МАН-аас 14:00 цагт мэдээлэл хийнэ
Өнөөдөр 14:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд МАН-ын удирдлагууд энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд болох XXVIII Их хурлынхаа талаар мэдээлэл хийхээр болжээ. Тус намын их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцохоор сонгогдоод байгаа аж.
Тус намынхан энэ удаагийн Их хурлаараа намын шинэ даргын асуудлаа хэлэлцэх билээ. Өнөөдрийн байдлаар, тус намын даргад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, тус намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нарын нэр яригдаж буй юм. Ажиглагчдын үзэж буйгаар гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын дунд явагдах бололтой.
Нэр дэвшигч Н.Дэмбэрэл цахим хуудастаа “Миний бие ирэх долоо хоногт болох МАН-ын XXVIII их хурлаар сонгогдох Ардын намын даргад нэр дэвшин өрсөлдөж буй билээ. Би ялахгүй, гэхдээ үгээ хэлэх зайлшгүй цаг, хэрэгцээ ирсэн тул нэр дэвшиж байна.
Яагаад би ялахгүй вэ? Яагаад гэвэл бид Женко гэдэг "компани" ерөнхийлөгчтэй, Хурц гэдэг чекистийн толгойлсон "эрх баригч"-тай, албан хоёр ч (МАНАН) үнэндээ 10 гаруй жижиг эрх ашигт хуваагдсан УИХ-тай, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрийн гэх концепцгүйдээ, эх оронч гэдэг өөрөө ч үл ойлгох хийрхэлд итгэн ерөнхийлөгчөө даган шүтдэг болсон ийм нийгмийн гажуудсан тогтолцоонд ялах магадлалгүй ч яадын гэж сөрмөөр санагдсандаа нэр дэвшиж байна” хэмээн бичжээ.