У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдож, нам, засаг хоёр “найзлав”
МАН-ын XXYIII Их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Гэхдээ тус Их хурал айдаггүйгээ авдрандаа хийж, тавьсан зорилгоо үндсэндээ биелүүлчихлээ. Энэ Их хурлын гол зорилго Намын даргаа сонгох явдал байсан.
МАН-ын хувьд эдүгээ эгзэгтэй хүндхэн сорилтын цаг үед байгаа. Нам нэгдмэл байдлаа алдсан, хоёр талд хуваагдсан, үл ойлголцол үүл мэт хөшиглөж байгаа ийм үед намын дарга болно гэдэг хүсээд байх ажил биш. Хандсан зүг нь өөр өөр, эрх ашгийн эрэмбэ алдагдсан, үзэл санаа үнэт зүйлсийн хэмжүүр хэлтийсэн ийм үед намыг атгасан шагай шиг хурааж хумих, алдагдсан нэр хүнд, үргэсэн итгэлийг эргэж дуудах тэр хүн хэн байх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал байлаа.
МАН бол эрх баригч нам. Тэр утгаараа Монголын төрийн бодлогыг тодорхойлоход намын оролцоо нөлөө асар их. МАН-ын дарга хэн байхаас энэ бүхэн шууд хамааралтай. Шинээр сонгогдсон дарга 2020 оны сонгуульд намаа удирдан оролцох үүрэгтэй. Наана нь 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, хэлсэн бол хийдэг гэдгээ ард түмэндээ нотолж, дундарсан итгэлийг нь эргээд дүүргэх хүндхэн бөгөөд хариуцлагатай үүргийг шинээр сонгогдох дарга түүчээлэх ёстой. Товчхондоо МАН гэдэг ууган хүчин улстөрийн тайзан дээр эрвэлзэх үү, элгээрээ хэвтэх үү гэдгийг тодорхойлно. Монголын хамгийн том улстөрийн намын дарга гэсэн тодотгол даанч урамтай ч ямбыг нь эдлэхээсээ илүүтэй ялыг нь үүрнэ. Ийм хүндхэн хариуцлагын өмнө өөрийгөө сорьж МАН-ын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын төв аппаратын ажилтан Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байсан билээ. Харин Ерөнхий сайдын хувьд өөрийнх нь хэлснээр намын даргад “итгэл төгс өрсөлднө” гэж байсан ч өчигдөр Их хурлын үеэр Ц.Нямдорж түүний нэрийг албан ёсоор дэвшүүлсэн юм. Сценари нь ийм байсан ч У.Хүрэлсүхийн хувьд намын даргад өрсөлдөх нь Ерөнхий сайдын албан тушаалаас нь ч илүү утга учиртай болчихсон байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй байв.
Хэрэв тэр МАН-ын дарга болбол түүний тэргүүлсэн Засгийн газрын нас уртсах гарцаагүй гаргалгаа байв. Засгийг намтай зангидаж байж зангарагаа хангана гэсэн түүний тооцоо бас буруу биш. Эрх мэдлээ гартаа төвлөрүүлж баймаажин энэ намын хожмын хувь заяанд хийморийн дарцаг хийсгэх холын санаа байгаа биз ээ.
Өчигдөр үдээс хойш эхэлсэн хуралдаан дээр МАН-ы даргад нэр дэвшүүлэх үеэр Н.Дэмбэрэл намын дэргэдэх залуучуудын байгууллага-НАМЗХ-г татан буулгах саналаа илэрхийлэхийн хамт У.Хүрэлсүхийг дэмжихийг төлөөлөгчдөд уриалаад нэрээ татсан. Архангайгаас сонгогдсон төлөөлөгч нутгийн дүү Ж.Мөнхбатын нэрийг намын даргад нэр дэвшүүлсэн ч тэрбээр мөн нэрээ татсан. Ингээд өрсөлдөөн Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нарын дунд өрнөхөөр болж нэр дэвшигчид өөрсдийн зорилт хөтөлбөрөө төлөөлөгч нарт танилцуулсан юм. Энэ үеэрээ У.Хүрэлсүх УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө Ж.Мөнхбатааас уучлалт гуйсан бол Д.Хаянхярваа намын ажлыг Засгаас тусад нь байлгах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Нэр дэвшигчдээс төлөөлөгчид асуулт асууж, байр суурийг нь илүү тодотгох хүсэлтэй байсан ч Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч Золбоо заалнаас санал гаргаж, “хоёр нэр дэвшигчийнхээ хөтөлбөртөө танилцлаа. Төлөөлөгчид бүгд энэ хоёр хүнийг сайн мэднэ. Тийм болохоор шууд санал хураалтдаа ороё гэсэн санал гаргснаар олонхийн дэмжлэг авсан юм.
МАН-ын даргын сонгуулийн тооллогын комиссыг 31 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, бүх аймаг, дүүргийн төлөөллийг жигд оролцуулжээ.
Намын энэ удаагийн Их хуралд 1309 төлөөлөгч сонгогдсон ч зарим нэг учир шалтгааны улмаас 1283 төлөөлөгч оролцож санал хураалтад оролцсон юм.
Эхлээд намын Удирдах зөвлөлийн гишүүд, дараалаад УИХ-ын гишүүд болон аймаг дүүргээс сонгогдсон төлөөлөгчид цагаан толгойн дарааллаар саналаа өгцгөөсөн.
Ингээд санал хураалтын дүн орой20 цаг өнгөрч байхад тодорхой болж дүнг танилцуулав. Санал хураалтаар нэр дэвшигч У.Хүрэлсүхийн төлөө төлөөлөгчдийн 63 хувь нь санал өгч дэмжижээ. Харин Д.Хаянхярваагийн төлөө 47 хувь нь хувь нь санал өгсөн байв.
Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын төлөө сонгуульд ялалт байгуулж сонгогдлоо. Ингэснээр түүний хувьд Ерөнхий сайдын ажлыг намын даргын ажилтай хавсран хийхээр болж байна. Тус намын дүрэмд Намын дарга нь Ерөнхий сайд байж болох тухай заалт бий. Одоо энэ шалгуур хангагдаж нам, засаг хоёр У.Хүрэлсүхийн гарт “найзлах” болж байна. Ямартай ч тэр хүссэндээ хүрлээ. Одоо түүний хийж бүтээх, улс орны төлөөх томоохон шийдэл гаргахад саад тээг үндсэндээ үгүй болж байна. Гишүүд нь нэгэнт итгэл хүлээлгээд сонгочихсон болохоор УИХ дахь олонхийн бүлэг ч үлдэж буй хугацаанд Засгаа тогтвортой ажиллуулж, дэмжиж туслах бизээ.
П.Булган
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн товч намтар
Боловсрол:
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2017 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа