Монгол ардын намын дүгнэлт

2014 оны 7 сарын 02

Монгол Улсын Засгийн газар 2013 оны төсвийг эдийн засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг харгалзалгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтаа зохих төвшинд явуулж чадсангүй. Үүний улмаас улс орны эдийн засаг хүндэрч, төсвийн орлого анх төлөвлөснөөс 1,3 их наяд төгрөгөөр тасарсан, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урьд өмнө байгаагүй буюу 50 хувьтай гарсан, төсөв, санхүүтай холбоотой хууль тогтоомж, журмыг ноцтой зөрчсөн олон “шинэчлэлийг” Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар үзүүллээ.

Монгол Улсын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг нягтлан үзэж, холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл, дүгнэлтийг судлан үзээд УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дараах ДҮГНЭЛТ хийж  байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-т заасан “Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно”, УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолын 4-т заасан “...Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн зүйл, заалтыг ноцтой зөрчиж, хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлуулаагүй, нийгмийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэмбэлсэн нэгдсэн төлөвлөгөө гаргаагүйн улмаас төсвийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл туйлын хангалтгүй үр дүнтэй гарлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 425,8 тэрбум төгрөгөөр хасаад байхад дахин 336,5 тэрбум төгрөгөөр санхүүжилт тасалдсан. Хэрэв төсөвт хасах тодотгол хийгээгүй тохиолдолд гүйцэтгэл 50,8 хувьтай гарч байгаа юм. Түүнчлэн 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтын төлөвлөгөөг 221,8 тэрбум төгрөгөөр баталсан боловч 154,6 тэрбум төгрөг буюу 69,7 хувийн биелэлттэй гарсан нь Засгийн газраас хийгдэх санхүүжилт их хэмжээгээр тасалдсан, нөгөөтэйгүүр ажлын хариуцлагатай шууд холбоотой гэж үзэж байна.
  2. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг  2,2 - 558,3 сая төгрөгөөр, 11 төсвийн ерөнхийлөн захирагч гадаад зочны зардлыг нийт 1 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан төсвөө хэтрүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 14.3.-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг ... Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Ерөнхий сайдын Н.Алтанхуягийн хэлж ярьдгаар "Тансаг хэрэглээ, дайлга цайллагын зардлыг багасгана, жилд 2-оос илүүгүй гадаадад аялахгүй, амралтын өдрүүдээр ч ажиллана" гэсэн амлалтаа умартаж, ам ажлын зөрүүг амьдрал дээр харууллаа. Ард түмэн бүсээ чангалж хямралыг хохирол багатай давахыг хичээж байхад эрхтэн дархтангууд татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгааг УИХ дахь Монголын Ардын Намын бүлэг эрс буруушааж байна.
  3. Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нь хэрээс хэтэрлээ. Засгийн газрын  2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгаа нь судалгаагаар батлагджээ. Эдгээр эрх мэдлээ хэтрүүлсэн нэг албан хаагч тутамд 3,3 сая төгрөгийн зардал гаргасан гэсэн тооцоо гарч байна. Түүнчлэн төсөв санхүү хүндрэлтэй байгаа үед албан тушаалтнууд хэмнэлтийн бус тансаг хэрэглээг илүүд эрхэмлэн 100 км тутамд 17 литр шатахуун хэрэглэдэг нэг бүрийн үнэ нь 52,1-354,5 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг худалдан авахад зориулж 20,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Төрийн албанд сүүлийн 3 жилд худалдан авсан нэг бүрийн үнэ 83 сая төгрөгөөс дээш өртөгтэй автомашин нийт 61 ширхэгийг худалдан авснаас  зөвхөн 2012 онд 22 ширхэг, 2013 онд 29 ширхэгийг авсан байна. Энэ нь эрх баригчид төсвийн хөрөнгөөр хэрхэн тансаглаж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.
  4. Монгол Улсын 2013 оны төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Энэ нь шинэчлэлийн гэх Засгийн газрын хариуцлагагүй, хуулиар үүрэг болгосон хөтөлбөр, арга хэмжээг зөв, оновчтой, зохион байгуулж ажиллаж чадахгүй байгаагийн тод илрэл. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн тодотголтой Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хамаарах эрхлэх хүрээний ажлаа зохих төвшинд явуулж чадахгүй, хариуцлагагүй ажилласны илэрхийлэл гэж Монгол Ардын Намын бүлэг үзэж байна.
  5. Монгол Улсын Засгийн газрын өр төлбөрийн хэмжээ 2013 онд 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж 17,7 их наяд төгрөгт хүржээ. Үүнийг дагаад улсын төсөвт ирэх ачаалал ч хэд дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, зээлийн үйлчилгээний зардал 2011 оны гүйцэтгэлээр 37,3 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гүйцэтгэлээр 270,4 тэрбум төгрөгт хүрч 2011 онтой харьцуулахад 7,3 дахин нэмэгджээ. Зөвхөн "Чингис" бондын хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3,1 дахин их мөнгө төлсөн нь улсын төсөвт хэр хэмжээний ачаалал бий болгосны тод илрэл.  Нөгөөтэйгүүр зээл нэмэгдсэн хэрээр ард түмний амьдрал, аж ахуйн нэгжийн орлого сайжирсангүй,  харин ч бүр эсрэгээрээ иргэдийн цалин хөлс наад захын хоол хүнсэндээ хүрэлцэхээ байж, 24000 гаруй аж ахуйн нэгж байгууллага 2013 онд үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоосон, улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн үр дагавар ажиглагдах боллоо. Монгол Улсыг өрийн дарамтад оруулан гадаад өр төлбөрийг нэмэгдүүлэн босгосон "Чингис" бондын хөрөнгийг төсвийн гадуур хяналтгүй, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжигдсан “Гудамж” төсөлд зарцуулсан 46,97 тэрбум төгрөгийг аль ч төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд тусгагдаагүй байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т заасан “санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах;” мөн 6.3.4.-т “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх”, мөн хуулийн 49.3.-т “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Улсын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 49,9 хувьтай тэнцүү гэж гаргасан нь үндэслэл муутай байна. Учир нь валютын ханшийг багаар тооцож, өнөөгийн үнэ цэнд шилжүүлэх хүүг мөн бодит байдлаас өндрөөр тооцох замаар улсын өрийн хэмжээг тооцооллын аргаар багасгаж гаргасан гэж үзэж байна. Бодит байдал дээр улсын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 61 хувьтай тэнцүү байгаа юм.

 

  1. Монгол Улсын Засгийн газрын бүтэц хэт данхайж, шинэчлэл нэрээр 2012 онд 19 яам байгуулан төрийн албан хаагчдын тоог 13602-оор нэмэгдүүлсэн ч 2013 онд дахин 6541-ээр нэмэгдүүлжээ. Энэ нь төрийн бүтцийг улам данхайлгаж, ажлын давхардал, хүнд суртлыг ихэсгэхийн сацуу төсвийн урсгал зардлыг ч өсгөж байна. 2013 онд зөвхөн нэмэгдсэн орон тооны цалин, НДШ-ийн зардалд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарч байна. Эдгээр албан хаагчтай холбоотой бусад төсвийн урсгал зардлыг нэмж тооцвол Засгийн газрын хэт данхайлгасан бүтцээр их хэмжээний зарлага, санхүүжилт гарч байгаа нь тодорхой байна. Засгийн газрын энэхүү шийдвэр нь Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.4.1.-т заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчин татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн нэг илрэл юм.
  2. Монгол Улсын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын тайланг үзэхэд үндсэн хөрөнгийн бүртгэл тайлагналт урьд хожид байгаагүйгээр 33,3 хувиар нэмэгдэн 6767,8 тэрбум төгрөгөөс 9018,8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Эдгээр өсөлтөд тээврийн хэрэгсэлд 57,3 тэрбум, тавилга эд хогшилд 44,6 тэрбум, барилга байгууламж, машин тоног төхөөрөмжөөс бусад үндсэн хөрөнгөд 1496,6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан нь их хэмжээний ажил албан тушаалын орон тоог бий болгож, тэдгээрт зориулан хөрөнгө худалдаж авсантай холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, 2013 онд бага үнэтэй, түргэн элэгдэх эд зүйлст төсөвлөсөн зардал 743,3 сая төгрөгөөр хэтэрсэн байна.
  3. Ахмад настнуудад үзүүлэх төрийн анхаарал халамж 2013 онд суларсан гэж бид үзэж байна.  Тухайлбал,  Монгол Улсын төсвийн зарлагын гүйцэтгэлд төрийн байгууллагын нэг удаагийн тэтгэмж урамшуулалд 107,1 тэрбум төгрөг төсөвлөж 106 тэрбум төгрөг буюу 98,9 хувийн гүйцэтгэл, төрийн бус байгууллагад олгох хандив, тусламжийн зардал төсөвлөсөн 6,97 тэрбум төгрөгийг 100 хувь олгосон байна. Гэтэл тэтгэврийн нөхөн олговорт төсөвлөсөн 95,5 сая төгрөгөөс 22,1 сая төгрөг буюу 22,8 хувийг нь зарцуулжээ. Мөн ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлтөд 2689,1 тэрбум төгрөг төсөвлөснөөс 725,5 сая төгрөг буюу 27 хувийг дутуу санхүүжүүлсэн байгаа нь ахмад настнуудад үзүүлэх анхаарал, халамж суларсныг илтгэж байна.
  4. Монгол Улсын Ерөнхий сайд 2013 оны төсөв батлагдах үед нэг жилийн хугацаатай өөртөө зориулсан хууль батлуулан 50 тэрбум төгрөгийг өөрийн багцад суулгасан хэдий ч тус хөрөнгийн тайланд өнөөдрийг болтол аудит хийгдээгүй байна. УИХ-ын гишүүдээс шаардсан ажил үйлчилгээтэй холбоотой баримт материалыг гаргаж өгөхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй юм. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчид өөрийн багцад тавигдсан төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 16,8-86,5 хувийн биелэлтийг үзүүлсэн нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга, байгууламж дутуу орхигдох, төсвөөс эдийн засагт оруулах бодит дэмжлэг үзүүлж чадаагүйн нэг илэрхийлэл болж байна.
  5. Монгол Улсын 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын ажил үйлчилгээг гүйцэтгэсэн олон зуун аж ахуйн нэгж байгууллага ханшийн өсөлтөөс алдагдал хүлээсэн. Үүгээрч зогсохгүй 2013 оны төсвөөс санхүүжилт авах ёстой 303 аж ахуйн нэгжийн 186 тэрбум төгрөгийг Засгийн газар он дамжуулан, хүнд суртал үзүүлэн вексель гарган санхүүжилтийг нь олгох нэрээр нийт 930 сая төгрөгийн шимтгэл суутган авч хохироосон байна. Гэтэл төсвийн захирагч нар төсөв хүндрэлтэй байгааг мэдсээр байж татвар төлөгчдийн мөнгийг ажил үйлчилгээ явуулаагүй аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь олгож улсын төсвийн авлагыг 77,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Энэ нь эрх баригчид төсвийн хөрөнгөд хэрхэн үрэлгэн байдлаар хандаж байгаагийн нэг жишээ гэж үзэж байна. Төрийн хөрөнгийг бусдад зүгээр ашиглах боломж олгосон төсвийн захирагч нартай хатуу хариуцлага тооцож ажиллахыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг шаардаж байна.

Иймд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журам зааврыг ноцтой зөрчиж Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хангалтгүй биелүүлсэн гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дүгнэж, дараах асуудлуудыг Улсын Их Хурлаас гарах тогтоолын төсөлд тусгах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

  1. Засгийн газар хэмнэлтийн горимд шилжин зарим чиг үүрэг нь давхардаж буй яамдыг татан буулгаж нэгтгэж, нийлүүлэх замаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 9 хүртэл байхаар цөөлөн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д нэн яаралтай өргөн барих;
  2. Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бонд зарцуулалтыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах арга хэмжээг яаралтай авах;
  3. Өнөөгийн үнэ цэнээр улсын өрийг тооцсон тооцооллыг дахин нягтлан, зээл тус бүрээр УИХ-д танилцуулах;
  4. Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын тайлангаар илэрсэн зөрчил дутагдалд тавигдсан акт, дүгнэлт зөвлөмжийг хангаж буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцож, үр дүнг 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах;
  5. Засгийн газрын  2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтны хэрэглэж байгаа автомашиныг борлуулж төсөвт орлого оруулах;
  6. Аудитын дүгнэлтэд 157 тэрбум төгрөгийн төсвийн зөрчил гаргасан 100 гаруй албан тушаалтантай хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд тайлагнах;
  7. Засгийн газрын тусгай сангийн зарцуулалтанд аудитын дүгнэлт гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд тайлагнах;
  8. Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох;
  9. Улсын Их Хурлын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоол болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох;
  10. Ерөнхий сайдын зарцуулсан 50 тэрбум төгрөг, “Гудамж” төслийн 47 тэрбум төгрөг, Чингис бондын эргэн төлөгдөхгүй нөхцлөөр зарцуулж буй хөрөнгийн хэсэгт санхүүгийн гүйцэтгэлийн болон үр дүнгийн аудит хийлгэх
  11. Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 28.8 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох;
  12. Санхүүгийн хяналтыг сулруулж, өр авлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох.

 

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5286
0 эможи
keyboard_arrow_up