З.ЭНХБОЛДОО, оффшор цувралын гол дүр нь яагаад С.БАЯРЦОГТ ГЭЖ...?
“Ройтерс” агентлагийн даваа гаригт англи хэл дээр түгээсэн Монголын улстөрч С.Баярцогт оффшор дансан дахь 10 сая долларыг царцаасан гэх мэдээ нийтийн анхаарлыг дахин оффшорын зүг хандуулав. “Ройтерс” –ын мэдээ хэтэрхий хуурай, хувийн дүгнэлт ихтэй, баримтгүй гэсэн тайлбар ч гарч ирэв. Оффшорын дуулиан юунаас болоод дахин эхлэв. Энд С.Баярцогтын яагаад дахин ороогдсон байх вэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ сарын эхээр Вашингтоныг зорьж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиаг хүргэж өгсөн тухайгаа дуулиан болгон өгүүлж байсан. Захианд Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах. Мөн Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан офшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүссэн гэдгээ ч тэр ил тод зарласан юм.
Тамгын газрын даргыг АНУ-ын Хууль зүйн яамны гадаад харилцааны газрын дарга хүлээн авсан. З.Энхболд энэ талаараа хэвлэлд “Манай улсад худалдаж авсан компани, манай улсад хувьчилж авсан хувьцааг нэн даруй гаргаж өгөөч гэхэд АНУ-ын тал “Оффшорын асуудал манай хуулиар явахгүй. Дэлхийн хаа сайгүй байдаг. Гэхдээ энд байгаа мөнгө бидэнд баригддаг” гэсэн. Хүн нь тэсэхээ байгаад хувьцаа аваад эргэж ордог юм байна л даа. Одоо ҮАБЗ-ын Ажлын албаар Ерөнхийлөгч нэг ажил хийлгэж байгаа. 1990 оноос хойш Монголын ямар баялаг гарчихав, ямар мөнгө орж ирсэн юм. Үүнийг жил, жилээр нь гаргах. Ингээд дотоодын болон Орос, Хятадын хилээр орж гарсан бүтээгдэхүүний мөнгөнөөс оффшорт байгаа мөнгө тунаад гараад ирнэ. Тэр мөнгө оффшорт амьдарч байна. Гэхдээ оффшорт орохын тулд хууль ёсны банкаар дамжина. Дараа нь оффшороос гарахын тулд дахиад хууль ёсны банкаар дамжина. Тэр нь бүртгэгддэг юм байна. Тэгэхээр энэ дэлхий дээр оффшорт мөнгө нуух ямар ч боломж байхгүй. Манай гэнэн авлигачид, манай улсын хүндэт авлигачид явах газаргүй болсон” хэмээн ярьсан байгаа.
З.Энхболдын С.Баярцогтод хандах хандлага сүүлийн жилүүдэд хүйтэрсэн. Уг нь нэг намын, соцдек гаралтай, бизнесийн ашиг сониорхол нэг, гэр бүлийн найзууд байсан гээд тэдний дунд үргэлжилсэн маш нарийн харилцаа байсан гэдэг. З.Энхболд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын дарга болохдоо С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаар томилуулан дэргэдээ авч байв. Гэвч энэ нарийн харилцаа юунаас бол тасарсаныг хэлж мэдэхгүй. Ямартаа ч З.Энхболд 2016 оны сонгуульд ялагдсан АН-ын ялагдалыг намын даргын хувиар өөртөө хүлээгээгүй. Шууд С.Баярцогттой холбосон юм. Тэр АН сонгуульд ялагдсан. Гэхдээ 1 сая доллартай мартсан С.Баярцогтоос болж мартсан. Түүнийг нэр дэвшүүлэх эрхгүй байсандаа уучлал гуйя гэж 2017 оны нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм.
З.Энхболд АНУ руу оффшорын асуудлаар тусламж гуйхаар явсан. Ирээд хагас сар ч хүрээгүй байхад С.Баярцогтын гэх оффшор дансанд 10 сая доллар царцчихав. Энэ тохиолдолын хэрэг үү, эсвэл З.Энхболдын өрсөлдөгчөө намнах гэсэн оролдлого уу гэдэг асуулт одоо хариугаа хүлээж байна. Шууд утгаар түүнд очих “З.Энхболд дарга аа, оффшор цувралын гол дүр нь яагаад улиг болсон С.Баярцогт гэж ...?” гэсэн асуултын хариулг тэр аль хэдийнэ бэлдчихсэн ч байж болох юм. Нөгөө талаар З.Энхболд 2020 оны УИХ-ын сонгуулийг харсан нүүдэл хийж байж мэднэ. АН-ын улстөрчдөөс улс төрд хамгийн ойр байгаа энэ хүн элдэв дуулианы гол дүрд тоглож, нийтийг хөөрсрүүлж яваад 2020 оны сонгуулиар АН-ын тархинд очоод суухад С.Эрдэнэ үгүй гэж хэлж чадахгүй л болов уу?