МАН: Сонгуулийн тухай хуулиар ажлын хэсэг байгуулна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус намын бүлэг өнгөрсөн хоёр долоо хоногийн турш хуралдаагүй юм. Үндсэндээ намынхаа Их хурлаас хойш УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр л хурлаа зарлажээ.
Хурлаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах аж. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх юм байна.
Сануулахад, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийх байсан ч тус намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан билээ. Тус хуулийн төслийг баталснаар төрийн албыг улстөржүүлэх нь гэх шүүмжлэл нийгэмд гараад байгаа. Иймээс энэ асуудлыг нухацтай авч үзэх ёстой гэж МАН-ын бүлгийн зарим гишүүн үзэж буй юм.