусахад валютын ханшны савлагаа болон эдийн засаг тогтвортой болох ёстой гэсэн шаардлагыг манай бүлэг тавьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд УИХ-аас шууд шалтгаалсан нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна.
-Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед танай бүлэг эвслийн бүлэгтэй санамж бичиж байгуулсан гэсэн. Ямар утга агуулгатай санамж бичиг юм бэ?
-Тус хуулийн төслийг хэлэлцэхэд ойлголцолд хүрээгүй нэг л асуудал байгаа. “Шударга ёс” эвсэлтэй санамж бичиг зурсан. Стратегийн орд байх эсэх дээр бид санал зөрөлдсөн. Намрын чуулганаар хэлэлцье гэдэгт санамж бичиж зурсан.
Энэ удаагийн УИХ бүтэц бүрэлдэхүүний хувьд их онцлог. Уул уурхайд хандах хандлага, иргэдэд баялгаас хувь хүртээх арга зам өөр өөр байна. Зарим төрийн оролцоог 51 хувь байлгаж болно гэж үздэг боловч зарим нь төр ихэнх хувийг эзэмших ёсгүй гэж үздэг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл стратегийн орд байх эсэх асуудлаар ард түмнээсээ санал асуулга авахад болохгүй зүйлгүй. Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хайгуул лицензийн асуудал шийдэгдэж байна. 400 орчим орд газраас улсад 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоолол байдаг. Газрын тосны тухай хууль батлагдсан. Газрын тосны эрэл хайгуул хийх, ашиглах бололцоо нээгдэж байна. Дорнодтой холбоотой асуудалд олон нөхцөл байдлыг судалж үзээд эдийн засгийн болон хөрш орны харилцаа зэрэг аль алных нь тэнцвэрт байдлыг хадгалсан хууль батлагдсан гэж үзэж байна.
-Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг сар гаруй хугацаанд сунжрууллаа гэж МАН-аас мэдэгдсэн. Ер нь намрын чуулганы хугацаанд АН сандал ширээтэйгээ зууралдсан асуудлуудад маш их цаг зарцуулсан гэж сөрөг хүчин шүүмжилсэн. Байнгын хорооны даргын асуудлаар Ж.Батзандан гишүүн нам дотроо өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ер нь нам дотроо фракцгүй байх санааг ч цухалзуулаад авсан.
-АН сандал ширээтэй зууралдаагүй. Харин АН-ын сандал, ширээг доголон байлгах гэсэн оролдлого хөндлөнгөөс гарсан. Н.Батбаяр сайдын тухайд цагаа олоогүй үйл ажиллагаа явуулсан. Эдийн засгийн идэвхжилийг зарласан энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл юм. Ирэх наймдугаар сард хоёр хөрштэй хамтарч, том уулзалт зохион байгуулах гэж байгаа. Ийм чухал үед Эдийн засгийн хөгжлийн сайдгүй байж болохгүй. ЭЗХ-ийн сайдыг огцруулахтай холбогдуулаад, АТГ-т гомдол гарган, энэ салбартай холбогдолтой бусад салбаруудыг хөндөж, нэгжлэг хийж болох уу гэдэг нь хоёр дахь асуудал. Асуудалд бид зарчимтай хандах ёстой. Энэ бүхнийг харгалзан үзээд АН уг асуудлаар завсарлага авсан. Завсарлага авсны дараа чуулган завсарлах таарсан. Бид үүнийг буруу гэж бодохгүй байна. Нөхцөл байдал цаашид яаж эргэх нь намрын чуулганаар шийдэгдэх байх.
-Төмөр замын асуудлаар хаалттай хуралдсаны дараа тогтоолын төслийг хойшлуулсан. Хуралдааны үеэр юу яригдаад асуудлыг шийдвэрлэлгүй хойшлуулсан юм бол? Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төмөр замын бодлого яваагүй. Өчигдөр үндэсний тв-ээр явсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн инженерүүд “Татсан трасс нь явах боломжгүй” гэдгийг хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд Х.Баттулга гишүүн бүлгийнхээ хуралдаанд хэр суусан бэ? Нийгэмд тархаад байгаа энэ асуудлаар АН-ын бүлэг дотооддоо ярилцсан зүйл байгаа юу?
-Х.Баттулга сайдын хувьд бүлгийнхээ хуралд сууж байгаа, төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Төмөр замын асуудлаар УИХ хаалттай хуралдаж, төмөр замын талаар баримтлах бодлогын асуудлыг түр хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаан нь БНХАУ-тай байгуулах транзит тээврийн гэрээ, бусад асуудлуудыг бүгдийг шийдвэрлэсний ямар царигтай байх вэ гэдгээ хэлэлцье гэдэг шийдэлд хүрсэн. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Төрд нууж хаах юм бий, ил тод ярих ч юм бий. Эдийн засгийн бодлогоо хоёр хөршийн бодлоготой уялдуулж гаргах нь зүйтэй.
Ж.Батзандан гишүүн фракцгүй байх ёстой гэсэн мэдээлэл хийснийг би мэдээгүй. АН хэзээ ч нууж байгаагүй, АН-ын дотор өөр өөр үзэл бодол, хандлагатай фракцууд байсаар ирсэн, байх ч болно. Гэхдээ энэ нь зөвхөн даргын сандал, ширээний асуудлаар биш бодлогын түвшинд санал бодлоо уралдуулдаг. Цаашид ч ийм байх болно. Байнгын хорооны асуудлаар бүлэг шийдвэрээ гаргасан. Нэгэнт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон бол намынхаа бодлогыг энэ тэргүүнд баримталж явах ёстой.
-Байгалийн баялгаа барьцаалж, “Чингис” бонд босгосон талаар хоёр жил хангалттай ярилцсан. Гэтэл та хэл чинь халтирчихлаа уу, юу барьцаалаад юу босгоод ирсэн гээд тэс өөр юм ярьчихав аа? Өдөрт нэг цэцэрлэг барих мөнгийг хүүд нь төлж байгаа. Гэтэл ашигтай бонд байсан, эдийн засгийг өөд нь татаж байгаа, өмнө авсан зээлүүд бол “баабаа” гэж ярьж байна. Үүнд тайлбар өгөөч.
-Өмнөх засгийн үед Оюутолгойгоос зээл авч, Таван толгой болон Эрдэнэт үйлдвэрийнхээ орлогыг барьцаалж, 2,7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авсан. Энэ мөнгийг бид жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж, бүтээн байгуулалтад зарцуулахаасаа илүүтэй халамжид зарцуулсан нь өнөөдөр түүх болоод үлдсэнийг бид мартаж болохгүй. Үүнтэй харьцуулахад өнөөдрийн “Чингис” бондын “өр” үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг байгуулахад чиглэгдэж байгаа учраас ард түмний нуруун дээр 100 хувь өр болон үлдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
-АН фракцтай. Фракцууд нь хоорондоо хөлөө жийлцсэнээс болж бүлгийн чинь хурал хоёр удаа шөнө дөл хүртэл үргэлжилснийг сэтгүүлчид мэдэж байгаа. Фракцуудынхаа бодлогыг зангидаж чадахгүйгээс ажил чинь явахгүй байгаа. Энэ асуудалд няцаалт өгч чадах уу?
-Бүлгийн хуралдаан урт хугацаагаар үргэлжилж байгаа. Бүлэг дотроо санал зөрөлдөөнтэй асуудлаар маргалдах мэтгэлцэх нь нээлттэй байдаг. Энэ бол АН-д тогтсон жишиг. Үүгээрээ явна. Фракц хоорондын ойлголцол, үл ойлголцол энэ намд байдаг. Үүнийг нуух юм байхгүй. Гэхдээ бүлгээрээ ярилцаад, олонхын саналын дагуу асуудал шийдвэрлэгдсэн бол түүгээрээ явах ёстой гэдэг зарчим манай намд үйлчилж байгаа. Удаан хуралдсаныг хардах хэрэггүй. Удаан хуралдах тусмаа асуудалд нухацтай хандаж байна гэсэн үг.
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд танай бүлгээс пропорциональ тогтолцоог илүүд үзэж байгаа гэж санал оруулсан. Гэтэл энэ удаагийн Их хуралд намын нэрээр сонгогдсон танай гишүүд ард түмэнтэйгээ ойрхон ажиллаж чадаж байгаа болов уу?
-Сонгуулийн тухай хуулиар АН 50:50 гэсэн санал оруулсан. МАН 76 жижиг тойрог байя гэдэг санал оруулсан. Бид 2012 оны УИХ-ын сонгуулиар мөрдсөн харьцааг бууруулахгүй байх зарчим баримталж байгаа. Төрийн тогтолцоотой холбоотой асуудлаар улс төрийн намууд ерөнхийдөө зөвшилцөөд ойлголцолд хүрсэн. Намрын чуулганаар хамгийн түрүүнд энэ асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Хэрэв Монгол Улс парламентын засаглалтай улс мөн л юм бол улс төрийн намуудын оролцоо бодлогын хэмжээнд байх нь аль ч улс оронд тогтсон жишиг тул бид үүнийг дагахаас өөр арга байхгүй.
АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганаар авлига, хээл хахуулийг бууруулах талаар ямар хуулийн төсөл дээр ажилласан бэ?
2012 оны сонгуулиар батлагдсан хуулиар пропорциональ системийг зөвшөөрсөн. Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг цэцийн дүгнэлт хэдийнээ гарсан. Би ч бас жагсаалтаар гарсан гишүүдийн нэг. Гэхдээ улс төрийн хариуцлага, бодлогын хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явж байгаа. Жагсаалтаар болон тойргоор орж ирсэн гишүүдийн хувьд зарчмын ялгаа харагдахгүй байгаа.
Хээл хахууль, авлигатай холбоотой асуудлаар УИХ-д Эдийн засгийн өршөөлийн тухай хууль өргөн барьсан ч харамсалтай нь яваагүй. Намрын чуулганаар дахин хэлэлцэх байх гэж найдаж байна. Энэ бол далд эдийн засгийг ил болгоод, цаашид улс орон энэ буруу замаар явахгүй байх гарааг эхлүүлье гэсэн санаа байсан. Ер нь бол авлигын тухай ярих юм бол энэ нь төрд олон жил үргэлжилж ирсэн, сүлжээ маягтай. Таслан зогсооход ганц хоёр жилийн үйл ажиллагаа хангалттай биш байна.
90 жилийн түүхт ойн баяраа тэмдэглэж байгаа сумдад баярын мэнд хүргэе
-Эдийн засаг хүнд байна. Энэ зун УИХ амрахгүй ажиллах ёстой гэсэн байр суурийг цөөнх илэрхийлж байна. Танай бүлгийн тухайд?
-Дэлгэр сайхан зуны улирал эхэлж байна. Монголчууд хавар намартаа хавчигдаж, өвөлдөө зутарч, зундаа амардаг уламжлалтай. Энэ уламжлалыг хэн ч эвдэж чадахгүй байх. Түүнчлэн энэ зун олон сумд түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Тэдгээр сумддаа ойн баярын мэндийг хүргэе. Ардчилсан намын бүлгийн хувьд долоодугаар сард үндсэндээ амарна. Гишүүдийн хувьд тойрогтоо ажиллана. Наймдугаар сард ирэх намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.