МАН-ын дарга М.Энхболдын илтгэлийн 10 онцлох ишлэл

2017 оны 11 сарын 20

Arslan.mn

Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын намын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм.
  2. Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм.  Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал билээ.
  3. Намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байна. Эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуучуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “Намын эв нэгдлийн хөтөлбөр”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм.
  4. Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм.
  5. Монгол Ардын нам буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй.
  6. Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
  7. Засаглалын бүх түвшинд хариуцлага, сахилгыг чангатгаж, шударга ёсны зарчмыг чанд сахих, авлигаас ангид байх нь нам урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс мөн.
  8. Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм. Намын үүр, хороодын ажил гишүүд рүүгээ л чиглэх ёстой.
  9. Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Улмаар намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг төрөө засах, түмнээ амар түвшин болгох амин чухал асуудлыг шийдэх түлхүүр хэмээн  үзэж, энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллахыг уриалж байна.

10. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал,  Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино. Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
49929
1 эможи
keyboard_arrow_up