Ц.Нямдорж: Ерөнхий сайд нь намын дарга болдог жишгийг дагахгүй бол цааш явахгүй
Монгол Ардын Намын XXVIII Их хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж дууслаа. Мөн хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.
Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар санал хурааж дэмжигдлээ.
МАН-ын дарга М.Энхболд “Нэгэн зууны түүхтэй Монгол Ардын Намын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм.
Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа. Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудалд нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна.
Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье” гээд “Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдөгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон амжилт харуулсан юм” гэлээ.
Монгол Ардын Намын XXVIII Их хурал намын дарга М.Энхболдын улс төрийн илтгэлээр үргэлжилж байна. Энэ удаагийн Их хуралд нийт 1309 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 1074 нь намын анхан шатны төлөөлөл болж, 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлж байна.
Энэ үеэр МАН-ын их хуралд оролцож байгаа зарим гишүүд дараах байр суурийг сэтгүүлчдэд илэрхийрллээ.
Ц.Мөнх-Оргил: Бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлагатай тулгараад байна
Одоо бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлага байна. Монгол орны өнцөг булан бүрээс 1309 төлөөлөгч хүрэлцэн ирж, өнгөрсөн дөрвөн жилийн намын алдаа, оноогоо хэлэлцэнэ. Бид юун дээр алдва, яаж онов, ард түмэн МАН-аас юу хүлээж байна.
Энэ бүхнээ бид дахин эргэж харах хэрэгтэй. Эндээс намд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц олдоно. Намын дүрмээ чанад сахиж, ард түмэндээ өгсөн амлалтаа бид шат шатандаа дахин санах учиртай.
Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудалд манай намаас ямар байр суурь баримтлах юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал яаж тусгалаа олсон юм. Энэ бүхнээ бид эргэн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх чухал Их хурал болж байна гэж хэлмээр байна.
Ц.Нямдорж: Би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан
МАН-ын шинэчлэлээс Монголын цаашдын хувь заяа шалтгаална гэж харж байна. Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж бодож байна.
Одоо мөрдөгдөж байгаа намын дүрмээр бол “Хэрэв нам нь сонгуульд ялах юм бол Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг.
2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг.
Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан.
Н.Учрал: Эв нэгдэл хамгийн чухал байна
МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойшхи үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна.
Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна.
Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцож буй төлөөлөгчид хэдийгээр нийт ард түмэн биш ч гэсэн төлөөллийг хангахуйц ардчилал юм. Их хурлын хүрээнд намын дүрмийн шинэчлэл яригдаж байгаа нь бас их сайшаалтай. Намын гишүүд энэ тал дээр олон санаачлага гаргаж байгаа.
Р.Улам-Оргих