Дээд шүүх МАХН-аас О.Баасанхүү гишүүнийг хөөх заалтыг хүлээж авах боломжгүй гэсэн
МАХН-ын гишүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн "МАХН-аас УИХ-д ганцхан О.Баасанхүү гишүүн байгаа. Түүнийг МАХН-аас хөөсөн гэх мэдээлэл сүүлийн үед гараад байна.
10 дугаар сарын 30-нд МАХН-ын Бага чуулган хуралдаж, дүрмэндээ гишүүдийг намаас хөөх өөрчлөлт оруулсан. Ингээд Дээд шүүхэд уг заалтыг баталгаажуулах хүсэлт гаргасан. Өчигдөр Дээд шүүх МАХН-ын хүсэлтийг хэлэлцлээ. МАХН-аас гишүүн хөөх заалтыг эсэргүүцэж намын гишүүд гомдол гаргасан юм. Шударгаар санал бодлоо хэлж буй намын гишүүдээ илт үл ойшоож байна.
Дээд шүүх МАХН-аас гаргасан намаас гишүүн хөөх заалтыг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн.
МАХН Их чуулганаа хийлгүй долоон жил боллоо. Дүрмэндээ хоёр жил тутамд Их чуулганыг зарлан хуралдуулах ёстой.
Энэ асуудлыг бид 10 дугаар сарын 17-нд тавьсан боловч өдий хүртэл хүлээж аваагүй. Харин эсрэгээрээ намын дүрмэнд өөрчлөлт оруулж шаардлага тавьсан хүмүүсийг намаасаа хөөнө гэсэн өөрчлөлтийг намын дүрмэндээ оруулах гэсэн. Намын Бага чуулганы 120 гишүүн хуралдаад МАХН-ын Их чуулганыг 12 дугаар сарын 9, 10-нд хуралдуулах шийдвэр гаргасан." хэмээлээ.