МАХН нэрийг хүчингүй болгох хэрэгтэй
Хуулиа биелүүлж, үнэн зөв түүхээ хамгаалах нь Монгол хүн бүрийн үүрэг байх ёстой.
Нэгэн зүйл. Шамбалын дайн, бослого дүрвэлт бол Азийн таван гүрний дээдсийн 1868-1889 онд гаргасан “Гэрээ бичиг”-т усан бич жил Монгол Улсад аюултай дайн болж зүүн тал хүний мөргүй, баруун тал нь малын мөргүй болно гэж нэгэн жарны турш мунхруулж бэлтгэсэн 1925 оны үед Ванчин богдоос түүний цаг ойртсоныг сануулсан Монголын хүн бүрт хүргэх зарлиг, ухуулгыг ирүүлж, Шамбалын дайнд оролцвол бууны сум онохгүй оносон ч үхэхгүй, үхсэн ч бурхны оронд төрнө гэсэн мунхруулгаас үүдэлтэй шашны түрэмгийлэл байлаа.
Нэгэн зүйл. 1932 оны дайн бослогыг Ардын нам засгаас цаг тухайд нь шуурхай анхаарч дараагүй, хил дүрвэсэн нүүдлийг таслан зогсоогоогүй, 1937 онд хоёрдугаар бослогод бэлтгэснийг илрүүлж урьдчилан сэргийлж чадаагүй бол Ванчин богдын цэрэг зэвсэгтэй нийлж, БНМАУ-ын тусгаар тогтнолд аюул учруулах байжээ.
Нэгэн зүйл. БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газраас дайн бослогыг Ванчин богдоос зуны дунд зургаадугаар сар гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бослогын толгойлогчоор томилогдсон Цэрэнжав Дамдин нарын 100 гаруй ламыг баривчилж дараагийн Самбуу дүвчин нарыг баривчлахаар бэлтгэж байхад нь Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг дайн бослогыг дөрөвдүгээр сард эхлүүлэх зөвшөөрөл өгч өрсөж эхлүүлснээс дайн бослогоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох боломж алдагдсан байна.
Нэгэн зүйл. 1932 оны дайн бослого, дүрвэлт нь гаднын удирдлага, нөлөөтэй байсан бөгөөд бүрэн бус тооцоогоор хоёр талаас 6000 гаруй хүний амийг хөнөөж 40000 гаруй хүнийг дүрвүүлсэн нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үндсэн шалтгааны нэг болж 1932 оны бослогод бэлтгэсэн, оролцсон цуурхал тараасан хэргээр 1937 онд 18000 лам нарыг цаазалж хэлмэгдүүлжээ. 1990 онд УДШ, УЕПГ-аас гадаадын тагнуул, дайн бослогын нууцудирдагч Ёнзон хамба, Ц.Лувсанхаймчигийг цагаатгахын тулд түүний гэмт үйлдлийг элдэв аар саар шалтгаар үгүйсгэж цагаатгасан ньөнгөрсөн үеийн хуулийн дээд байгууллагын зөв шийдвэрийг хүчингүй болгож эрхээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, түүх гуйвуулсан асуудал мөнийг 50 гаруй жил судалсан, хэн ч үгүйсгэж чадахгүй баримтад тулгуурлан нуун дарагдуулж, нууцалж тэвчихгүй байгаа юм.
Нэгэн зүйл. Цагаатгалын ажлыг шуурхай болгосон нь сайшаалтай боловч, гадаадын тагнуул, бослогын нууц удирдагч Ц.Лувсанхаймчигийг тийм гэмт үйлдэлгүй дээд ангийн лам нартай адилтган хамруулж компанчилж цагаатгасан нь алдаа завхралд хүргэсэн байна.
Нэгэн зүйл. 1936 оны аравдугаар сард Ванчин богдын даалгавар захидалтайгаар аграмба Чойжилсүрэнгийнд үхэр жил (1937 онд) Ардын нам засгийг устгахаар ирж есөн сарын турш шахаж шаардаж байсан тагнуул С.Батаа буюу Намжил-дэндэвийг, 1932 онд бослогын харгис хэрцгий жанжнаар алдаршсан, баривчлагдахгүй оргож, ял завшин, уул модонд таван бүгж, 20 лам гурван тайжийг уруу татаж эсэргүү бослогод бэлтгүүлсэн, тэднийг цаазлуулсан, давтан үйлдэлтэй Б.Баасан (Баасанжав), 1932 онд Самбуудүвчинтэй хамт дөрвөн сарын хугацаанд бослогын идэвхтэй толгойлогчийн нэг байхад оргож баривчлагдахгүй ял завшсан, дахин бослогод бэлтгэхийг санаархсан Б.Содов, гадаадын тагнуул Ц.Лувсанхаймчиг нарыг хууль зөрчиж цагаатгасныг шинэ нөхцөл байдал судалгаагаар илэрснийг УЕПГ-т таван удаа захидал өргөдөл бичиж хянуулах гэсэнд алдаатай шийдвэрээ зөвтгөөд байгаа нь цагаатгалын ажилд алдаа дутагдал араасаа дагуулахгүй ажиллах хүсэл зорилго байхгүй болж гэж үзэж шүүмжлэлтэй хандахад хүргэв.
Нэгэн зүйл. БНМАУ-ын 1921-1990 оны түүхэнд эсэргүү босогчид бол гадаадын эзэрхэг түрэмгий харгис японы удирдлага бүхий Ванчинтай холбоо хэлхээ байгуулж өөрийн тусгаар тогтносон хувьсгалын улсын засгийг устган унагаж хуучин феодалын засаг байгуулах зорилтыг тавьж зэвсэг барин боссон феодал лам нарын бослого байсан гэж бичдэг байв. 1990 оны УДШ, УЕПГ-ын тогтоол шийдвэрт гаднын удирдлагагүй, ардын нам засгийн бодлогын алдаанаас үүссэн шашны мөр хөөсөн лам, сүсэгтэн (ардын)-үүдийн бослого байсан гэж Ванчин богд, Ёнзон хамба нарыг өмгөөлж түүх гуйвуулснаас “Ардын бослого” хэмээн 1921 онд Ардын хувьсгал ялуулсан ард түмнээ гүтгэн гутаасан түүхтэй болсноо засч залруулмаар байна.
Нэгэн зүйл. 1932 оны дайн бослого нь 12 нэртэй болсон учраас ОХУ-ын түүхч доктор С.Л.Кузьмин олон улсын иргэний дайны жишгээр Иргэний дайн гэж нэрлэх санал дэвшүүлсэн, Ванчин богд өөрөө “Шамбалын дайн” гэж нэрлэснийг үндэслэн “Шамбалын дайн” их нэг нэртэй нэгдсэн ойлголттой болох саналыг дэвшүүлж байна.
Нэгэн зүйл. Сүүлийн жилүүдэд 1932, 1937 оны дайн бослогын тухай бараг бүх сонинд захидал нийтлэл бичиж гурван ном хэвлүүллээ. Одоо “Шамбалын дайн ба Халх голын дайн” номыг уншигч танд барих гэж байгаа тул уншигч судлаач, түүхч, хуульчид сонирхон судалж, өвгөн судлаачийн оноо, алдааг тунгаан ялгахыг хүсч хүлээнэм.
Нэгэн зүйл. 2011 онд Ц.Шинэбаяр тэргүүтэй хүмүүс МАН (МАХН)-ын нэр хүндийг ашиглах зорилгоор Монголын Алдарт Хувьсгалчдын Нам (МАХН) Монголын Алдартай Хувьсгалт Нам (МАХН) байгуулахаар УДШ-д бүртгүүлсэн нь улмаар Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) нэртэй болж нэг намын хоёр нэрийг шинээр байгуулсан намд давхардуулан олгож хууль зөрчсөн нь түүхэнд завхрал, чирэгдэл учрууллаа. Монгол Улсын түүхийг бичихдээ 1924-2011 оны МАХН-ын 2011-2017 оны намаас ялгахын тул (1960, 2015 он) гэх мэтээр зүүлт хийж бичдэг боллоо. 2017 онд дахин нэг МАХН байгуулж учир нь олдохгүй болов. Иймээс залуу үеэ төөрөгдүүлэхгүй, түүхээ ойлгомжтой болгохын тулд МАХН нэрийг хүчингүй болгож, өөр нэртэй болгож УДШ алдаагаа засч залруулахыг судлаач түүхчид шаардаж хүсэн хүлээж байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин