А.ЭРДЭНЭБАЯР: Бүх намуудыг татан буулгаад нэг цэгээс хөдөлье
Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг татан буулгах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр:
"Бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын тамгын газарт албан шаардлагыг хүргүүлж байна.
Хаврын чуулганаар улс төрийн тухай намын хуульд заавал өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийх хэрэгтэй. Одоо Баянзүрх дүүрэгт болж байгаа Ардчилсан намын дотоод сонгууль ямар их өрсөлдөөнтэй болж байна. Тэр албан тушаал тийм их хэрэгтэй юу?
Эх орныхоо төлөө тэмцэхгүй байж, албан тушаал хатуу гишүүнчлэлийн дор эвлэлдэн нэгдэж Монгол Улсыг үгүй хийх гэж байгаа энэ байдлыг таслан зогсоохын төлөө Нам бус иргэдийн нэгдсэн холбоо 2011 оноос хойш зүтгэсэн. Тодорхой албан бичгүүдийг албан газруудад хүргүүлж байсан. Тэд ямар ч хариу өгөөгүй.
Өмнө нь бид Ерөнхийлөгчид хандахдаа намын хатуу гишүүнчлэлийг халах тухай Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах саналтай байсан.
Харин одоо бол бүх намуудыг татан буулгаад нэг цэгээс хөдөлье. 3 сая хүнтэй Монгол Улсад 30 нам байх шаардлага байна уу? Оронд нь татан буулгаад, Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлж чадах тодорхой хэдхэн намтай, нам нь өөрөө хатуу гишүүнчлэлгүй байдлаар шийдье гэсэн санааг Ерөнхийлөгчид дэвшүүлж байгаа юм" гэв.
Албан шаардлагад "Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг татан буулгахыг шаардаж байна.
Монголын нийт ард иргэд ээ, эрхэм Ерөнхийлөгч өө, УИХ-ын гишүүдээ! Ард түмэн намуудыг хүлээн зөвшөөрөхөө больсон цаг үе ирээд байна. Нам бол өнөөгийн бидний соёлт ертөнцийн хамгийн муухай бүтээл, аюултай дарангуйллын зэвсэг болж хувираад байна.
Намуудаас болж ард түмэн өөр хоорондоо, ах дүү, хамаатан садан, нутаг усаа үл хүндлэх, төрийн эрх мэдэл, өмч хөрөнгийн төлөө ичгүүргүйгээр эвлэлдэн нэгдэж, луйврын гар хөл болон хагаралдан тэмцэлдэж байна.
Монгол Улсыг 29 жилийн турш намын хатуу гишүүнчлэл дор дангаар болон хамтран удирдсан МАН, АН, эвсэл нэрээр хамтран зүтгэсэн бусад кармааны намуудтай хариуцлага тооцож, татан буулгах шаардлага тавьж байна" гэжээ.