МАН-ын XXVIII их хурлын талаар мэдээлэл хийлээ
МАН-ын 28-р их хурал өнгөрсөн долоо хоногт даваагаас пүрэв гариг хүртэл үргэлжилж, намын даргаа сонгож, дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан. Үүний дараа тус намын Бага хурал хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга болоод Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилоод байгаа. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Намын Удирдах зөвлөл, Бага хуралд өөрчлөлт оруулсан. Удирдах зөвлөл 33 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 29, Бага хурал 310 гишүүнтэй байсныг 369 болгосон эмэгтэйчүүдийн квот 25 хувь байсныг 30 болгож өөрчиллөө. Хичээн эрмэлзэх зүйлийг гурван бүлэгт хувааж эрх чөлөө тусгаар тогтнол, Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа манай намын уугуул үнэт зүйл гэдгийг шударга ёс хариуцлагыг үйл ажиллагааныхаа зарчим болгож тунхаглаж байгаа. Хүнд суртлыг багасгаж төрийн үйлчилгээг бий болгох, иргэдээ ажлын байраар хангах чиглэлд хариуцлагатайгаар шийдвэр гаргахыг эрмэлзэхээр орууллаа. Эв нэгдэл, итгэл зүтгэл, үндэсний язгуур эрх ашиг манай намын үзэл баримтлал байхаар тунхаглаж байгаа." хэмээлээ.