МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ
МАН-ын Их хурал тун эгзэгтэй цаг үед хуралдаж байна. Нам доторх хурц хямрал, удирдлагууд хоорондын толхилцоон, түүнээс үүдсэн том хуваагдал, товчхондоо их шившигийн дараа цээжиндээ цэртэй ууртай гишүүд нь цуглаж буй нь энэ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд 65 суудал авсан тэр өдрүүдэд баяр бахдал нь багтаж ядан байсан МАН-д “дайсан” үгүй байв. Улс төрийн том соёл үзүүлж сөрөг хүчин хүртэл гүн хүндэтгэлтэйгээр мэхийж байлаа. Ялалтын оргилуун дарс ямба хуваарилах ажлаар үргэлжлэх үеэс бага оврын үймээн самуун зохион байгуулах ажиллагаа эхэлсэн нь анзаарагдах болов. Энэ ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “үр дүнд хүрэх” төлөвлөгөөтэй байсан юм билээ. Учир нь “үймээн дэгдээгчдэд” ялалтын эздийг түлхэн зайлуулах ганц боломж үлдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал амсуулах явдал байсан. Ингээд түүндээ ч хүрч намын дарга М.Энхболдын өмнөх амжилтыг арчиж ялагдлын эзэн болгов. Үүндээ хүч нэмж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “Ордны хуйвалдаан”-ы аргаар түлхэн унагаснаар түүнийг зайлуулах шалтагийг нэмлээ.
Одоо 65 гишүүнтэй бүлгийг хоёр хувааж чадсан тэр “алдарт” сүх, өнөөдрийг хүртэл МАН-ыг бүхэлд нь хоёр хувааж чадаад байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Намын даргын тамгыг гардах л дутуу байна. Гэхдээ түүнд өрсөлдөгчид, Намын даргыг сонгох эрх бүхий намын Их хурлын гишүүд түүнээс арай өөрөөр харж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд ил, далд болсон уулзалтуудаас харлаа.
Намын Их хурлын гишүүдийн дийлэнх нь аймгийн Засаг дарга нар болон МАН-аас Төрийн өндөр албанд томилогдон ажиллаж буй билээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Намын даргаар сонгогдоход нь дэмжиж саналаа өгөх бичигдээгүй “тэнсэнтэй” гэсэн үг. Харин яг одоогоор буюу өнөө өглөөний байдлаар бол МАН-ын Их хурлын гишүүд аль болох хүчээ нэгтгэж “эрсдэлтэй” нүүр тулъя гэсэн зоригтой болоод байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн гурав хоногт МАН-ын даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдвол ямар гээчийн дарамт шахалт, улс төрийн соёлгүй, бүдүүлэг, “ширэнгэн ойн зарчим” дор ажиллаж 2020 оны сонгуультай золгохоор хоног тоолон хүлээх вэ гэдэг тэр бүүдгэр ирээдүйг ярилцаж ийм байдалд хүрэхгүй байх гарцыг тооцоолжээ.
Энэ гарц нь Ж.Мөнхбат тэргүүтэй хэсэг улстөрч “шинээр нам байгуулъя, яадгийм” гэсэн зоримог боловч эрдэлтэй шийдвэр бөгөөд удтал ярилцсаны дүнд эрсдэл хийхэд алдах юмгүй гэсэн шийдэлд хүрчээ. МАН-ын Бага хурлын үеэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход түүнд хууртаж хайрцаглагдаж байсан хүмүүсээс ч цөөнгүй нь энэ зоримог шийдэлд саналаа нэгтгэсэн байна. Шалтгаан нь өнгөрсөн 50 орчим хоногийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлд итгэлд үлдээсэн мөр нь хийж бүтээсэн ажил гэхээсээ илүү ерөөсөө л нам доторх “дажинаа” үргэлжлүүлсээр байсан явдал гэж тэд үзжээ. УИХ-ын чуулганы танхимд, УИХ-ын дарга, МАН-ын даргыг ч үл тоомсорлон хэрүүл хийж, нэгэн цагт “Хэрэг эрхлэх газрын дарга аа”, “Намын ерөнхий нарийн бичгийн дарга аа” гэж явсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг элдвээр дуудаж шоронд хийнэ гэж хүртэл хашхичиж суусан тэр Ерөнхий сайдыг Намын дарга болгож суудлыг нь бэхлэх нь хэр аюултай вэ гэдгийг Намын их хурлын гишүүд “эрх мэдэл өөрсдийнх нь гарт” байгаа энэ гурван өдөр эргэцүүлжээ.
Тэр ч байтугай “Ерөөсөө 65-ын бүлэг яагаад хоёр хуваагдав. Хэн хуваав” гэдгийг ч хэлэлцсэн байна. Ц.Нямдорж гишүүний “сэрэмжлүүлэг” мэт телевизээр яриад байгаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болсон МАН-ын Удиирдах зөвлөлийн хуралд гүйж орж ирээд “Би Шадар сайдын ажлаа өгнө” гэчихээд хаалга саван гарч явсан тэр өдрөөс үү. Эсвэл түүний “Херо” студийн найруулагч Б.Баатартай ярьсан бичлэгээс ойлгогддогоор Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний талд ажилласан үеэс үү. Ямар ч байсан тэр өдрүүдэд “У.Хүрэлсүхийн хүмүүс” хэдийнэ “хайрцаглагдчихсан” байв. Улмаар Засгийн газрыг унагасан. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид нүдэндээ итгэмгүй тийм эмгэнэлт жүжгийг нүдээр үзэж “шоконд” орж байлаа. Үргэлжлэл нь өнөөдрийг хүртэл эвлэхгүй байгаа МАН-ынхны өнөөгийн дүр зураг. Шүүх, цагдаа, прокурорыг өөрийн тал болгосон сөрөг хүчнийхэнд ердөө л ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд “атгуулчихаад” намын нөхдөө шоронгоор айлгаж байна. Ийм даргатай хаа хүртэл явж, 2020 он хүртэл хэдийгээ шоронд хилсээр явуулж, хэн хэн МАН-ыг удирдах гээд байна вэ.
Ийм л сэтгэлзүйтэйгээр өнөөдрийг хүртэл хоног тоолон бачимдаж явсан МАН-ын Их хурлын гишүүд энэ өглөөг угтаж байна. Өнөөдөр л У.Хүрэлсүхийн гарт намаа өөрсдийн гараар атгуулбал маргаашаас түүнд шүүмж хэлэх нь байтугай дараагийн Их хурлыг хуралдуулъя гэсэн нь хүртэл “дайсан” нь болно. Тиймээс айсуй дарангуйллын аянгыг зайлуулах ганц арга нь нэг бол У.Хүрэлсүх л биш бол хэнийг ч атугай Намын даргаараа сонгох, эсвэл МАН-аас нам төрүүлэх явдал гэж үзэж байна. Тэртэй тэргүй хуваагдсан намаа тусад нь гаргаж шинэ нам төрүүлж гэмээнэ хагалан бутаргах биш харин ч намаа аварсан хэрэг болно гэдгээ ч намын дунд болон анхан шатныхантайгаа зөвлөлдөөд ирсэн бололтой. Ийнхүү МАН У.Хүрэлсүх гэдэг даргатай болох, эсвэл Ж.Мөнхбат нарын байгуулсан шинэ нам төрөх гэсэн аль нэг замыг сонгосноор энэ удаагийн Их хурал түүхэнд үлдэх нэгэн шинэ сонинтой болж өнгөрөх нь. Хүчирхийлэл л хүчирхийллийг төрүүлдэг гэдэг энэ буюу.